Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Отгонбаяр: Монгол инженерүүд 23 мянган ажилтантай, 700 мянган хэрэглэгчтэй системийг хийж чадсан DNN.mn

“UBCab” Онлайн такси үйлчилгээ компанийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяртай ярилцлаа.


-30 дахь жилдээ зохион байгуулагдсан “NEXT STOP” 2022 ёслолын “Оны эдийн засаг, бизнесийн салбарын оны шилдэг бүтээгч залуу”-гаар шалгарсанд баяр хүргэе. Та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. 30 жил зохион байгуулагдаж буй Монголын бизнесийн салбарын оны шилдэг шалгаруулах наадмын 30 дахь хүн болж шалгарсандаа сэтгэгдэл өндөр байна. Тухайн үед сэтгэгдэл их өндөр, нулимс цийлгэнэж хэлсэн үг минь цахим хуудаст “Юм хийж буй хүний хөдөлмөр бодитойгоор үнэлэгдлээ” гэх зэрэг эергээр хүрсэн. Өмнөх жилүүдийн энэхүү шагналыг авсан эрхмүүдийг харахаар энэ бол сүрдмээр том шагнал. Хүн бүрийн мэддэг томоохон бизнесмэнүүд болох MCS-ийн Д.Оджаргал захирал, АПУ-гийн П.Батсайхан захирал гээд сүүлийн 30 жилд бизнесийн салбарыг өнгөлж яваа бүх томчууд авч байсан түүхтэй шагналыг 30 жилийн ой дээр нь Залуучуудын холбооноос гардаж авахдаа эхлээд итгээгүй шүү. Анх 20 гаруйхан настай бизнес хийдэг байхдаа “NEXT STOP” гэдэг нэрийг хараад энд нэрлэгддэг болтлоо л зүтгэнэ дээ гэж бодож байсан.

-Манай улсын иргэдийн хувьд танай үйлчилгээг хэрэглээгээ болгоод хэвшчихлээ. Тэгвэл анх монгол залууст “UBCab” аппликейшн бүтээх санаа хэрхэн бий болсон бэ?

-Дэлхийн хотуудад ийм үйлчилгээнүүд байдаг учир монголчуудын хувьд өөрсдөө санаачилсан гэж хэлэхэд хэцүү. Бидний хувьд аппликейшн суурьтай бизнес болоод нийтийн хэрэглээнд орсон “Uber” зэрэг төслүүдээс технологийн хөгжлийн хувьд тав орчим жилээр хоцорч байгаа юм. Ирээдүйд Монголд ямар технологийн бизнесүүд бий болж болохыг одоогийн өндөр хөгжилтэй орнуудаас харж болно. Яг л энэ жишгээр бид анх “UBCab”-ийг хийж байх үед “Uber” гараад ирчихсэн, ид трэнд болж байх үед бид ч мөн лавлах утас руу залгаж такси дууддаггүй, хэрэглэгч жолооч хоёрыг хооронд нь холбосон системийг хийж чадна шүү дээ гээд эхэлж байсан. 2013 онд анх хийж эхлэхэд зах зээл нь бэлэн биш, цаг хугацаанаасаа түрүүлсэн. Зах зээл бэлэн биш байна гэдэг нь иргэд ухаалаг утасны хэрэглээ гэдэг зүйл байхгүй, ухаалаг утастай мөртлөө утсаа зөвхөн зургийн цомог шиг зураг дарж, зургаа бие биедээ үзүүлдэг, дата, аппликейшн гэж мэдэхгүй

байсан. 2013 онд технологийн хөгжлөөс хэдэн үеэр хоцорчихсон байсан бол 2016 оноос бид нийтээрээ технологийн дэвшил гэдэг зүйлтэй бараг л хөл нийлүүлж байна. Энэ нь “EBarimt” аппликейшнтэй холбоотой юм.

Бид ядуу байсан, ядуу байгаа, сугалаа хонжвор, мөн худалдан авсан зүйлийнхээ хоёр хувийг эргүүлэн авна гэдэг хөдөлгөөн нь монголчуудыг бүх нийтээр нь цахим үндэстэн болгочихсон. Одоо цахим үндэстэн гэдэг үг хэрэглэхээр хүмүүс үгүй гээд байдаг. Үнэхээр цахим үндэстэн шүү дээ, 80 настай хөгшин хүртэл аппликейшн татаж, QR code уншуулж мэднэ. Нийтээрээ ийм болсон үндэстэн гэж байхгүй. Бид цөөхүүлээ ч бүх нийтээрээ аппликейшн гэдэг зүйлийг хэрэглэдэг болсон. Цахим харилцаа, и-мэйл зэргийг алгасаад шууд аппликейшн хэрэглэдэг болчихсон. Одоо монголчууд и-мэйлээр харилцах соёл байхгүй хэр нь аппликейшны соёлтой байна шүү дээ. 2017 онд анхны финтек Монголд гарч ирж анхны зээлийн ажилтангүй хиймэл оюун ухаан өгөгдсөн датанд тулгуурлан, хүний зээлийн зэрэглэлийг тодорхойлдог аппликейшн болох “Lend.mn” банкуудаас түрүүлж гарч ирсэн. Зүүн өмнөд Азийн орнуудад танилцуулагдаж, томоохон санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт аван “Анд глобал” ХХК үндэсний гэхээсээ илүү олон улсад амбицтай явж байна шүү дээ. Энэ бүхэн нь яалт ч үгүй “EBarimt” аппликейшны үр нөлөөтэй бөгөөд Монголд технологийн бизнесийн он тооллыг тэндээс эхлүүлж байгаа юм. Хэзээ нийгмийн дэвшилтэт технологид нийтээрээ хэвших байсан юм, бараг л бүх нийтээр нь бичиг үсэгжүүлсэнтэй дүйцэхүйц хэмжээний үйл хэрэг болсон. Үүнийг манай технологийн салбарын залуучууд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Одоо бүх нийтээрээ бичиг үсэгжүүлсэнтэй дүйцэхүйц хэмжээний том хувьсал авчирсан зүйл нь “Ebarimt”. Үүний үр дүнд аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд тоглогч болох боломжийг нээлттэй болгон хувьсгаж өгсөн. Тиймээс хэдийгээр хоцорсон байсан ч гэсэн эргээд харахад АНУ-д ямар зүйл трэнд болж буйг харж байгаатай адил тун удахгүй дэлхий Монголоос жишээ хардаг болно гэдэгт илтгэлтэй байна. Монголд ийм зүйл

Н.Отгонбаяр: Монгол инженерүүд 23 мянган ажилтантай, 700 мянган хэрэглэгчтэй системийг хийж чадсанболсон байна, үүнийг бусад орнуудад нэвтрүүлье гэдэг жишээнүүд гарах болов уу гэж харж байгаа.

-Манайд ийм үйлчилгээ нэвтрүүлэх талаар их удаан ярьсан. Үйл ажиллагаа явуулж эхлэхэд ямар бэрхшээл, хүндрэлтэй асуудлууд гарч байсан бэ. Шантрах үе байсан болов уу?

