НҮБ-ын Ерөнхий ассамблей Хүний эрхийн Түгээмэл тунхаглалыг 1948 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр баталж байв.
Энэхүү өдрийг хүн бүрийн төрөхөөсөө эдлэх эрх, эрх чөлөөг тунхаглан зарласан түүхэн өдөр хэмээн үзэж, жил бүр Олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд Хүн бүр арьсны өнгө, үндэс, хүйс, хэл, шашин шүтлэг, нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлыг үл харгалзан адил тэгш эрхтэй байхыг тунхаглан баталгаажуулж хүн төрөлхтөн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн тухай анхны баримт бичиг юм.
Монгол Улсын хувьд 1961-онд НҮБ-ын гишүүн орон болсон ч “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын талаар олон нийт огт мэдээлэлгүй байсан байна. Энэ нь тухайн цаг үеийн улсын бодлого, үзэл сурталтай ч холбоотой байсан байж болох юм.
Харин 1989 оны намар тухайн үеийн ЗХУ-д болосрол эзэмшсэн С.Амарсанаа гэх сэтгүүлч залуу худалдаж авсан орос сэтгүүл дээрээсээ “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” гэгчийг анх олж уншжээ. Үүнээс л ийм чухал зүйл дэлхий нийтэд байдаг гэдгийг санаа нийлсэн нөхдөдөө ярьж, хэлэлцэж явсаар анхны ардчилсан хувьсгал гарах очийг үсэргэжээ.
Ийнхүү С.Амарсанаа нарын 10 гаруй залуу “Монголын ардчилсан холбоо” гэж байгуулан 1989 оны 12-р сарын 10-ны өдөр анхны цуглаан зохион байгуулж, дуу хоолойгоо нийтэд хүргэж байж. Тэр цаг үед тухайн цуглаанд 30 гаруй хүн л ирсэн гэдэг.
Энэ л үеэс залуу үеийнхэн нуугдмал байсан шинэ зүйлийг соргогоор тусган авч, хүн бүрт эдлэх ёстой эрхийг нь таниулах эхний алхмуудыг хийж, 1990 онтой золгожээ.
Ингээд та бүхэнд “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын талаар товч мэдээлэл хүргэе.
Тунхаглал батлагдсан түүхээс:
1945 онд Женевт хуралдсан НҮБ-ын Бага хурлаар Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл хэд хэдэн тодорхой салбарт ажлын хэсэг байгуулан ажиллах үүрэг өгсний нэг нь хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргах явдал байсан.
Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл 1946 оны анхдугаар хурлаараа НҮБ-ын Хүний эрхийн Комиссыг байгуулж Комиссын анх удаа Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын төслийг боловсруулсан байна. Тунхаглалын төсөл боловсруулах ажлын хэсгийг АНУ-ын Ерөнхийлөгч Теодор Рузвельтын эхнэр Элеонар Рузвельт удирдаж, нэг жилийн хугацаанд боловсруулж дууссан аж. Харин НҮБ-аас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ний өдөр батлан, 1950 оноос Олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэх болжээ.
Өнөөдөр хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дэлхийн 375 хэлээр орчуулж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд үндэслэн, түүнээс салбарласан хүний эрхтэй холбоотой гэрээ, конвенц, хууль, эрх зүйн баримт бичгүүд гарсаар байна.