Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэр танилцуулах үеэрээ Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд нүүрсний гэх хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Цагдаагийн байгууллагаас нүүрс экспортын компаниудын татвар төлсөн эсэх, нүүрсний төрөл, чанарын зөрүү, уурхайн ачилт, бохир нүүрсний зөрүү зэргийг мөрдөн шалгаж байгаа билээ.
Цагдаагийн байгууллага дотроо дэд ажлын хэсэг байгуулан 75 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Орон нутгийн өмчит Тавантолгой компанийн хувьцааны 51% нь орон нутгийнх, 19.69% нь Ажнай корпорац, 16.31% нь Шандас импекс, 12%-ийг бусад газар эзэмшдэг байна.
Жижиг Тавантолгой компаниас нүүрс худалдан авсан ААН-үүд мөнгө нэмж, экспортод гаргадаг болох нь батлагдсан.
2013-2017 онд 296 компанийн 7,373 тээврийн хэрэгсэл 32,230 удаагийн давтамжтай хоосон гарсан нь аудитын байгууллагаас тогтоогдсон.
Үүнээс манай улсын 19, БНХАУ-ын 27 ААН гэрээ хийсэн нүүрсний хэмжээнээс 942,000 тонныг экспортод илүү гаргасан байна.
Гашуунсухайт боомтоор хоосон гарсан гэх тээврийн хэрэгслийг шалгахын тулд 2,450 жолоочоос мэдүүлэг аваад байна. Нэг автомашинд хамгийн багадаа таван жолооч бүртгэлтэй гэж гарч ирсэн.
Мөн Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын 2013-2017 онд хилээр гаргасан нүүрсний хэмжээ, тээврийн хэрэгслийн мэдүүлгүүд хоорондоо зөрж байна.
Тухайлбал, бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн дугаараар нь шүүхэд “Приус”, “Портер” маркийн автомашин гарч ирсэн” гэсэн мэдээлэл өглөө.