-Орон сууцны оффис хямдхан учраас оффисоо түрээсэлж технологийн бизнес хийдэг хүмүүст уулзах хүн гэхээс илүү, анхдагч хэрэгцээ гэдэг шиг дулаахан, интернэт хямдхан гээд орон сууцанд л ажилладаг байсан. Гаднынхан гараашинд эхэлсэн гэдэг түүх байдаг шиг одоогийн байгаа бүхий л технологийн компаниуд үйл ажиллагаагаа орон сууцнаас эхлүүлсэн байдаг. Төдийгөөс өдийг хүртэл явахад, мэдээж бизнес хийнэ гэдэг эрсдэл байдаг учраас бүсээ чангалаад, тогоо таслуулж, СӨХ-ныхоо ч мөнгийг өгч чадахгүй хүндрэлтэй байхад шантарч байгаагүйгээрээ шантрахад хүргэсэн зүйл гэвэл залуус нь шинэ үйлчилгээ нэвтрүүлэх гээд явж байхад төр засгийн дунд шатны байгууллагуудын дарамт их байсан явдал юм. Энэ завшааныг ашиглаад хэлэхэд дарга нар нь эсэргүүцэж байгаа ч гэсэн мэргэжилтнүүд нүдээ аних тохиолдол байсан. Бүх асуудлын дунд явж байхад хэрэглэгчид нь сэтгэл хангалуун, жолооч нар нь ч дуртай байхад төр та нар ингэж болохгүй гээд гомдоод байх нь логикгүй байна гээд урам өгч байсан. Тийм зүйлийг даваад гарсан нь бид боловч хийж бүтээж буй өөр олон залуучуудын урмыг хугалсан байх гэж боддог. Гол шалтгаан нь төрийн албанд хэтэрхий олон хүн ажилладаг, төсөвлөгдөж буй төсөв нь бага, бага цалинтай хүмүүс илүү орлого олохын тулд хүнд суртал бий болгож, эргээд нийгмийн хөгжлөө гацаадаг зүй тогтолтой улс болчихлоо. Бидний хувьд бол даваад гарсан. Хийж байгаа ажлаа улстөрчдөд ойлгуулж, Ерөнхий сайд ч манайд ирж танилцаж та нарт тулгарч буй зүйл юу байна гэхэд өмнө хэлсэнчлэн дунд шатны байгууллагын ийм дарамтууд байна гэж хэлсэн. Одоо бидэнд гомдоллоод байх зүйл үгүй, урагшаа харан зүтгэж нээлттэй компани болж IPO хийгээд явахад бүх зүйл нээлттэй болсон.

-“UBcab” нийслэлд төдийгүй орон нутагт үйл ажиллагаа явуулдаг юм байна. Нийт хэчнээн салбартай вэ. Олон улсад ч гарахаар төлөвлөж байгаа гэж байсан. Энэ талаар тодруулах уу?

-Манай бизнесийг mobility business гэж нэрлэдэг. Бусад орны манайх шиг аппликейшнүүдийн хөгжлийг хаашаа явж байгааг харахад хүний хөдөлгөөнд зориулсан ухаалаг шийдлүүдийг танилцуулж явах юм байна гэж харж байна. Бид бүх салбар луу орохгүй, бидний орох ёстой үндсэн гурван чиглэл бол тээвэр, хүргэлтийн үйлчилгээ, хоол (Ubeats). Энэ нь тусдаа гэхээсээ илүү бие биенээсээ хамаарсан нэг систем явж буй юм. А цэгээс Б цэг рүү зорчигч болон ачааг ч хүргэж өгч болно, хүргэлт нь дотроо хоол, ачаа ч байж болно гэх зэрэг. Үндэсний хэмжээнд аймгуудаар салбаруудаа байгуулж байгаа нь аймаг дотор такси явуулахаасаа илүү хот хооронд шуудангийн хүргэлтийн үйлчилгээг илүү хялбар болгох боломжтой гэж харан, зүтгээд явж байна. Утсаа харж сууж байгаад Архангай руу илгээмж явуулдаг, Дорнодоос ирсэн ачаагаа хүлээж авдаг зэрэг боломжийг 2023 оны эцэс гэхэд энгийн хэрэглээ болсон байна гэж харж байна.

-“UBCab” аппликейшний үйлчилгээний онцлог, давуу тал юу вэ?

