Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөмжөөр нууцад хамааруулсан байсан есөн гэрээг ил болгохоор Засгийн газар шийдвэрлэлээ. Гэрээг ил болгож, Авлигатай Тэмцэх Газарт өгч шалгуулах, УИХ дээр байгуулагдсан Түр хороонд шилжүүлэх зэрэг үүрэг өгөгдсөн” гэлээ.
Эдгээр гэрээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдийн гэрээ аж. “Энэ мэт бүтээн байгуулалтын төслүүдийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад хамааруулдаг байдлыг таслан зогсоож, цаашид Засгийн газар нэг ч нууц гэрээ байгуулахгүй, батлахгүй гэсэн зарчмын шийдэлд хүрсэн” хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нэмж хэллээ.