Хүний Эрхийн Үндэсний Комиссоос “Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа”-ны тайлангийн үр дүнг танилцуулж, мэдээлэл хийх уулзалт Новотел зочид буудалд өнөөдөр болов.
Хөдөлмөр эрхлэх явцдаа бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдүүд, хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн хүүхдүүд, унаач хүүхдүүд болон хүүхэд ажиллаж болох ажлын байрны жагсаалт шинэчлэх асуудлаар мэдээлэл хийсэн юм.
Энэ үеэр гэрийн ажил болон өрхийн үйлдвэрлэлд хүүхдүүд хэдэн цаг зарцуулж буй талаар хуульч, судлаач Г.Түвшинжаргал танилцууллаа.
Тэрбээр “Хүмүүс ихэнхдээ цалин авдаг ажил хөдөлмөрийн талаар ярьдаг. Нөгөөтээгүүр хүүхдийн хөдөлмөр эрхлэлтэд гэрийн ажлыг давхар оруулах ёстой. Тиймээс хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгааг хийхдээ гэрийн ажилд хэдэн цаг зарцуулж буйг асуумжийн арга болон онлайн ярилцлагаар судаллаа. Цалинтай ажил эрхэлдэг хэмээн хариулсан хүүхдүүд үүнийхээ зэрэгцээ гэрийн ажлыг хэрхэн хийж байгааг харахыг зорьсон. Үүнээс харахад гурав хүртэлх цагаар гэрийн ажил хийдэг маш олон хүүхэд байгаа юм” гэв.
Хүүхдүүд гэрийнхээ ажилд хэдэн цаг зарцуулж буй талаар…
“Хамгийн сонирхолтой нь ес ба түүнээс дээш цаг ажилладаг хүүхдүүд дотор 5-11 насны хүүхэд олон байсан. Бага насны хүүхдийг мэдлэг, мэдээлэлгүйгээр нь далимдуулж олон цаг ажиллуулж байна. Эцэг, эхчүүд нь хүүхдүүдээ сургуульд сурахаас өмнө эсхүл бага ангид байх үед нь олон цагаар гэрийн ажил хийлгэх тохиолдол илэрч байна. Энэ асуудал хүүхдийн хөдөлмөр эрхлэлт гэдгээр шийдвэрлэгдэхгүй байж магадгүй. Гэхдээ хүүхдийн эсрэг хүчирхийлэл хэмээн тооцох үндэслэлтэй юм.
Хүүхдэд гэрийн ажил хийх цагийн хязгаарыг тогтоох саналыг энэхүү судалгааны үр дүнгээс гаргасан. Улмаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн гэрийн ажилд зарцуулах цагийн хязгаарыг тогтоож өгсөн. Энэ нь судалгаанаас гарсан томоохон үр дүн юм” хэмээн судлаач Г.Түвшинжаргал нэмж хэллээ.