-Хамгийн том онцлог нь Монгол инженерүүд А-аас эхэлж өөрсдөө суралцаж 10 гаруй жил хөгжүүлээд явж байна. Томас Эдисон гэрлийг хийхийн тулд 2000 удаа туршсан гэдэг шиг бидэнд UBCab-ийн хийж болохгүй маш олон алдаа, системээ хөгжүүлэх, маш олон мөр код, олон инженерүүдийн нойргүй хоносон шөнүүд зэрэг байгаа. Тиймээс монгол инженер залуучууд өөрсдийнхөө экосистемдээ тохируулж 23 мянган хүн ажилладаг, 700 мянган хүн хэрэглэчихдэг, ямар ч саад, гацалтгүй системийг хийж чадаж, суралцлаа. Энэ системээ хийж байх явцдаа анх тавуулхнаа байсан бол өнөөдөр инженерийн баг гэхэд 50 гаруй инженер ажиллаж байна. Энэ бол UBCab-ийг хэрэглэж буй жолоочид болон хэрэглэгчдийн оруулж буй томоохон хөрөнгө оруулалт шүү дээ. 50 инженер нэг дор нэг зорилгын төлөө ажиллана гэдэг нь том онцлог юм. Энэ нь эргээд Монголд технологийн олон олон хөгжлийн үндэс болно. Бид ганцхан үүнийг хийгээд хойшоо суухгүй, цаашид хийх олон зүйлс байна. Хот хоорондын зорчигч тээвэр, ачаа тээвэр, хүнсний үйлдвэрийн салбар тэр тусмаа хөдөө, орон нутагт буй малчдын орлогыг шууд хэрэглэгчдэд хүргэх цахим платформ, малын бүртгэлийн систем гэх мэтчилэн хийж болох маш олон зүйлийн алсын хараа, итгэх итгэлийг бид харж байна даа. Хамгийн том давуу тал гэвэл ямар нэгэн бэлэн систем авч ирж, нэг компанийн хөрөнгө оруулалтаар явж буй биш органикаараа 10 жолоочоос эхлээд өнөөдөр 23 мянган жолоочтой болсон. Анх 100 гаруй хэрэглэгчтэй байсан бол өнөөдөр хүүхэд, хөгшидгүй 700 мянган хүн хэрэглэдэг болчихсон систем байна.

-UBCab-ийн ойрын болоод хэтийн зорилгоос хуваалцах уу?

-“UBCab”-ийн ойрын хамгийн том зорилго бол бидний урт хугацааны зорилго байлаа. 2023 ондоо нээлттэй хувьцаат компани болохоор зорьж байна. Бид тодорхой хэмжээнд өөрсдийнхөө бизнесийг зах зээлийн бодит ханшаар үнэлүүлэх, энэ бол бизнес хийсэн хүмүүсийн заавал хүрэх ёстой алсын хараагаа болгож явдаг тэмдэглүүштэй үе. Нөгөө талдаа бид тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө зах зээлээс татан төвлөрүүлж, өмнө нь хэлсэнчлэн улс орон хамарсан ложистик тээвэр, нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ дэвшил гаргаж буй “UBCabshuttle” зэрэг бүх үйлчилгээнүүдийн санхүүжилтийг тодорхойлуулж өөрсдийнхөө хувийг санал болгож босгох зорилготой байгаа. Үүнийг 2023 ондоо IPO хийхээр мэргэжлийн байгууллагууд хуулийн ферм, үнэлгээний компаниудтай аудит зэргээ хийлгээд явж байна.

Тун удахгүй бид хэдэн төгрөгөөр, хэзээ ямар хувиа санал болгохоо нээлттэйгээр зарлах болно. Тэр хүртэл Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрлөө авч байж ярьдаг дүрэмтэй учраас хэтийн зорилгоо дэлгэрэнгүй ярьж болохгүй байна. Хамгийн их хүсч буй зүйл бол дотооддоо хэрэглээ маань зөвхөн Улаанбаатарт төдийгүй, такси аппликейшн биш такси, автобусанд суухдаа хэрэглэдэг, хоол, хүнсээ захиалж авдаг ийм цогц платформ болно гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн нийслэл хотод биш орон нутгуудаар ч хэвийн хэрэглээ болох ёстой, ийм зорилго тавин ажиллаж байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *