Өнгөрөгч 11 дүгээр сард хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүнүүд гарсантай зэрэгцээд банкны салбарт хадгаламжийн үлдэгдэл 0.4 хувиар буурч, харилцах дансны үлдэгдэл өссөн болохыг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Төгрөгийн хадгаламж 2021 оны тавдугаар сараас хойш тогтмол буурсаар 11 дүгээр сарын эцсийн байдлаар 12.3 их наяд төгрөг хүрээд байна. 11 дүгээр сард төгрөгийн хадгаламж өмнөх сараас нэг хувиар буурчээ. Аравдугаар сард төгрөгийн хадгаламж 1.2 хувиар буурч байсан юм.
Харин валютын хадгаламжийн үлдэгдэл 4.7 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа нь өмнөх сараас 1.4 хувиар өссөн дүн болж байна.
Нийт хадгаламж 17 их наяд 31.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 0.4 хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Нөгөө талаас хадгаламжийн үлдэгдэл буурсан ч төгрөг болон валютын харилцах дансны үлдэгдэл өссөн байна.
Аравдугаар сарын эцсийн байдлаар харилцах дансны үлдэгдэл есөн их наяд 458 тэрбум төгрөгтэй тэнцэж байсан бол 11 дүгээр сарын эцсийн байдлаар есөн их наяд 628.6 тэрбум төгрөг болж өмнөх сараас өсжээ.
Дээр дурдсанчлан 11 дүгээр сарын сүүлийн долоо хоногт Монголын Хөрөнгийн биржид шинээр “Голомт банк” ХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа явагдсан юм. Мөн төгрөгийн ам.доллартой харьцах ханш 1.12 хувиар сулраад байна.