Касым-Жомарт Токаев Казахстаны ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд 80 гаруй хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэрбээр энэ удаагийн сонгуульд нийт таван нэр дэвшигчтэй өрсөлдөж, олон тооны саналаар илүүрхсэн билээ.
Шинэ Үндсэн хуулийн дагуу Казахстаны шинэ Ерөнхийлөгч долоон жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгогдох боломжтой бөгөөд энэ хугацаанд сонгуулийн амлалт, шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлнэ. Сүүлийн гурван жилийн хугацаанд Казахстаныг удирдаж буй Токаев улс орны хөгжил дэвшилд чухал нөлөөтэй шийдвэр гаргах чадвартай, алсын хараатай удирдагч гэдгээхаруулж чадсан тул түүнийг шинэ төрийн тэргүүн гэж нэрлэхгүй. Харин ард түмэндээ эчнээ танил болсон удирдагч гэж нэрлэхэд хилсдэхгүй.
Иймээс түүнийг дэмжиж саналаа өгсөн иргэдийн тоо хуучин-шинэ төрийн тэргүүн болон түүний бодлогод олон нийтийн дэмжлэг, итгэл өндөр байсныг гэрчилж байна. Токаев засгийн эрхэнд гарснаар тус улсад асар том ардчилсан өөрчлөлтүүд өрнөж, улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдэж, “гацаа”-наас гаргасан юм. Мөн Казахстан Төв Азийн өндөр потенциалтай орон гэдгээрээ дэлхийн тавцанд илүү анхаарал татах болсон нь гайхах зүйл биш.
Касым-Жомарт Токаев Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр хууль ёс, дэг журам үйлчилдэг, иргэдийн эрхийг дээдэлдэг Шударга Казахстан улсыг байгуулах хүнд хэцүү замын эхэнд байгааг онцлон тэмдэглэжээ. Нийгмийг өөрчлөх, Казахстаныг жинхэнэ ардчилсан институц бүхий хөгжингүй орон болгохын тулд маш их ажил хийх шаардлагатай байгааг тэрбээр мөн онцолсон юм. Энэхүү шинэчлэл нь боловсролоос эхлээд үйлдвэржилт хүртэл Казахстаны бүхий л салбарыг хамрах аж.
Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа Касым-Жомарт Токаев хэд хэдэн чухал зарлигт гарын үсэг зурав. Нэгдүгээрт, нийт хүн амын 40 орчим хувь нь амьдардаг хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд анхаарна. Холбогдох үзэл баримтлалыг тус улсын Засгийн газар таван жилийн дотор боловсруулна. Хоёрдугаарт, Казахстаны Парламентын Сенатын сонгуулийг 2023 оны нэгдүгээр сарын 14-нд товлолоо. Мөн 2023 оны зургаадугаар сард тус улсын Парламентын Мажилисын сонгууль болно. Дээрх хоёр сонгууль Казахстан улсад хийгдэж буй Үндсэн хуулийн шинэчлэлийн бодит хэрэгжилтийг үргэлжлүүлнэ.
Ерөнхийлөгчийн гаргасан зарлигууд дундаас олны дунд хамгийн их хүлээлттэй байгаа нь хууль бусаар гаргасан хөрөнгийг улс оронд эргүүлэн татах, төрд буцаах талаарх зарлиг, тогтоолюм.Казахстаны бизнесмэн, улс төрчидтэй холбоотой ийм хэрэг багагүй гарч буй. Жишээлбэл тэдний нэг нь Мухтар Аблязов. Тэрбээр Казахстаны ард түмнээс хулгайлсан мөнгийг эх орныхоо улс төрийн дэглэмийг нураах, Европт хуйвалдаан зохиоход ашиглаж байна.
“Гадагшаа хууль бусаар гаргасан бүх хөрөнгө иргэдийн эрх ашгийн төлөө зарцуулагдах ёстой. Тэдгээр хөрөнгийг өндөр технологийн үйлдвэрлэл, сургууль, эмнэлэг барих, нийгмийн төслүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийхэд зарцуулах ёстой” гэж Казахстаны удирдагч үзэж байна.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр хэлсэн үгэндээ Токаев Казахстаны гадаад бодлогыг асуудлыг хөндөв.“Хөрш улсууд болох БНХАУ, ОХУ, Төв Азийн ах дүү улс орнууд, интеграцийн нийгэмлэгийн түншүүдтэй харилцан ашигтай хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийн харилцаагаа өргөжүүлэхэд нэн тэргүүнд анхаарал хандуулна. Бид АНУ, Европын холбоо, Ази, Ойрхи Дорнод, Кавказын орнууд, сонирхогч бүх оронтой олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлтаа гаргах болно. Казахстан улс орчин үеийн олон улсын эрх зүй болон НҮБ-ын дүрмийг тууштай баримталсан хэвээр байна” гэж Касым-Жомарт Токаев мэдэгдэв.
Казахстаны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тус улсын бүрэн эрхт байдалд хэн ч халдаагүй тохиолдолд Казахстан улс энх тайван, шударга ёсыг сахисан бодлогодоо үнэнч хэвээр байж, олон улс, геополитикийн аливаа асуудалд аль нэг талыг баримталсан бодлого хэрэгжүүлэхгүй гэдгийг хэллээ.
Д.Нэргүй