Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Гадаад худалдааны тэнцэл 3.3 тэрбум ам.долларын ашигтай гарлаа DNN.mn

Гадаад худалдаа: Экспорт өсч, импорт буурчээ | News.MN

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцууллаа. Үндэсний статистикийн хорооны хэлтсийн дарга Э.Мягмарханд “Инфляцийн түвшин буюу хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2022 оны эхний арваннэгдүгээр сард 14.5 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 1.1 хувиар өссөн бөгөөд өмнөх оны мөн үеэс 3.5 нэгж хувиар өссөн байна.

Хэрэглээний ерөнхий бүлгээр нь авч үзвэл эм тариа эмнэлгийн хэрэгслийн үнэ хамгийн өндөр буюу 21.4 хувь, хувцас бөс барааны үнэ 19.4 хувь, зочид буудал нийтийн хоол дотуур байрны үйлчилгээний үнэ 19.2 хувиар, хүнсний бараа ундаа усны бүлгийн үнэ 16.8 хувиар тус тус өсжээ.

Импортын барааны үнэ 51.1 хувиийн жилийн өсөлттэй гарсан бөгөөд нийт инфляцын 7.4 нэгж хувийг эзэлж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад инфляцад импортын хүнсний бус барааны үнэ 6.1 нэгж хувь, хүнсний барааны үнэ 1.3 нэгж хувиар гол нөлөөг үзүүлсэн байна.

Улаанбаатар хотын инфляц арваннэгдүгээр сард 14.5 хувьтай гарсан. Харин орон нутагт хэрэглээний бараа үйлчилгээний үнэ Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 11.4 хувьтай байгаа бол Төв аймагт хамгийн их буюу 16.5 хувьтай байна.

Хэрэглээний үнэд голлон нөлөөлсөн 10 бүтээгдэхүүнийг танилцуулъя. Энэ 10 бараа нийт инфляцын 25 хувийг эзэлсэн юм. Ангилбал, талх гурил, будааны үнэ жилийн 33.7 хувь өссөн бол бензин, шатахууны үнэ 21 хувиар өссөн нь инфляцад гол нөлөөг үзүүлсэн байна.

  • Бензин А-95, 1 литр 48.2 хувь
  • Дизелийн түлш, 1 литр 35 хувь
  • Бензин А-92, 1 литр 11.1 хувь
  • Параденк хүүхдийн лаа 2.8 дахин өссөн
  • Гурилан боов, кг 27.4 хувь
  • Ургамлын тос 58.7 хувь
  • Зүсээгүй талх 42.4 хувь
  • Шар айраг, 1 литр 35 хувь
  • Гурил, 1 кг 46.5 хувь
  • Цагаан будаа 17.6 хувь

Монгол Улс эхний 11 сарын байдлаар нийт 162 улстай бараа эргэлт хийжээ. Гадаад худалдааны тэнцэл 3.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Энэ нь өмнөх оны мөн үеэс 632 сая ам.доллараар буюу 24 хувиар өссөн үзүүлэлт юм. Гадаад худалдааны бараа эргэлт нийт 19 тэрбум ам.доллар бөгөөд экспорт 11.1 тэрбум ам доллар, импорт 7.9 тэрбум ам.доллар байна. Нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 27 хувиар өссөн. Өсөхөд экспорт 26 хувиар, импорт 27 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Экспорт өмнөх оны мөн үеэс 2.3 тэрбум ам.доллараар өсөхөд нүүрсний экспорт 3.1 тэрбум ам.доллар, бохир ноолуурын экспорт 110.8 сая ам.доллар, цайрын хүдэр баяжмалын экспорт 89.2 сая ам.доллараар нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлж байна. Биет хэмжээний хувьд авч үзвэл, алтны экспорт өмнөх оны мөн үеэс 9 хувиар, нүүрс 74 хувиар, бохир ноолуур 35 хувиар, цайрын хүдэр баяжмал 16 хувиар, зэсийн баяжмалын 2.7 хувиар өссөн бол боловсруулаагүй газрын тосны 50.1 хувиар, төмрийн хүдрийн экспорт 38.1 хувиар буурсан байна.

Төлбөрийн тэнцлийн мэдээг энэ оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр танилцуулъя. Төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум ам.доллар алдагдалтай гарсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 791 сая ам.доллар өссөн үзүүлэлт юм. Үүнд гол нөлөө үзүүлсэн нь урсгал дансны алдагдал 956 сая ам.долларын алдагдалтай гарсан нөлөөлсөн. Харин санхүүгийн дансны тэнцэл эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 338 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм.

Мөнгөний нийлүүлэлт М2 эхний 11 сарын байдлаар 27.4 их наяд төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 0.4 хувиар өссөн үзүүлэлт. Өсөлтөд валютын харилцах 85.2 хувиар, валютын хадгаламж 18.1 хувь буюу 723.1 тэрбум төгрөгөөр өссөн нь гол нөлөөллийг үзүүлсэн. Харин төгрөгийн хадгаламж 12.3 их наяд төгрөг байгаагийн 90.2 хувь иргэдийн хадгаламж, 9.8 хувь нь аж ахуй нэгж байгууллагын хадгаламж эзэлж байна гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *