Хүний эрхийн үндэсний комисс, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Европын сан хамтран “Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа”–г хийжээ. Тайлангаа тавих үеэр тус судалгааг хийсэн судлаач доктор, дэд профессор А.Алтанзултай ярилцлаа.
-Уг судалгаанд хэдэн салбарыг хамруулсан бэ?
-Судалгааг хийхдээ нийт 18 салбарыг онцолж авсан. Яагаад энэ 18 салбарыг онцолсон бэ гэхээр энд хүүхдийн хөдөлмөр оршиж байж магадгүй гэх таамаглалыг эхлээд дэвшүүлнэ. Ингээд таамаглал дэвшүүлээд судлахад хүүхдүүдийн хамгийн ихээр ажиллаж байгаа салбар үйлчилгээний болон барилгын салбар байна. Ажлын байр болгон онцлогтой учраас хүйсийн ялгавартайгаар хэн нь илүү их ажиллаад байгааг харахаар хөвгүүд барилгын салбар, ачаа тээвэр ложистик, уул уурхайд, дээрээс нь орон нутагт туслах малчин хэлбэрээр ихэвчлэн ажиллаж байна.
Туслах малчин хийхэд хөдөлмөр нь ер үнэлэгдэхгүй байгаа нь онцгой байр суурьтай ажиглагдсан. Улаанбаатар хот болон суурин амьдралын хэв маягтай газар зах худалдааны төвд ачаа бараа зөөх, буулгах, машин угаах зэрэгт эрэгтэй хүүхдүүд голцуу ажиллаж байна. Охидын хувьд үйлчилгээний салбарт худалдагч хийх, бөөний худалдааны газруудад ажиллах, угаалга, цэвэрлэгээ илүү хийх, нарийн боов, хоолны газруудад зөөгч хийх зэрэг салбар руугаа илүү ажиллаж байгаа нь анзаарагдсан.
-Хэдээс хэдэн насны хүүхдүүд ихэвчлэн ажиллаж байна вэ?
-Нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийг насны ангиллаар аваад үзэх юм бол 15-18 насны хүүхдүүд 60-70 хувийг эзэлж байна. Монголчуудад бас нэгэн хэвшмэл хэв шинж байгаад байна. 14-15 нас хүртэлх хүүхдүүддээ арай жаахан ээлтэй, нээлттэй ханддаг. Гэсэн ч хүүхдийн хөдөлмөр эрхлэлт таван наснаас эхлээд байна.
-Тэр нь юу байна вэ?
-Яагаад бид хөдөлмөр эрхлэлт гэж үзэж байна вэ гэвэл өрхийн жижиг дунд бизнес эрхлэлт хийдэг айл өрхүүдэд хүүхдүүд өөрийн мэдэлгүй хичээл номноосоо завсардах хэлбэр рүү орох шахам, өөрийгөө хөгжүүлэх, даалгавраа хийх, сургууль соёлд явах, нэмэлтээр дугуйлан секцэд явах боломжгүйгээр өрхийн үйлдвэрлэлдээ тусалж байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын хүүхдийн сан хамтраад гэртээ хөдөлмөр хийж байгаа эдгээр хүүхдүүдийн ажиллах цагийн хязгаарыг зааж өгсөн байдаг. Энэ цагийн хязгаарыг боловсруулахдаа хүүхэд хэдэн цаг сургуульдаа явах, хэдэн цагт унтах ёстой, ямар хоол идэх, хэдэн цаг даалгавраа хийх гээд бүгдийг маш нарийн судалсны үндсэн дээр гаргасан цагийн хуваарь байгаа. Гэвч манайд энэ цагийн хуваарь ер мөрдөгддөггүй. Яг энэ цагийн хуваарийг мэддэг газар байхгүй. Цагийн хуваарийг зааж өгсөн зохицуулалт Монголд байхгүй. Энэ талаар эцэг эхчүүд ойлголтгүй байна. Охидын хувьд бол эцэг эхийн үүргийг гүйцэтгэж байна. Дүү нараа хардаг, гэр орны ажлаа хийдэг. Эцэг эх нь завгүй, ажилдаа явчихдаг. Өглөө хичээлдээ явж ирээд л эцэг эхээ иртэл, орой 23:00, 24:00 цаг хүрээд орондоо орох хүртэл гэрийн ажил хийж байна. Гэрийн ажлаа хийж дуусаад дахиад хичээлээ хийдэг. Энэ нь өөрөө хүүхэд эрүүл байх, сурах, хөгжих байдалд сөргөөр нөлөөлж байна. Судалгаагаар ярилцлагад орсон охидын 90 орчим хувь нь өрх гэрийн ажилд маш их цаг зарцуулдаг.
-Судалгаанд хэдэн хүүхэд хамрагдсан бэ?
-Судалгаанд онлайнаар болон ярилцлагаар нийтдээ 4600 орчим яг ажил хийдэг, хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд оролцсон. Би яагаад ажил, хөдөлмөр гэж тусад нь нэрлээд байгаа гэхээр ажил хөдөлмөр гэж яг юуг хэлэх, тэр дундаа ажил гэж яг юуг хэлэх, тэвчишгүй хөдөлмөр гэж юу болох зэргээр гурван үндсэн ойлголт энд яваад байгаа. Тэвчишгүй байдлын хөдөлмөрийн гэдэг нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182, 132 дугаар конвенц, 190 дүгээр зөвлөмжид заасан нөхцөлийг хангаж байвал энэ өөрөө хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр. Хөдөлмөр гэж яг юуг хэлэх вэ гэхээр хөдөлмөрийн зохистой харилцаанд орж байгаа ажил олгогч хэн нэгнийг ажил хийлгэх хөлсний үндсэн дээр гүйцэтгэж байгааг хэлнэ. Ажил гэхээр яг өрх гэртээ аав, ээждээ жижиг дунд үйлдвэрлэлд зориулж байгаа энэ бүхэн ажил болж хувираад байгаа. Энэ гурван ойлголтыг маш нарийн ялгаж, эрх зүйн зохицуулалтад тусгах ёстой. Ялгаа зааг нь гаргаж зохицуулалтыг хийх юм бол хүүхдийн хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх буюу зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгох боломжууд байгаа.
-Тэвчишгүй хөдөлмөрийн тохиолдол бодит кейсүүд хэр их байна вэ?
-Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 90 орчим хувь нь тэвчишгүй байдлын хөдөлмөр эрхэлж байх хандлагатай байна гэж үзэж байгаа. Бид 18 салбараас ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн ихэнхи тэвшичгүй хөдөлмөр эрхэлж байна. Тэвчишгүй гэдгийг юугаар илэрхийлж байна гэхээр албадан хөдөлмөр эрхлүүлэх, дээрээс нь мөлжих гэдэг хил дамнуулан худалдаалах буюу биеийг нь ашиглах, мөн хортой аюултай, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц байна. Төгсгөлд нь тэр хүүхэд хөдөлмөр эрхлэх явцдаа сургуулиас хөндийрч байгаа эсэх гээд хэд хэдэн шалгуур үзүүлэлтүүдийг авч үздэг. Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байвал энэ нь тэвчишгүй хөдөлмөр болно. Монголд энэ хэлбэрүүд маш өндөр байна. Жишээлбэл, барилгын салбарт ажиллаж байгаа хүүхдүүд гурвалсан гэрээ хийсэн тохиолдол бараг байхгүй. Гэрээгээ хийж чадахгүй байна гэдэг нь хөдөлмөрөө хэдээр үнэлүүлэхээ мэдэхгүй байна гэсэн үг. Амаар тохирсон байж болно. Гэхдээ баталгаагүй. Ажил олгогч түүнийг олгохгүй бол тэр өөрөө мөлжлөгт өртөж байгаа хэлбэр. Хөлсөө авч чадахгүй бол биеэ ашиглуулж байна гэсэн үг. Охидын хувьд мөн адилхан. Худалдааны байгууллагад ороод туршилтаар гэдэг сайхан үгний цаана хөдөлмөр мөлждөг. Эхний 2-3 сар туршилтаар гэхээр нь нөгөө хүүхэд туршилтаар ажиллаж байгаа юм чинь гээд бага хэмжээний зардлаар ажилладаг. Ингээд ажиллаж байтал нэг сар орчим болоод чи ажиллаж чадахгүй байна гээд ажлаас халдаг. Тэгэнгүүтээ чи туршилтын хугацаанд ажиллаж байсан чамд цалин өгөх боломжгүй гэдэг. Хөдөлмөрийн гэрээг нь харъя гэхээр гэрээ хийгээгүй. Хөдөлмөрийн харилцаанд орсон уу гэхээр ороогүй байх жишээтэй. Ажил олгогчид насанд хүрээгүй хүүхдийг ажилд авахдаа аав, ээжээс нь зайлшгүй зөвшөөрөл авч гурван талт гэрээг заавал бичгээр байгуулсан байх ёстой. Гэтэл тэр асуудал ер хангагдахгүй байна.
–Судалгааны дүгнэлтээс үндэслээд эцэг эхчүүдэд үүнийг ухамсарлуулах, хариуцлагыг өндөрсгөх зорилгоор ямар ажлууд хийх вэ. Хууль эрх зүйн зохицуулалтаар үүнийг хийх ёстой юм болов уу?
-Судалгааны дүгнэлтээр хэд хэдэн хуулийн зохицуулалтад санал оруулсан. Эрүүгийн тухай хуулинд эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг, хүүхдийг ашиглаж байгаа тохиолдолд хариуцлагын санкцыг чангатгах, нэр томьёоны хувьд Хүүхэд хамгааллын тухай хуулинд заасан эрсдэлт бүлэгт байгаа хүүхэд гэдэг дээр тэвчишгүй байдлын хөдөлмөр эрхэлж байгаа хүүхэд болон хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байгаа хүүхдүүдийг тусад нь илүү тодорхойлж, зааж өгч, хариуцлагын арга хэмжээг тооцох хэрэгтэй байна. Хүүхэд хамгааллын тухай хууль тодорхой хэмжээнд сайжраад, шинэчлэгдээд явж байгаа. Сүүлийн жилүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарын хариуцлагын асуудал өндөр яригдаж байна. Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн дунд хэд хэдэн нийтлэг хэв шинж байдаг. Тэр хэв шинжүүдийн хамгийн эхнийх нь өрхийн орлого маш бага, ядуу. Ядуу айлын хүүхдүүд хөдөлмөр эрхэлдэг. Хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байдаг. Дараагийнх нь эдгээр хүүхдүүдэд үл хайхралт гэдэг юм мөнхөд байж байдаг. Тэгэхээр бид хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн тогтолцоо гээд аваад үзэх юм бол энэ үл хайхралт гэх асуудал маш чухал. Юугаар үл хайхраад байгаа юм бэ. Сэтгэл санааны хувьд уу, хоол хүнсээр үү, хайр халамжаар уу гээд маш олон хэлбэрээр хүүхэд үл хайхралтад өртөөд байна. Эдгээр хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд үл хайхралтын бүх хэлбэрт байнга өртөж байдаг. Тэр хүүхдүүдэд унтах, амрах, асрах гээд Хүүхдийн эрхийн конвенц, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулинд заасан тэр бүх эрхээ хамгаалуулах хэмжээнд хүрч чадаж байна уу гэвэл тэр хангах ёстой зарчмууд огт хангагддаггүй.
-Манай улсын хүүхдийн төлөөх байгууллагууд хэр оролцоотой байдаг вэ?
-Гэр бүл хүүхэд хамгааллын газар гэж Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны харьяа байгууллага бий. 21 аймаг, есөн дүүрэгт маш өргөн бүтэцтэй ажиллаж байгаа. Хороод, багууд дээр хамтарсан баг гэж бий. Ингээд харах юм бол хүүхэд хамгааллын бүтэн тогтолцоо ажиллаж байна. Энэ тогтолцоо бүтэн ажиллаж чадаж байна уу, үгүй юү гээд хүмүүс дүгнэлт асуугаад байдаг. Чадах чинээгээрээ эдгээр байгууллагууд ажиллаж байгаа. Яагаад гэвэл хүрэлцээ маш муу. Жишээ нь, нэг хороонд 10 мянган өрх айл байна. Дунджаар 20 мянган хүүхэд нэг хороонд байна. 20 мянган хүүхдийн асуудал яригдаж байна. Гэтэл 20 мянган хүүхдэд хяналт тавих үндсэн үүрэг нь юу билээ. Эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг. Тэр хүүхдийг хараа хяналттай байлгаж чадаж байна уу, эцэг эх болсон үүргээ гүйцэтгэж чадаж байна уу гэдэг нь өөрөө маш чухал. Хэдий төрийн байгууллагад хууль эрх зүйн акц нь гарчихсан, санал гомдлыг нь хүлээж авдаг, хяналт шалгалт тодорхой хэмжээнд хийдэг, ажлын төлөвлөгөөтэй ажиллаж байна уу гэвэл ажиллаж байна. Ирсэн кейсүүдэд дээр ажиллаж байна уу гэвэл ажиллаж байна. Хамгийн гол үндсэн үүргийг эцэг эх өөрсдөө хүлээх ёстой. Хүүхэд төрүүлнэ гэдэг нь эцэг эх өөрсдийн хариуцлагаа хүлээнэ л гэсэн үг.
-Хүүхдийн хөдөлмөр гэхээр насанд хүрээгүй охидын бэлгийн мөлжлөгийн асуудал бас хөндөгдөх байх. Энэ мөлжлөг хүүхдүүдийн дунд хэр ажиглагдав?
-Тодорхой хэмжээний хэв шинжүүдээр байгаа. Хэр их вэ гэхээр Монголын хувьд тэдэн хүүхэд дунд тэд гээд шууд тоо гаргахад хэцүү. Яагаад гэхээр энэ нь өөрөө эмзэг сэдэв. Тоо мэдээлэл статистик гаргах гэхээр хэцүү. Өнгөрсөн жилүүдэд хувь судлаачийн үүднээс харахад цахим орчин хэт хөгжөөгүй байх үед илрүүлэх, холбоо харилцаа барих асуудал нь тодорхой анзаарагдахуйц байсан бол одоо маш нарийссан. Ийм хэлбэр рүү орсон юм уу даа гэж харж байгаа.