Categories
гадаад мэдээ

Их Британи, Япон, Итали улсууд шинэ үеийн сөнөөгч онгоц бүтээх төсөлд хамтрахаар болов DNN.mn

Хиймэл оюун ухаанд суурилсан шинэ үеийн сөнөөгч нисэх онгоц бүтээх төсөлд Их Британи, Итали, Япон улсууд хамтран ажиллахаар болсныг зарлажээ.

Гурван улсын хамтран бүтээсэн шинэ сөнөөгч онгоц 2030-аад оны дундуур ашиглагдаж эхлэх гэнэ.

“Бид бол өндөр технологийн сөнөөгч онгоц бүтээх чадвартай дэлхийн цөөхөн улсуудын нэг билээ” гэж Их Британийн ерөнхий сайд Риши Сунак өчигдөр тус улсын Линкольншир гүнлэгт болсон арга хэмжээнд оролцохдоо мэдэгджээ.

Шинэ үеийн сөнөөгч нисэх онгоц бүтээх ажил асар өндөр зардалтай байдаг. Тухайлбал F35 сөнөөгч онгоц бүтээх Пентагоны төсөл одоогоор өртөг зардлын дээд хэмжээг тогтоогоод байгаа.

Өрнөдийн бусад холбоотон улсууд ч энэ чиглэлд хамтран ажиллаж эхлээд байна. Жишээ нь Франц, Герман, Испани улсууд бас нэг ийм төсөл дээр ажиллаад эхэлсэн юм.

Зургаадугаар үеийн “Tempest” сөнөөгч онгоц бүтээх шинэ төсөлд Их Британийн BAE Systems гол үүрэгтэй оролцож, Японы Mitsubishi Heavy Industries, Италийн Leonardo компаниуд хамтрахаар болжээ.

Шинэ төсөл нь Их Британийн аюулгүй байдлыг хангаад зогсохгүй олон мянган ажлын байр бий болгох эдийн засгийн үр өгөөжтэйг Риши Сунак онцолсон байна.

“Их Британийн өнөөдрийн болон ирээдүйн аюулгүй байдал манай засгийн газрын хувьд үргэлж чухал ач холбогдолтой байх болно. Тиймээс бид батлан хамгаалах технологийн дэвшлээр бидэнд аюул занал учруулахыг санаархагчдаас үргэлж түрүүлэх ёстой. Өнөөдөр Итали, Япон улсуудтай байгуулж буй түншлэл нь Евро-Атлант болон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг салгаж үзэх боломжгүйг харуулж байна. Зохион бүтээсэн шинэ үеийн сөнөөгч нисэх онгоц маань биднийг болон манай холбоотнуудыг хамгаалах болно. Манай батлан хамгаалах хүч чадлыг өсгөхөөс гадна ажлын байр олныг бий болгох юм” гэж тэр хэлжээ.

Эх сурвалж: BBC

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *