Categories
мэдээ нийгэм

Цөмийн зэвсгээс ангижрах тухай олон улсын бага хурал болж байна DNN.mn

Япон улсын Ерөнхий сайд Кишида Фумиогийн санаачилсан цөмийн зэвсгээс ангижрах асуудлаарх олон улсын анхны хуралдаан /2022.12.10/ Японы баруун хэсгийн Хирошима хотод нээлтээ хийлээ. Хоёр өдрийн хуралдаанд цөмийн зэвсэгтэй гүрнүүд болон цөмийн зэвсэггүй орнуудын төлөөлөгчид оролцож санал бодлоо илэрхийлж байна.

Кишидагийн илгээлтийг Төрийн гадаад хэргийн сайд Такей Шунсукэ нээлтийн хуралдаан дээр уншиж танилцууллаа. Ерөнхий сайд илгээлтдээ чуулга уулзалтын хэлэлцүүлэг нь цөмийн зэвсгээс ангид дэлхий рүү чиглэсэн олон улсын хүчийг нэмэгдүүлэх чухал алхам болно гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна гэжээ. Мөн уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Барак Обама видео хэлбэрээр өөрийн үзэл бодлыг дамжуулсан байна. 2016 онд Обама атомын бөмбөгдөлтөд өртсөн Хирошима хотод айлчилж, тус хотод очсон АНУ-ын анхны ерөнхийлөгч болж байсан. Обама сүүлийн жилүүдэд цөмийн зэвсгийн аюулыг бууруулахад “зарим урам хугармаар ухарсан алхмууд” гарсныг онцлон тэмдэглэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, “Бага зэргийн ахиц дэвшил ч гэсэн ер бусын их хүчин чармайлт шаарддаг гэдгийг бид мэдэрч байна””Бид үр хүүхдүүддээ цөмийн зэвсэггүй ертөнцийг эрэлхийлэх үүрэгтэй.” Хэмээн уриалжээ.

Хуралдаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мөн видео мессеж илгээсэн байна. Тэрээр “Хирошима бол цөмийн зэвсгийн эмгэнэлт явдлын амьд бэлэг тэмдэг, энх тайвны итгэл найдвар юм” гэж онцолжээ. Үргэлжлүүлэн Цөмийн аюулыг таслан зогсоохын тулд атомын бөмбөгөөс амьд үлдсэн хүмүүсийн уриалгад анхаарлаа хандуулахыг мөн уриаллаа. Уулзалтын хүрээнд Япон, АНУ, Орос болон бусад орны төлөөлөгчид оролцон санал бодлоо илэрхийлэхээр төлөвлөсөн байна. Мөн Ням гарагт болох хаалтын хуралдаанд Японы ерөнхий сайд Кишида биечлэн оролцож үзэл бодлоо илэрхийлэх юм.

Цөмийн аюулын харанга дэлдэж байгаа энэ цаг үед дээрх хуралдаан цагаа олсон үйл явдал болж буйг олон улсын тоймчид үнэлж байна. Учир нь ОХУ ерөнхийлөгч Путин тус улсын Хүний эрхийн зөвлөлийн хуралдаан дээр Цөмийн дайны эрсдэл өсч байгааг онцлон тэмдэглээд манай улсын хувьд энэ төрлийн зэвсэг нь зөвхөн хамгаалах зорилготой гэж мэдэгдсэн. Түүнчлэн “Америкийн цөмийн зэвсэг Европын нутаг дэвсгэрт их хэмжээгээр байрлаж байна. Бидний хувьд цөмийн зэвсгээ өөр улсад дамжуулдаггүй бөгөөд цаашид ч ийм явдал болохгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ мэдээж бид бүх боломжит арга хэрэгслээр холбоотнуудаа хамгаалах болно, “биднийг түрүүлэн довтолбол бид хариу цохилт өгнө ” гэсэн түүний үгийг хэвлэлүүд онцлон тэмдэглэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *