Categories
гадаад мэдээ

Зэвсгийн худалдаа өсчээ DNN.mn

Дэлхийн зэвсгийн худалдаа өнгөрсөн онд долоо дахь удаагаа жил дараалан өсжээ. Зэвсгийн худалдаагаар тэргүүлэгч 100 компаний нийт худалдаа 2021 онд өмнөх онтой харьцуулахад 1.9 хувиар өсөж, 592 тэрбум ам.долларт хүрсэн гэж Стокхолмын олон улсын хүрээлэн(SIPRI)-гээс танилцуулсан дэлхийн зэвсгийн худалдааны нөхцөл байдлын талаарх тайланд дурдсан байна.

Өнгөрсөн онд “COVID-19” цар тахал дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд ноцтой бэрхшээл учруулж, Украины дайн ч мөн нөлөөлжээ. Энэ нь Украинд нийлүүлсний улмаас багассан зэвсгийн нөөцийг нөхөх, цэргийн чадавхыг бэхжүүлэх Европ, АНУ-ын хүчин чармайлтад саад болж болзошгүй гэж “SIPRI”-ийн тайланд дурджээ. “Үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд цаг хугацаа шаардагдана. Хэрэв нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдал үргэлжилсээр байвал зэвсгийн томоохон үйлдвэрлэгчдийн заримд нь Украинд болж буй дайнаас үүдэлтэй шинэ эрэлт хэрэгцээг хангахад хэдэн жил шаардагдаж магадгүй” гэж “SIPRI”-ийн ахлах судлаач Диего Лопес да Силва бичсэн байна.

ОХУ-ын цэрэг-аж үйлдвэрийн компаниудын хувьд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд хагас дамжуулагчийн бэрхшээл тулгарч байгаа бөгөөд одоогоор тэдэнд үүнийг олж авах боломж хязгаарлагдмал байна. Тус улсад тавьсан хориг ч мөн нөлөөлж байгаа бөгөөд үүний улмаас үйлдвэрлэгчид экспортолсон бүтээгдэхүүнийхээ төлбөрийг авч чадахгүй байгааг тэмдэглэжээ.

Өнгөрсөн 2021 онд зэвсгийн худалдаагаар тэргүүлэгч 100 компанийн жагсаалтад ОХУ-ын зургаан компани багтаж, гурван компани хасагджээ. Жагсаалтыг өмнөхийн адил АНУ-ын компаниуд тэргүүлж байна. Жагсаалтад багтсан тус улсын 40 компанийн зэвсгийн нийт худалдаа 299 тэрбум ам.доллар болжээ. Жагсаалтын эхний тавд мөн л АНУ-ын компаниуд бичигдсэн байна. Бусад улсын зэвсэг үйлдвэрлэгчид 2018 оноос хойш эхний тавд багтаж чадахгүй байгаа юм. Харин Европын зэвсгийн үйлдвэрлэгчдийн тухайд уг жагсаалтад 27 компани орсон бөгөөд 2021 онд нийт худалдаа нь өмнөх оныхтой харьцуулахад 4.2 хувиар өсөж, 123 тэрбум ам.долларт хүрчээ. Европын компаниудаас Францын “Dassault Aviation Group” нийт 6.3 тэрбум ам.долларын үнэ бүхий 25 “Rafale” байлдааны онгоц нийлүүлж, борлуулалтаа 59 хувиар нэмэгдүүлжээ. Ази болон Далайн орнуудаас жагсаалтад 21 компани багтсан бөгөөд зэвсгийн худалдаа нь 136 тэрбум ам.долларт болсон нь өмнөх оныхоос 5.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүний 109 тэрбум ам.доллар нь нийт худалдаа нь өнгөрсөн онд 6.3 хувиар өссөн Хятадын найман компанид ногдож байна. Уг жагсаалтад багтсан Өмнөд Солонгосын компаниудын хувьд өнгөрсөн онд нийт 7.2 тэрбум ам.долларын зэвсгийн худалдаа хийсэн нь 2020 оныхтой харьцуулахад 3.6 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Ийнхүү өссөн нь “Hanwha Aerospace” компанийн зэвсгийн нийлүүлэлттэй холбоотой байна. Тус компани зэвсгийн худалдаагаа 7.6 хувиар нэмэгдүүлж 2.6 тэрбум ам.долларт хүргэжээ. Польштой томоохон гэрээ байгуулсантай холбоотойгоор энэхүү компанийн худалдаа ирэх жилүүдэд өсөх хандлагатай байгаа аж.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *