Дэд бүтцийн салбарт 50 гаруй жил ажиллахдаа “Мянганы зам”, “Эрчим хүчний нэгдсэн систем”, “Монголын холбоо, мэдээллийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги”, “100 мянган нарны гэрэл” зэрэг богино, дунд, урт хугацааны томоохон төсөл, хөтөлбөр санаачлан, удирдан хэрэгжүүлж, Тайшир, Дөргөний усан цахилгаан станц байгуулах, баруун бүсийг эрчим хүчний төвлөрсөн системд холбох, малчид, алслагдсан газарт ажиллаж амьдарч байгаа иргэдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, төв суурин газруудыг автозамаар холбох ажлыг амжилттай удирдан, үндэсний автозамын сүлжээг өргөжүүлэх ажлыг санаачлан эхлүүлсэн, 21 аймгийг холбосон холбоо мэдээллийн хурдны сүлжээ бий болгож, орон нутагт телевиз, FМ радиогийн олон суваг, үүрэн холбооны сүлжээ барьж байгуулах ажлыг зохион байгуулсан, Нийслэлийн цэвэр усны найдвартай эх үүсвэр бий болгох, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд, Өвөрхангай зэрэг аймагт төвлөрсөн усан хангамж, цэвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж байгуулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд жинтэй хувь нэмэр оруулсан Дэд бүтцийн сайд асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Хөдөлмөрийн баатар Б.Жигжидтэй ярилцлаа.
МОНГОЛ САЙХАН НУТАГ УСАНДАА ХҮН БОЛЖ ТӨРСӨНДӨӨ БАХАРХСАН
-Юуны өмнө танд Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм алдрыг хүртсэнд баяр хүргэе. Төрийн тэргүүнээс эрхэм хүндтэй шагналыг хүртээд зогсож байх агшинд ямар сэтгэгдэл төрж байв?
-Баярлалаа, Ерөнхийлөгчөөс төрийн дээд шагналыг аваад хамгийн түрүүнд бодогдсон зүйл гэвэл нэгдүгээрт, монгол сайхан нутаг усандаа хүн болж төрсөндөө бахархсан, хөдөөний малчин айлын хөдөлмөрч хүмүүжлээр өсгөн өндийлгөсөн аав ээжийн минь буян, халамжит хань үр хүүхдүүдийн минь түшиг дээ гэж бодогдсон.
Хоёрдугаарт, миний бие ажлын гараагаа эхлэхээс үргэлжид “хоолой дээр хутга тавьсан” асар их хүндрэлтэй үйлдвэр, аж ахуйн салбаруудыг хариуцан удирдаж, бэрхшээлийг даван туулах, өөдлөн хөгжүүлэхээр мэрийн өдөр шөнийг ялгалгүй зүтгэснээр зохих үр дүнд хүрч байсан байх. Энэ нь чухамдаа хамтран ажиллаж байсан чадварлаг менежерүүд, мэргэжилтэн, ажилчдын маань ач тус, ажлын үр дүн. Тийм баг, хүмүүсийг сонгон ажиллуулж, зорилгоо тодорхойлж, хүмүүжүүлж хатуу чанга дэгтэйгээр ажиллуусан сайн нөхдийн маань хүч. Тэд маань надтай адил ар гэр, амьдралаа умартан улс орондоо зүтгэсэн гавьяатнууд билээ. Надтай олон жил, олон үйлдвэр, салбарт хамт зүтгэсэн багийн маань хөдөлмөрийн үр дүн. Түүнийг маань төр өндрөөр үнэлсэн хэрэг, энэ бүхнээрээ би үргэлж бахархаж явдаг.
-Та ажил, амьдралын гараагаа анх эрчим хүчний ээлжийн диспетчерээр эхэлсэн гэдэг шүү дээ. Залуу цагийнхаа дурсамжаас яриагаа эхлэх үү?
