МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчиллийн тэнхимийн эрхлэгч, профессор Ч.Сономдагватай агаарын бохирдол, утааны талаар ярилцлаа.
-Дахиад л утаа ихэссэн талаарх асуудал яригдаж эхэллээ. Та мэргэжлийн хүний хувьд жил бүр яригддаг энэ асуудлын талаар юу хэлэх вэ?
-Агаарын бохирдлын асуудлыг бид өвөл болохоор л яриад байгаа юм. Өвөл болохоор л гэнэт агаар бохирдчихоод байдаг. Иргэд өөрсдийнхөө ой санамжаар л дүгнэж буй нь тэр. Зунтайгаа харьцуулах ч юм уу, түрүү жилийнхтэй харьцуулдаг. Ер нь бол сүүлийн 30 жил агаарын бохирдол өндөр байгаа. 30 жил яг л энэ асуудлыг ярьж байна. Хамгийн сонирхолтой нь 30 жил үүнийг шинэ содон болгож яриад байгаад л учир байна. Угаасаа бид богино ой санамжтай болчихсон. Нэг асуудлыг нөгөө сенсациар дардаг. Үүнээсээ болоод мартчихдаг. Тэгээд гэнэт нөгөө асуудлуудаа ярихаар санадаг. Ямар сайндаа л их хурлын гишүүн асан М.Билэгт “Өвөл болохоор хүйтэн болдог” гэж хэлэх вэ дээ. Олон хүн дооглож, инээж байсан боловч яг үнэндээ зөв үг хэлж гэж би бодож байгаа. Манайхан мартчихдаг юм байна. Өвөл болохоор хүйтэн болдог, өвөл болохоор утаатай болдог, түгжирдэг. Энэ бол бидний сүүлийн 30 жил амсч байгаа зовлон, бэрхшээл, тулгамдсан асуудал.
-Үүнийг яаж шийдвэрлэх ёстой вэ?
-Бид 20, 30 жилийн өмнөөс үүнийг олж хараад бууруулах арга зам, шийдэл рүү орсон бол одоо ийм байдал руу очихгүй байх байсан. Дандаа гал унтраах маягаар богино хугацааны төлөвлөлтөөр хийсэн учраас бид том үр дүнд хүрч чадаагүй. 1980 хэдэн оны кино байна шүү дээ. “Гэрлэж амжаагүй явна” гээд кинон дээр л шахмал түлшний үйлдвэр ярьж байсан. 30, 40 жилийн дараа тэр нь ажил хэрэг болж байна шүү дээ. 1989, 1990 онд яригдаж байсан Тавдугаар цахилгаан станц одоог хүртэл баригдаагүй. Бид том ажлууд ерөөсөө хийгээгүй. Зөвхөн гал унтраах маягаар өнөө маргаашаа аргацаасан байдлаар юм хийсэн болж харагддаг. Тэр нь бодит байдал дээр ямар ч үр дүн гараагүй. Үүнийг бид том зургаар нь харахгүй болохоор дөнгөж өчигдөр агаар гайгүй байсан, өнөөдөр бохирдчихлоо гэж хараад сандраад, яав ийв гэж ууланд гарч зургийг нь аваад, олон нийтийн сүлжээнд тавьж хэрүүл хийгээд, цонхоороо харж зураг авснаа утаатай болчихлоо гээд байгаа юм. Төр засаг нь ч тэр, ард иргэд нь ч тэр ой санамжаа сайжруулах шаардлагатай байна.
-Ой санамжаа яаж сайжруулах вэ?
-Ой санамжийг хадгалж байдаг зүйл бол эрдэмтэн судлаачид. Бид сүүлийн 18-19 жил байнгын мониторингийн хэмжилт судалгааг тасралтгүй хийж байна. Одоо манай өрөөний цонхон доор байгаа PM2.5 хэмжигчийг 2016 онд байршуулсан. Зургаан жил тасралтгүй 10 секунд тутамд нэг хэмжилт хийж байна. Өдрийн 7600 орчим хэмжилт хийдэг.
Жилийн хэдэн сая хэмжилт, датаг цуглуулдаг. Энэ судалгааг бид Улаанбаатар хотод гэхэд 2-3 цэгт хийж байна. Хөдөө орон нутагт ч хийдэг. Энэ ой санамжийг бид тоон мэдээллээр хадгалж, харьцуулж байдаг. Түүнээс үнэртэж үзээд хүхэр байна гэж хэлэх боломжгүй. Би үнэнийг хэлэхэд үнэртэж үзээд ч түүнийг хүхэр байна гэж мэдэхгүй. Ялгаж чадахгүй. Хүмүүсийг яаж хүхэр байна гэж ялгаж таниад байгааг гайхаад байгаа. Мэргэжлийн биш хүмүүс зураг аваад үнэрлээд л “Өө хүхэр байна” гээд байдаг. Тийм судалгаа дата байж магадгүйг үгүйсгэхгүй. Химийн судалгаанд өнгө, үнэр, амт гээд байдаг. Гэхдээ энэ өндөр бохирдолтой агаарын бохирдлыг дотор нь ялгаж үнэртэнэ гэдэг бол гоц ухаантай, авьяастай хүний хийх ажил байх.
-Та бүхэн яг юунд нь судалгаа хийж байна вэ?
-Бид агаарын гол бохирдуулагч дэлхий нийтээр анхаараад байгаа РМ2.5, РМ10, РМ1, РМ4 гээд энэхүү тоосонцрын төрлүүд дээр нь хэмжилт судалгааг хийж байна. Дотор нь тэр тоосуудаа соруулж, тосч аваад ямар агууламжтай байна гэдгийг хэмжиж байна. Доторх агууламжид үнэндээ хүний биед маш хортой, хүнд нэгдлүүд ихээр агуулагддаг. Хар тугалга, хүнцэл, хром, цайр гэх мэт хүнд элементүүд илэрсэн. Улаанбаатар хотын бүх цэгээс авахад бүгдээс нь ялгаагүй илэрч байна. Сайжруулсан түлшний өмнө ч, дараа нь ч ялгаагүй. Яагаад гэхээр агууламж өөрчлөгдөөгүй. Бид нүүрсийг нүүрс чигээр нь түлж байсан. Нүүрсийг сайжруулаад шахмал түлш болгосон. Тэгэхээр үндсэн агууламж өөрчлөгдөөгүй. Тэгэхээр хоруу чанар нь арай багассан болохоос агууламж өөрчлөгдөөгүй. Харин нийт гарч байгаа агаарын бохирдлын агууламж, хэмжээ багассан уу гэвэл багассан. Бид судалгааг хийснээр сайжруулсан түлшний өмнө ба дараа гэсэн хэмжээс л гарсан.
-Сайжруулсан түлшний дараах үе нь ямар болсон бэ?
-Энэ чиглэлээр бид олон улсад өгүүлэл бичиж хэвлүүлсэн. Сайжруулсан түлшний өмнө ямар байсан, дараа нь ямар болсон. Яг үүнийгээ олон улстай харьцуулсан. Жишээлбэл, Бээжинд цэвэр агаарын бодлого 2015-2016 онд хэрэгжүүлэхийн өмнө ямар байсан, дараа нь ямар болсон үетэй нь харьцуулж үзсэн. Ингэж харьцуулахад сайжруулсан түлш хэрэглэж эхэлснээс хойш жилийн болон сарын дунджаар аваад үзэхэд агаарын бохирдол 40 орчим хувиар буурсан. Гэхдээ 40 хувь буурна гэдэг нь хангалттай сайн үзүүлэлт ерөөсөө биш. Жишээлбэл, 2018-2019 онд түүхий нүүрс түлж байхад зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 100 дахин их болох ч тохиолдол байлаа шүү дээ. РМ2.5-ын хэмжээ 5000 хүрэх, 60-70 хувь их байх үе өглөө, оройдоо зөндөө тохиолдож байсан. Тэгээд бодоод үзэхгүй юу. 60-70 хувь их байж байгаад 40 хувь буурахаар 20-30 хувь их бохирдолтой байна л гэсэн үг. 20-30 дахин их бохирдол гэдэг бол хангалттай хүнд үнэртэхээр, харагдахаар, зураг авахад хар харагдах, биднийг хордуулах хэмжээний бохирдол мөн. Буурсан уу гэвэл буурсан. Гэхдээ энэ нь хангалттай үзүүлэлт биш гэдгийг бид гаргаж байгаа.
-Агаарын чанарт нөлөөлөгч, бохирдуулагч нь ямар бодисууд байна вэ?
-Агаарын чанарыг бохирдуулагч зургаан төрлийн бодисыг бид авч үзээд байгаа юм. РМ тоосонцор, NО, SO, CO, хүхэр, азотын давхар исэл, хүхрийн давхар исэл, озон гээд хэд хэдэн давхар исэл бий. Нэгийг нь аваад үзчих юм бол тоо нь өндөр л харагдана. Өнөөдрийн “Өглөөний сонин”-д агаарт хүхрийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 13 дахин их байна гэж бичжээ. Тэгвэл тоосонцрын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 60 дахин их байна шүү дээ. РМ1-ийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 40 дахин их байна. Тэгвэл яагаад үүнийг ярихгүй байгаа юм бэ. Нэг нэгээр нь салгах ойлголт биш. Нийтдээ өсчихсөн юм чинь аль нэг нь дагаад л өснө шүү дээ. Бүгд л зэрэг өсч, зэрэг буурдаг.
-Агаарын бохирдлыг тэгвэл яаж харьцуулбал оновчтой болох вэ?
-Жишээлбэл, өглөө өдрийг харьцуулахад маш их зөрүүтэй. Өнөө өглөө гэхэд л бохирдол их байсан. Яг одоо бол зөвшөөрөгдөх хэмжээндээ буюу стандартаас доошоо буугаад ирсэн. РМ2.5 тоосонцрын хэмжээ 50м.гр байхад яг одоо буюу өдрийн 13:00 цагт агаарт 40 орчим м.гр байна. Өглөөтэй харьцуулъя л даа. Өглөө энэ агууламж хэд дахин өндөр байсан шүү дээ. Тэгвэл өглөө яагаад өсөөд өдөр яагаад буураад байгаа юм бэ.
-Галлагааны цагаар л утаа ихсээд байна гэсэн үг үү?
-Ерөөсөө л галлагааны цагтай холбоотой. Тэгэхээр галлагаа гэхээр гэр хороололтой холбогдчихож байгаа биз. Түүнээс цахилгаан станцын галлагаа тасралтгүй жигд явагдаж байгаа. Ер нь бол цахилгаан станц өндөр ачаалалдаа хүрчихсэн. Тэгэхээр гол хүчин зүйл болох агаарын бохирдлын 80 гаруй хувь нь гэр хорооллын галлагаа. Нэгдүгээр сарын 1-нд харьцангуй агаарын бохирдол их байсан. 2, 3-нд багасчихаж байгаа биз. Тэгэхээр гэр хорооллын галлагаа гэрт амьдарч байгаа хүмүүсээсээ шалтгаалж байдаг. Ажилтай хүмүүс өглөө, оройд галладаг бол амралтын өдрүүдээр өдрийн турш галладаг. Тэгээд баярын өдрүүдэд хүн ирдэг, өөрсдөө өдөржин гэртээ байгаа учраас байнгын галлагаатай, гал хөс дээрээ юм хийдэг. Тэр бүү хэл бид Цагаан сарын үеэр яагаад агаарын бохирдол ихэсч байна вэ гэдэг өгүүлэл тусад нь гаргаж байсан. Жишээлбэл, энэ жил Цагаан сар хоёрдугаар сарын 21, 22-нд байв уу даа. Агаарын бохирдол нэгдүгээр сард буурна. Буурч байснаа хоёрдугаар сард Цагаан сар дөхөөд ирэх үеэр ихэснэ. Яагаад өсч байгаа юм бэ гэхээр нөгөө ууцаа чанах, хэвийн боовоо хайрах, буузаа хийх гээд Цагаан сарын өмнөх бэлтгэл ажил өрнөнө. Яг Цагаан сарын бэлтгэл ажил гээд долоо хоног агаарын бохирдол огцом өсдөг. Тэгэхээр бидний эх үүсвэртэйгээ холбоотой өсөлт бууралтууд байна. 2-3 хоногийн дараалсан амралтууд нөлөөлдөг. Бүгд гэртээ байгаад хотын хөл хөдөлгөөн багасаад ирэхээр утаа ихэсдэг. Хотын утаа ихэссэн энэ үзүүлэлтийг түрүү жилийн яг тэр амралтын өдөртэй буюу арванхоёрдугаар сарын 31, нэгдүгээр сарын 1-нтэй л харьцуулахгүй бол өөр ажлын өдөртэй харьцуулбал зөрүүтэй гарна. Манайд өдөр, цаг, сар, баяр ёслолын үеийн ялгаа маш их. Агаар өөрөө минут, секундээр хувьсан өөрчлөгдөж байгаа учраас үүнийг яг л тухайн үетэй нь харьцуулах шаардлагатай. Эсвэл өдрийн болон сарын дунджаар болгож харьцуулахгүй бол нэг агшныг аваад байх юм бол тухайн агшинд ямар ч байх магадлалтай.
-Энэ жилийн хувьд агаарын бохирдол өмнөх жилийнхтэй харьцуулахад ямар байна вэ?
-Энэ жил өмнөх жилтэй харьцуулбал өндөр байгаад байна уу гэвэл тийм зүйл ажиглагдаагүй. Өнгөрсөн жилтэй ойролцоо бохирдолтой байна. Өнгөрсөн жилтэй адилхан гэхээр өнгөрсөн жил агаар цэвэр байсан юм байхгүй шүү дээ. Энэ жил ч гэсэн тийм л байна. Гэхдээ сайжруулсан түлшний өмнөх үетэй харьцуулахад бага байна. Бага гэдэг нь тэр үетэй харьцуулахад л бага байгаа болохоос агаар цэвэрхэн болчихсон гэсэн үг биш. Агаар аюулгүй болсон гэсэн үг ерөөсөө биш. Хүнийг хангалттай хэмжээний бохирдуулахаар аюултай түвшинд байна. Өглөө оройны галлагааны үед стандарт хэмжээнээс 30-40 дахин их бохирдолтой байна. Ийм учраас агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг зайлшгүй хийх хэрэгтэй байна. Сайжруулсан түлш ч бай түүхий нүүрс ч бай аль аль нь агаарт тоосонцрын хэлбэрээр агуулагдахдаа төрөл бүрийн хортой элементүүдийг агуулдаг юм байна. Тэгэхээр үүнийг бид үндсээр нь өөрчлөхгүй бол эцсийн хувилбар биш. Энэ бол түр арга хэмжээ. 1-2 жилдээ, өнөө маргаашдаа л хэрэгжүүлж байгаа арга хэмжээ.
-Үүний шийдэл юу байж болох вэ?
-Цахилгаан эрчим хүчээр халаах, хосломол халаагуурын шийдлийг олох хэрэгтэй. Цахилгаанаа ч хэрэглэчихдэг. Гэрийн галлагаагаа ч ашиглачихдаг. Газаар халаадаг. Газаар бид 100 хувь хангаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр нь 50 хувь газ, 50 хувь нь цахилгаан байж болно. Аль нэгээр нь 100 хувь явна гэвэл боломжгүй болчихоод байна. Жишээлбэл, Солонгос, Японд шалны халаагуур бүрэн халаах боломжтой байхад манайд шалны халаагуур бүрэн халаах боломжгүй. Цахилгааных нь хүч нөөц нь хүрэхгүй байна. Тэгэхээр цахилгааных нь хүч нөөц нь сайн барих цагууд буюу эрчим хүчний ачаалал бага шөнийн цаг, өдрийн цагаараа халаадаг байх. Эрчим хүчний ачаалал өндөр цагт нь сайжруулсан түлшээ түлдэг ч юм уу хосломол байдлаар хэрэглэдэг болмоор байгаа юм. Өглөө оройны ид галлагааны цагийн ядаж нэгийг нь хасчихад агаарын бохирдол 50 хувиар буурна гэх мэтээр үе шаттайгаар төлөвлөгөөтэй явмаар байна. Тэгэхгүйгээр утааг дараа жил байхгүй болгоно, 2024 оны сонгуулийн өмнө байхгүй болгоно гээд богино хугацааны сонгуульд чиглэсэн амлалтууд яваад байхаар үр дүнгүй байгаад байна. Урт хугацаагаар төлөвлөөд, 10 жил 20 жилээр хараад, энэ жил үүнийг хийнэ, дараа жил үүнийг шийднэ гэж явахгүй бол иргэд шаардахаар жагсаал тарааж байгаа аятай агаарын бохирдолгүй болно гэсэн асуудал байхгүй. Дахиад эргээд харъя, гэр хорооллын утаа агаарын бохирдлын 80 хувийг эзэлдэг. Гэтэл агаарын бохирдолтой тэмцээд 20-30 жил болж байна. 20-30 жилийн өмнө байсан гэр хорооллын хэмжээг өнөөдөртэй харьцуулаад үз. Гэр хороололд амьдарч байгаа иргэдийн тоо тэр үеийнхээс бараг 10 дахин өсчихсөн байна. Тэгвэл яагаад энэ крантаа хаахгүй байгаа юм бэ. Гэр хорооллын хэмжээгээ, газар олголтоо, шинээр яндан бий болж буй шалтгаанаа яагаад танахгүй байгаа юм бэ. Тэгээгүй байж л өөр юм яриад, том том юм хийх гээд байдаг. Яг бид хоёрыг ингээд яриад сууж байх хооронд шинээр нэг айл орж ирээд, шинээр нэг хашаа хатгаад, шинээр нэг яндан босгож байгаа. Гэтэл бид хэдэн янданг буулгасан юм бэ. Хэдэн айлын газрыг чөлөөлж орон сууцжуулсан юм бэ. Шинэ орон сууцны хороолол эрүүл газартаа бариад байгаа болохоос гэр хороолол руугаа чиглэсэн гэвэл Долдугаар хороолол байх шиг байна. Дэнжийн мянга, Ногоон нуур орчим л байх шиг байна. Бусад нь яг л хэвээрээ байна. Тэгэхээр эхлээд боломжуудыг нь ханга. Төр засаг бүгдийг хийх биш хувийн хэвшилд боломжийг нь олгоё. Төр засаг харин дэмжиж чадах арга хэмжээгээ л авах ёстой. Бүгдийг төр зохицуулах гэж оролдож байгаад алдаа их байна гэж хараад байгаа. Бүх юм руу орох гээд л нүүрсийг нь ч гэрт нь аваачиж өгөх гээд, газыг нь ч гэрт нь холбож өгөх гээд юм бүхэн рүү орж байна. Иргэд одоо бол гэр хороололд утаатайгаа холилдоод суухыг хүсэхээ больсон. Бүгд л тохилог дулаахан газарт амьдрахыг хүсдэг болсон. Гэр хорооллоо хаус хороолол болгоод, дэд бүтцийг нь холбоод өгвөл өөрсдөө хийх арга замаа мэддэг болсон. Ингээд өөрсдийн эзэмшилдээ тухтай амьдрах хүсэл сонирхол нэг үеэ бодвол бий болсон. 20, 30 жилийн өмнөхтэй харьцуулахад бүгдэд нь энэ шийдлүүдийг хийх боломж бий болчихсон. Иргэдийн хувьд ядаж сэтгэхүйн хувьд бэлтгэгдчихсэн. Бүгд агаарын бохирдлын талаар ярьдаг болж байна. 2008 онд би агаарын бохирдлоор доктор хамгаалсан. Тэр үед ямар сонин сэдвээр хамгаалдаг юм бэ, нийгмийг айдаст автуулсан, хүнийг айдаст автуулсан дэмий юм ярьж доктор хамгаалж байна. 1-2 жилийн дараа байхгүй болчих асуудлыг дэвэргэлээ гэж маш олон хүн шүүмжилж байсан. Гэтэл тэр арга хэмжээг аваагүй. Асуудалтай биш асуудал ярьсан хүнтэй л тэмцдэг.
-Зөвхөн Улаанбаатар хот ч биш хөдөө орон нутгаар агаарын бохирдол их байна гэсэн мэдээлэл цахим орчинд явах боллоо. Та бүхэн бас хөдөө орон нутгаар агаарын бохирдлын судалгаа хийсэн гэсэн дээ. Ямар түвшинд байна вэ?
-Бид хөдөө орон нутгаар судалгаа хийхэд ялангуяа баруун аймгууд, уулархаг газрууд, Улаанбаатартай ижил ойролцоо газар зүйн нөхцөлтэй газруудад агаарын бохирдол хотынхоос их болчихоод байна. Говийн аймгууд харьцангуй гайгүй. Хээрийн бүс буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгууд арай гайгүй. Улаанбаатар шиг агаарын тогтонги байдал үүсчихдэггүй учраас задраад бохирдол харьцангуй бага байна. Гэтэл төсөөтэй газар зүйн тогтоцтой Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Ховд, Хөвсгөл зэрэг аймгууд Улаанбаатараас их бохирдолтой байна. Бид Ховд аймагтай харьцуулсан судалгаа хийгээд өгүүлэл гаргасан. Улаанбаатараас өндөр түвшинд бохирдсон. Бид зөвхөн Улаанбаатарыг л яриад байдаг. Зөвхөн Улаанбаатарт л сайжруулсан түлш түлээд байдаг. Бүгдэд нь хэрэгжүүлэх хэрэгтэй байна. 2010, 2011 онд хэрэгжиж байсан “Утаагүй зуух” төсөл хэрэгжихэд бас л тодорхой хэмжээгээр агаарын бохирдол буурсан. Тэр зууханд энэ сайжруулсан түлшийг хэрэглэвэл илүү үр дүнтэй гэх мэтээр бүтэн цогцоор нь арга хэмжээ авч байж агаарын бохирдол буурна. Агаарын бохирдол гэдэг зөвхөн түүн рүү чиглэсэн ажил хийхээс гадна нийгэмтэйгээ хамт, улс орныхоо хөгжилтэйгөө цуг л явахгүй бол урагшлахгүй. Жишээлбэл, түгжрэлийн шалтгаантай агаарын бохирдол нийт бохирдлын 5-6 хувийг эзэлдэг. Энэ нийгмийн асуудлууд байгаль орчны асуудал хоорондоо салшгүй нэгэн хэсэг болж байдаг. Цогцоор нь төлөвлөх хэрэгтэй болж байдаг. Тэгэхгүй энд дангаараа Байгаль орчны яам нь утаатай тэмцээд, тэнд Түгжрэлийн сайд нь машинтайгаа тэмцээд үүн дээр л асуудал үүсээд байна. Нийлүүлээд цогцоор нь яаж хамтрах вэ гэдэг байдлаар ажлууд явах ёстой. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороон дээр нэгдсэн байдлаар асуудлыг ярьж байгаа боловч яг хийх дээрээ тулаад төсвөө батлахаар явдаггүй. Тиймээс л 20, 30 жил агаарын бохирдол гэж ярьж байна. Одоо ингээд л удахгүй мартана. 20, 30 жил нэг ажлаа гэнэт мартаж, санахаа болимоор байна.
-Албаны хүмүүс цахилгаан станцын утаа биш уур байна гэх мэдэгдэл хийж иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Та мэргэжлийн хүний хувьд үүнийг хэрхэн харж байв?
-Иймэрхүү тайлбар бол хэрэггүй л байгаа юм. Цахилгаан станцын уур хүчтэй энверсээс болоод хотын төв рүү орох тохиолдол маш цөөхөн тохиолдолд гардаг. Цахилгаан станцын яндан агаарын бохирдлын энверсээс дээш гарч утаагаа хаядаг. Тийм учраас цахилгаан станцын утаа Улаанбаатар хотын агаарын бохирдлын бага хувийг эзэлдэг. 10 орчим хувийг л үзүүлдэг. Цөөн тохиолдолд ганц нэг удаа газарт буух, доошоо буух тохиолдол үүсдэг. Тэр бол өдөр болгон үүсэхгүй. Тэгэхээр иргэд бухимдах нь аргагүй. Тухайн агшинд байсан байж болно. Гэхдээ тийм тохиолдол үүссэн ч агаарын бохирдол их байгаа, утаа ихэссэн гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Түүнийгээ зөв тайлбарлах хэрэгтэй. Түүнээс биш зөвхөн энэ удаа ийм байдал үүсчихлээ. Ер нь агаар цэвэр болчихсон гэж ярих юм бол түүн шиг худлаа зүйл байхгүй.