Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн энэ өдөр Хархорум хот байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.
Хархорум хот байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар Хархорум хот байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурав.
Тус ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын зарим гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцлоо.
Ташрамд мэдээлэхэд, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт оршдог. Хархорум хотыг Чингис хаан 1220 онд Монголын эзэнт гүрний нийслэл болгон байгуулж 1235 онд түүнийг залгамжлагч Өгөдэй хааны үед бүрэн барьж дуусжээ. Хархорум нь тухайн үеийн Монгол орны улс төр, эдийн засаг, соёл, засаг захиргаа, олон улсын харилцааны чухал төв болж байжээ. Хот нь 2 давхар шавар хэрмээр хамгаалагдсан дөрвөн талдаа хаалгатай. Хот руу ордог 4 хаалган дээр худалдаа наймаа эрхэлж байсан бөгөөд хойд талын хаалганы дэргэд адуу, зүүн хаалган дэргэд үр тариа, урд хаалганы дэргэд үхэр, тэрэг, баруун хаалган дэргэд хонь, ямаа худалдаалдаг байжээ. Хубилай хаан 1271 онд Юань улсыг байгуулж, Монголын шинэ нийслэлийг Бээжинд шилжүүлснээр хотын нэр хүнд, ач холбогдол нь буурсан төдийгүй 1379-1380 онд Мин улсын цэргүүд удаа дараалан уулгалан довтолж Хархорум хот 100 гаруй жилийн дараа аажмаар сүйрч нуржээ. Хархорум хотын туурийг 1971 онд улсын тусгай хамгаалалтад авч 1995-1997 онд ЮНЕСКО, Монгол, Японы засгийн газар хамтран Хархорум хотын туурийг хадгалж хамгаалах төслийг хэрэгжүүлж Хархорум хотын байршлын зургийг гаргаж хамгаалалтын бүсийг тогтоосон байна.