-Би 1964 онд Архангай аймгийн Жаргалант сумын бага сургуулийг дүүргээд, манай суманд дунд сургууль байхгүй учраас хажуугийн Эрдэнэмандал суманд зургаан жил дотуур байранд суусан. Тэндээ бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Тэр үеийн сумын сургуулийн дотуур байрны халаалт муу, гэдэс хонхолзуулсан, хувцас хунараа өөрөө угаана, орон гэр, ээж ааваа санахаас өгсүүлээд ер нь “өрх толгойлсон хүүхэд” гэсэн үг. Аравдугаар ангиа онц дүнтэй төгсчихөөд хөдөөний хүүхэд цаашид яах, ямар сургуульд орохоо сайн мэдэхгүй. Улаанбаатарт дээд сургууль дүүргэн хөдөө ирсэн, мотоцикль унасан, ганган хувцасласан цөөн байх сэхээтнүүд гоё харагдаад ийм хүн болдог ч юм уу гэж бодогдоно. Тэгтэл надаас санал асуулгүй сурлага сайтай гээд ЗХУ-д Свердловскийн Уралын Политехникийн дээд (одоо Екатеринбург хотын Бүх Холбоотын Уралын их сургууль)-д шууд хуваарилчихсан байв. Энэ сургууль маш нэр хүндтэй эрдмийн уурхай ЗХУ-ын нэртэй том үйлдвэрүүдийг боловсон хүчнээр хангадаг, орос, дэлхийд цуутай эрдэмтэн мэргэдийг төрүүлсэн сургууль юм. Бас ЗХУ, ОХУ-ын нэртэй удирдагчид ерөнхийлөгч Б.Ельцин, ерөнхий сайд Н.Рыжков зэрэг нэртэй улстөрчид төрөн гарсан байдаг. Энэ сургуулийг би бээр онц сурлагатны үнэмлэх (хожим “Хүндэт төгсгөч” диплом хүртээсэн)-тэй дүргэсэн юм. Дээд сургуулиа төгсөж ирээд ажлын гараагаа Төвийн Эрчим хүчний систем ТЭХС (сүүлд Эрчим Хүчний Удирдах Газар нэртэй болсон) уг системийн Диспетчерийн албанд ээлжийн диспетчерээр ажлын гараагаа эхэлсэн дээ.
-Хариуцлагатай, хүнд ажил байсан байх даа?
-Улсын ТЭХСистемд хамрагдсан бүх цахилгаан станцууд, дамжуулах өндөр хүчдэлийн сүлжээ, цахилгаан түгээх сүлжээ, дулаан шугам сүлжээ, ЗХУ-аас нийлүүлэх цахилгааны импорт гээд эрчим хүчний зохицуулалтыг удирдах эдгээр үйлдвэрүүд, сүлжээнүүдэд гарсан аваар, гэмтлийг шуурхай шийдвэрлэх, хангалтыг цаг минутаар зохицуулах ажлыг ээлжиндээ хариуцна. Нарийн автоматжилт, ухаалаг технологи байхгүй тэр үед хотын АТС-ийн хоёр утас чихнээсээ салгахгүй, тэрүүгээрээ бүх үйл ажиллагааг удирдана. Хажуугийн цоожтой өрөөнд утас авахад автоматаар ажилдаг нэг ”айхавтар” магнитфон бидний яриаг бүтэн бичдэг хянагчтай. Ээлжийн хугацаанд алив алдаа гаргасан, команд шийдвэрийн зөв эсэхийг удирдлага сонсч шүүнэ. Алдаатай шийдвэрээс болж улс нийгэмд ноцтой хохирол, аюулд хүргэх учраас маш хариуцлагатай, мэргэжлийн өндөр түвшинд ажиллах мэдлэг чадварыг эзэмшсэн байх шаардлагатай алба байлаа. Энэ ажлыг дөрвөн жил гаруй хийсэн. Эргээд энэ бүхнийг хянадаг, хөдөлмөрийн аюулгүй байдал, аваар ослоос урьдчилан сэргийлэх, буруутан, хохирлыг тогтоох үүрэгтэй “Хяналтын алба” байгуулагдаж, жил гаруй даргаар нь ажилласан. Цахилгаан станц, шугам сүлжээний найдвартай, аюулгүй ажиллагаа гэдэг чинь маш чухал шүү дээ. Дөнгөж төгсөж ирсэн туршлага дадлагагүй ногооноороо хүн чинь ийм хариуцлагатай ажилд шууд орно гэж байхгүй шүү дээ. Бараг жилийн турш эрчим хүчний үйлдвэрийн газруудаар явж дагалдан сургалтад хамрагдан станц, сүлжээ бүрт ажиллан тус бүрийн технологи, ажиллагааны талаар шалгалтад хамрагдаж тэнцэж байж сая жинхэлнэ. Уг нь тэнд цахилгааны мэргэжлийн хүн ажиллах нь зохилтой, бусад диспетчерүүд маань цахилгаан техникийн мэргэжилтнүүд байлаа. Би дулаан хангамжаар дээд сургууль төгссөн ч намайг яагаад аваачсан бэ гэхээр, тэнд ажилладаг байсан хүмүүс нь дандаа цахилгааныхан, эсвэл МУИС-ийг Монголын физик-химийн техникээр төгссөн улс байлаа. Тэгээд бас сайн сурч төгссөнийг харгалзан энэ албанд дулааны чадвартай мэргэжилтэн байлгавал чухал гэсэн дарга нарын нүдэнд би өртөж мэргэжил дээрээ цахилгааны мэргэжилд давхар (мэдээж нарийн бус ерөнхий) сурах хэцүү шахалтад унасан даа. Гэвч энэ нь миний ирээдүйн ажил, албанд онцгой ач тусаа өгсөн юм.
ИНЖЕНЕРИЙН ӨНДӨР ЧАДВАР, УДИРДАХ АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ ОРЛОГЧ САЙД
– Яаж яваад та улс төртэй холбогдов?
-Тэндээ таван жил ажиллаад байтал Улаанбаатар хотын дулааны хангамж ноцтой хүнд байгаа тул ажлыг нь сайжруул гэсэн хүнд даалгавар Яам, Хотын намын хорооноос тулган шийдвэрлэж намайг Нийслэлийн Дулааны цахилгаан шугам сүлжээний газрын ерөнхий инженерээр томилсон. Энэ газарт ерөнхий инженер, даргын ажлыг хийж ажил төрөлд зохих үр дүн гарч байтал Намын төвийн нарийн бичгийн дарга, Монголын аж үйлдвэрлэлийн эцэг гэгддэг П.Дамдин гуай дуудлаа “түргэн ир” гэв. Юу буруу хийж ямар асуудал гараа бол гэж ажил төрлийн асуудлаа байдгаараа бэлдэн очтол, Дамдин дарга шууд л “За Жигжид ээ, байгуулагдаад цөөн жил болж байгаа Нийтийн Аж Ахуй, Үйлчилгээний яам (НААҮЯ) үйлдвэр хоршооллын (Монголын Үйлдвэрлэлийн Хоршоодын Холбоог татан буулгаж, хоршоолсон ардын өмчийг улс хурааж авсан) арга барилаас салахгүй байна, тэнд инженерийн өндөр чадвар, удирдах ажлын туршлагатай хүн орлогч сайдаар тавих шаардлагатай байна. Чамайг тус яамны орлогч сайдаар томилно” гэв.
Яамны орлогч сайд гэдэг чинь улс төрийн ажилтан болж буй хэрэг. Салбараасаа явах дургүй байсан ч намын даалгаврыг дагах учиртай болохоор тайлбар тавьсан ч дарга хүлээж аваагүй, тэр албыг хаших болсон доо.
-Тэр яаманд та ямар асуудал хариуцдаг байв?
-Нийтийн аж ахуйн болон салбарын хөрөнгө оруулалтын асуудал хариуцуулсан. НААҮЯ үндсэн хоёр том салбарыг хариуцах үүрэгтэй. Нэгдүгээрт, нийтийн үйлчилгээний орон сууц зочид буудлууд, инженерийн аж ахуй. Тэр нь бүх сумдын халаалтын зуух, аймаг, нийслэл хотуудын усан хангамж, цэвэрлэх байгууламж, цэвэр, бохир усны шугам сүлжээ, аймаг, нийслэл хотуудын зочид буудал, нийтийн халуун ус, орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээ, тэдгээрийн барилга, хөрөнгө оруулалт. Хоёрдугаарт, ард иргэдийн ахуйн үйлчилгээ. Тэр нь угаалга, хими цэвэрлэгээ, үсчин, гоо сайхан, радио, телевизор засвар, гутал хувцасны захиалгат үйлчилгээ, засвар гэх мэт үйлчилгээ, хөрөнгө оруулалтын асуудлууд хамрагдана. Энэ хоёр салбарын хөрөнгө оруулалт, барьж байгуулах гээд зүү утаснаас авахуулаад инженерийн том байгууламжийн асуудлыг хариуцсан ярвигтай тун ч өргөн хүрээтэй ажил байсан даа. Орон сууц, НАА, инженерийн ажил хариуцъя, хөрөнгө оруулалтын асуудлаа яамны эдийн засаг хариуцсан орлогч сайд хариуцах нь зүйтэйг сайддаа хэлж хүсэлт тавьсан ч сайд “өөрийг чинь хариуцах нь ажилд хэрэгтэй гэж байна” гэснээр би аргагүй хариуцах болсон, их л ачаалалтай байсан юм. Тэр үед олон аймгийн төвүүдэд төвлөрсөн усан хангамж байхгүй. Жишээ нь, Архангай аймгийн төв гэхэд хот дотроо хэдэн гүний худагтай орон сууцны байруудыг цэвэр усаар хангадаг. Гүний насос сэлбэггүй хангалт тасалдах, бохир усны төвлөрсөн байгууламжгүй, бохир усны цооногуудаас бохирын машинуудаар соруулж зайлуулна. Бохирын машин хүрэлцээгүй, сэлбэггүй мэт зовлонгоос бохирын цооногуудаас бохир хальж, өвөл гудамж талбай бохирын мөс тогтох, дулааны улиралд өмхий үнэр, ялаа батгана гээд орчин бохирдох эрүүл ахуйн нөхцөл зөрчигдөх гээд хүндрэл байнга гарна. Ийм байдал 10 гаруй аймгийн төвүүдэд нийтлэг байж билээ. Нүүрсгүй, машингүй, дулаангүй гээд л эд чинь бүгд миний ажил шүү дээ. Энэ болгоныг чинь шийдэх хэрэгтэй. Төвлөрсөн усан хангамжтай, цэвэрлэх байгууламжтай болгоно. Байшин барилгыг нь засаж тордоно. Нүүрсээ ч татах машингүй, шатахуунгүй болчихдог байлаа. Аймгуудын төв, сум суурингийн хоцрогдсон халаалтын зуухнуудын хүндрэл, нүүрс, дизелийн хомсдол, тээвэрлэлт гээд зовлон их байсан сан.
-Тухайн үед энэ салбарт ид бүтээн байгуулалтууд явагдсан байдаг?
-Тийм ээ, дээр дурдсанчлан олон аймгуудын төвүүдэд усан хангамжийн төвлөрсөн эх үүсвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэр бохирын байгууламжийн барилга байгууламж баригдсан. Улаанбаатарт ундны усны эх үүсвэр, бохир усны томоохон коллекторууд, хими цэвэрлэгээний комбинет, бассейнтай халуун усны цогцолбор баригдсан. Нийслэлийн 3, 4 болон 5, 6 зэрэг орон сууцны том хорооллууд, Дархан, Багануур, Эрдэнэтэд орон сууцны барилгууд, инженерийн шугам сүлжээ цөм баригдсан НААҮЯ захиалагчийн үүргийг гүйцэтгэсэн юм. Товчхондоо, Монголын хамгийн өргөн цар хүрээг хамарсан, улс орны хот, хөдөөг бүрэн хамарсан хөлтэй яам бол Нийтийн аж ахуйн яам байсан юм. Харамсалтай нь 1989 оны сүүлчээр тус яамыг татан буулгасан юм. Бас хоршоолсон малчдын Хөдөө аж ахуйн нэгдэл, мөн газар тариалангийн Сангийн аж ахуйнуудыг ч татан буулгасан. Үүний гороор сумын төв дээр байдаг дизель станц, усан хангамж, уурын зуух шугам сүлжээ, халуун ус, ахуйн үйлчилгээний байгууламжууд эзгүйдэн үйл ажиллагаа нь үндсэндээ бүрэн зогсож улмаар тоногдож үрэгдсэн. Сумдын төвд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээс аргагүй сургууль цэцэрлэг, эмнэлгүүд нь гэрэл, ус, дулаангүйгээс барилгынхаа өрөө болгонд зуух тавин цонхоороо яндан гарган амиа зогоох болсон. Ийнхүү сум суурин газрын амьдрал хатуухан хэлэхэд, феодализмын үетэй дөхөж очиж байгаа юм. Энэ бүхнийг надаас өөр ярих хүн бараг үгүй юм даа. Оросуудын ярьдгаар “хүндрэлийг бид өөрсдөө бүтээж баатарлаг хөдөлмөрөөрөө түүнийгээ дахин туулдаг” гэдэг шиг. Ийм болгосон сумын төвийн дээрх аж ахуйгаа дахин ихээхэн хөрөнгө зарж сэргээн босгож эхэлсэн дээ.
-Харамсалтай зүйл болжээ. Та тэгээд ямар ажил эрхлэх болсон бэ?
-1990 онд Их хурлын сонгууль явагдаж, МАХН үнэмлэхүй ялалт байгуулж, шинэ Засгийн газар байгуулагдсан. Ингээд 1990 оны сүүлээр шинэ Засгийн газрын тэргүүн Д.Бямбасүрэн гуай нэг өдөр өрөөндөө дуудав, яваад ортол “Чамайг Түлш эрчим хүчний сайдаар томилно” гэж байна. Би энэ салбарын дээд удирдлагад ажиллаж үзээгүй. Ажилламааргүй байна гэдгээ хэллээ. Гэтэл сайд “Ерөнхийлөгчтэй яриад тохирчихсон. Намын даалгавар шүү” гээд л ам таглачихлаа. Ингээд би өндөр төрийн сайд боллоо. Хүнд он жилүүд байлаа. 1988-1989 онуудад хотын тогийг байнга тасална. Хязгаарлалтууд хийнэ. Намайг сайдын албан тушаалыг авахад Дөрөвдүгээр цахилгаан станцын зургаан том уурын генераторын нэгэнд нь л засвар хийсэн. Нэгийнх нь засвар 90 хувьтай явж байв. Энэ станц дангаараа Улаанбаатарын цахилгааны 90 хувийг, дулааны 60 хувийг хангадаг. Өвөл хаяанд тулчихсан. Түлшгүй, шатахуунгүй, сэлбэггүй ийм л цаг үед сайдын албыг авсан.
-Тэр хүнд байдлаас хэрхэн гарав?
-Тийм хүнд хэцүү цаг үед Монгол Улсын түлш эрчим хүчний салбарыг удирдана гэдэг итгэл төрөхгүй л байлаа. Дотроо бол маш их айсан. Монгол Улсын галыг тасалчихгүй юмсан л гэж бодож байлаа. 1995-1996 он хүртэл эрчим хүчний салбарын зогссон, хэзээ мөдгүй зогсох гэж байгаа үйлдвэрүүдийг хаалгыг нь бариулахгүй гэж зүтгэсэн дээ.
ТУЛАХ ЦЭГТЭЙ, ТОГТВОРТОЙ САЛБАР БОЛГОХООР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЗҮТГЭСЭН НЬ
-Дахин хоёр Засгийн газарт Эрчим хүч, геологи, уул уурхайн сайд, Дэд бүтцийн сайдаар дараалан ажилласан шүү дээ. Өөр өөр бүрэлдэхүүнтэй, өөр өөр салбарыг авч явахад хэр онцлогтой байв?
-1992 онд манай улс шинэ Үндсэн хуулиа баталсан. Ардчилсан сонгууль зохион байгуулж, дахин шинэ Засгийн газрыг бүрдүүлж, П.Жасрай гуай удирдаж байсан он жилүүд. Тухайн үед эрчим хүчний салбар арай л сэргэчихсэн, хөл дээрээ тогтох суурьтай болчихсон ажил жигдэрчихсэн үе байлаа. Гэтэл 1994 онд манай яамыг Эрчим хүч, геологи, уул уурхайн яам болгож өөрчлөөд намайг солих юм болов уу гэж бодоод баярлатал, П.Жасрай сайд “Жигжид ээ, чамаас өөр энэ салбарыг авч явах хүн байхгүй” гэдэг юм байна. Хүнд үед нь унтраачихалгүй аваад явсан салбараа үргэлжлүүлэн удирдаад явахад айх зүйл байгаагүй. Тулах цэгтэй, тогтвортой салбар болгохоор үргэлжлүүлэн зүтгэсэн дээ. Гэхдээ хоёрхон жилийн дараа 1996 оны парламентын сонгуулиар АН олонхи болж, хамтарсан Засгийн газар байгуулахад мэргэжил боловсролтой, салбараа мэддэг олон сайд лааз өшиглөсөн дөө. Түүний нэг нь би. Өглөөд цонхоор хараад л гадаа хог шүүрдэж байгаа хүнд атаархана. Ажилтай байх ямар сайхан юм бэ гэж бодогдоно. Гудамжинд хог шүүрдэж байсан хүнд хүртэл атаархаж гэртээ нэг жил ажилгүй суусан даа.
Үргэлжлэл бий…