Эрдэнэс Таван толгой ХК-ийг тойрсон “нүүрсний хулгай” хэмээн нэрлэгдэж буй асуудал улс төр, эдийн засгийн халуун сэдэв болоод байна. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэгийн байр суурийг тодрууллаа.
-Нүүрсний хулгайн асуудал ингэж ужгирсан гол шалтгаан таны бодлоор юу вэ?
-Том дүр зургаар нь харвал манай улсын эдийн засагт төрийн өмчит компаниудын эзлэх байр суурь маш өндөр байна. Томоохон уул уурхайн ордуудад суурилсан төрийн өмчит компаниудыг дагасан авлига, албан тушаалын гэмт хэрэг буурахгүй байгаа нь Монгол Улс төдийгүй байгалийн баялаг ихтэй хөгжиж буй орнуудын нийтлэг асуудал буюу “Баялгийн хараал” гэдэг.
АНУ-ын Олон улс дамнасан авлигын хэргүүдийг мөрдөн шалгах байгууллагын мэдээллээс үзвэл дэлхий даяарх авлигын хэргийн дөрөвний нэг орчим хувь нь уул уурхай, газрын тосны салбарт, тэр дундаа дийлэнх нь хөгжиж буй орнуудад тохиолдож байна. хүмүүс
Үүний гол шалтгаан нь манайхтай адил хөгжиж буй улс орнуудад компаниудын засаглалын чадавх буюу ил тод нээлттэй, үр дүнтэй удирдлага, хяналтын тогтолцоо бэхжээгүй байдагтай холбоотой. Одоо шинэчлэгдсэн Улсын бүртгэлийн хуулийн дагуу нийт аж ахуйн нэгжүүдийн дөнгөж 50 хувь нь эцсийн өмчлөгчөө бүртгүүлсэн байна. Энэ ажлыг эрчимжүүлэх, тэр тусмаа уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудыг дэлгэрэнгүй тайлагнадаг болгож хуульчилбал уул уурхай дагасан албан тушаал, авлигын хэрэг буурна. Товчхондоо бизнесийн зарчмаар ажиллаж төрд аль болох өндөр ногдол ашиг төвлөрүүлэх зорилготой төрийн өмчит уул уурхайн компаниудыг улстөрчид нөлөөлөлдөө байлгаж, олон нийтэд ил тод бус далд хувийн зорилгодоо ашиглах боломжтой явж ирсэн нь өнөөдрийн иргэдийг бухимдуулах, жагсах хэмжээнд асуудал хүндрэх шалтгаан болжээ гэж үзэж байна.
-Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэх арга зам нь юу байх вэ?
-Стратегийн том ордууд нэгэнт төрийн мэдэлд, эсвэл төрийн оролцоотой байх тохиолдолд тэдний үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах нь хамгийн чухал. Зөвхөн төрийн өмчит гэлтгүй ерөөсөө ард түмний өмч болох ашигт малтмал, газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн бүх компанийн үйл ажиллагааг нийтэд ил тод болгох нь авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах гол арга зам юм гэдэг нь олон улсад батлагдсан.
“Яагаад гэвэл хүнгүй, харанхуй газар хулгай дээрэм их гардагтай адил хаалттай, нууцлаг орчинд л авлигын хэрэг илүү гардаг. Өнөөдрийн яригдаж буй “нүүрсний хулгай” гэх асуудал ч гэсэн олон нийт, төрийн холбогдох байгууллагуудын мэдээлэл ил тод бус, нууц байснаас үүдсэн гэж хэлж болох юм.”
Тиймээс байгалийн баялгийг ашиглахтай холбоотой аливаа үйл ажиллагаанд ил тод байдлыг системтэйгээр хэвшүүлэхийн тулд яригдаад хэдэн жилийн нүүр үзсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийг даруй батлан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мэдээж хэрэг ганц энэ хуулийг батлаад бүх зүйл сайхан болчихгүй ч маш олон зүйлийг энэ хуулиар өөрчлөх боломжтой.
-Ийм хууль байдаг хэрэг үү, эсвэл та шинээр санаачилж байгаа юм уу?
-Миний хувьд УИХ-д сонгогдсон цагаасаа Их хуралд байгаль орчны асуудалд илүүтэй анхаарч, ногоон хөгжлийн асуудлыг хөндөж ирсэн. Одоо Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд ч уул уурхайн салбарын ашиглалт, олборлолт, нөхөн сэргээлтийн асуудал хамаардаг. Өнгөрсөн сард “Олборлох үйлдвэлэлийн ил тод байдлын санаачилга” болон “Нээлттэй өмчлөл” ОУ-ын байгууллагуудын төлөөлөгчдийн хүлээж авч уулзаж энэ асуудлаар хамтарч ажиллахаар ярилцсан. Монгол Улсын 2006 онд нэгдэн орсон олон улсын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хүрээнд ийм хууль байх ёстой юм байна гэдэг санал хэдэн жилийн өмнө анх гарч Уул уурхайн яаманд боловсруулж эхэлсэн байдаг юм. Уг ажлыг энэ онд ХЗДХЯ-нд шилжүүлсэн. Учир нь энэ бол зүгээр нэг олон улсын санаачилгатай холбоотой биш, зөвхөн ашигт малтмалын салбарын асуудал ч биш харин эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг хэрэгжүүлэх замаар авлигыг бууруулж сайн засаглалыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой хууль юм байна гэж үзсэн хэрэг. Сар орчмын өмнө ХЗДХЯ-наас авсан мэдээллээр бол бидний ярьж буй Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулж дууссан, энэ ондоо багтаан УИХ-д өргөн барих төлөвлөгөөтэй байгаа юм билээ. УИХ-ын дарга ч энэ чиглэлээр шуурхай ажиллах үүрэг чиглэл өгсөн гэж ойлгосон.
Миний хувьд Засгийн газар хууль, журмын дагуу өргөн бариад оруулаад ирвэл УИХ дээр уг хуулийг чанартай хэлэлцэн батлуулахын төлөө ажиллах бодолтой байна. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын нарийн бичгийн дарга нарын газрын төлөөлөлтэй уулзаж санал солилцоход цөөнгүй олон улсын байгууллага ийм хууль гаргах нь зүйтэй гэж зөвлөдөг тухай ярьж байсан. Америк, Англи, Канад, Нигери, Либери гэх мэт улсуудад төстэй хуулиуд байдаг юм билээ.
-Энэ хуулиар яг юуг яаж зохицуулах вэ?
-Одоогоор зөвхөн хуулийг боловсруулах үеийн төслийн мэдээлэлтэй байна. Энэ хуулийн гол зорилго нь олборлох буюу уул уурхай, газрын тос, байгалийн хийн салбар нэмээд ургамал, амьтны нөөцийг эзэмшиж ашиглахтай холбоотой тусгай зөвшөөрөл, татвар, төлбөр, хураамж, олон нийт болон орон нутгийн оролцоо, байгаль орчны нөлөөлөл, гэрээ хэлцлүүд, борлуулалт, тээвэрлэлт гэх мэт бүх төрлийн мэдээллийг нийтэд ил тод болгох юм. Үүнийг дагаад мэдээллийг хэн, хэзээ, хэрхэн ил тод болгох эрх, үүрэгтэй байх вэ, зөрчвөл ямар хариуцлага хүлээлгэх вэ гэх мэт асуудлыг ч нарийвчлан зохицуулах шаардлага гарна.
“Онцлон дурдахад, олборлох салбарт зөвхөн хайгуул, ашиглалт төдийгүй туслан гүйцэтгэх, борлуулалт зуучлал, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж буй бүх компаниудын эцсийн өмчлөгчдийг тодорхойлж хэн нь хэн бэ гэдгийг олон нийтэд ил тод мэдээлдэг болох асуудал уг хуульд тусах ёстой гэж бодож байна.”
-Эцсийн өмчлөгч гэдгийг бага зэрэг тодруулж өгнө үү?
Эцсийн өмчлөгч гэдэг нь компанийн бүртгэл, гэрчилгээн дээрх нэр төдий биш, магадгүй тэнд нэр бичигдсэн хүмүүсээр дамжуулан тухайн компанийн үйл ажиллагааг жинхнээсээ ард нь удирдан чиглүүлж, ашиг орлого хүртэж байгаа цаад эздийг хэлж байгаа юм. Хууль зүйн хувьд ихээхэн нарийн тодорхойлолтууд бий. Манай улсын хувьд Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг цөөнгүй хуульд энэ ойлголт суусан байгаа.
Ер нь дэлхий даяарх эрдэс баялгийн салбартай холбоотой авлигын хэргүүдийг авч үзэхэд 70 гаруй хувь нь эцсийн өмчлөгч нь далд, нууцлаг компаниудаар дамждаг гэдэг судалгаа бий. Эдгээр нууцлаг өмчлөлийн цаана улстөрчид, эрх мэдэлтнүүд байх явдал түгээмэл учраас эцсийн өмчлөгдийг ил болгож байж авлигад хяналт тавих боломжтой болно гэж үздэг