Украины хилээс хол оршдог Оросын хоёр агаарын баазад халдлага гарах үеэр гурван цэргийн алба хаагч амь үрэгджээ. Үүнийг Москва Украины талаас зохион байгуулсан дроны халдлага гэж тайлбарласан байна. Харин Киевийн засгийн газар халдлага зохион байгуулснаа хүлээн зөвшөөрөөгүй байна. Украины арми үүнийг зохион байгуулсан бол энэ нь дайн эхэлснээс хойш Оросын нутаг дэвсгэрийн хамгийн гүнд өгсөн цохилт болж байгаа юм. Халдлагын нэг бай нь Саратов хотын ойролцоох Энгельсийн агаарын бааз байжээ. Энд Оросын стратегийн цөмийн зэвсэгт хүчний бөмбөгдөгч онгоцнууд байрладаг юм. “Киевийн дэглэм Оросын алсын нислэгийн онгоцыг устгахын тулд Зөвлөлтийн үеийн нисгэгчгүй тийрэлтэт онгоцоор Рязань мужийн Дягилево, Саратов мужийн Энгельс агаарын баазуудад цохилт өгөхийг оролдлоо. Нам өндрөөр довтолсон дронуудыг манай агаараас хамгаалах систем устгасан ба үлдэгдэл нь газарт унахдаа хоёр нисэх онгоцыг гэмтээж, дөрвөн хүнийг шархдуулсан” гэж ОХУ-ын батлан хамгаалах яам мэдэгджээ. Хариуд нь Украины батлан хамгаалах, харилцаа холбоо, эрчим хүчний нийт 17 байгууламжид агаараас болон тэнгисээс пуужингийн цохилт өгсөн гэж мэдэгджээ.
Рязань мужийн агаарын бааз халдлагад өртөх үеэр цэргийн гурван алба хаагч амь үрэгдсэнийг сүүлд РИА Новости агентлаг мэдээлжээ. Рязань дахь бааз нь Москва хотоос зүүн өмнө зүгт 185 км зайтай, Саратовын бааз нь зүүн өмнө зүгт 730 км зайтай тус тус оршдог юм. Оросын стратегийн цөмийн зэвсэгт хүчний бөмбөгдөгч онгоцны хоёр баазын нэг нь Саратов мужийн Энгельсд, нөгөөх нь Алс Дорнодын Амур мужид оршдог байна. ОХУ-ын арми Ту-95МС “Медведь” болон Ty-160 “Белый Лебедь” гэх хоёр төрлийн нийт 60-70 стратегийн бөмбөгдөгч онгоц байрладаг юм байна.Харин Саратов муж Украины хилээс 600 км зайтай оршдог юм. Хэрвээ Украины арми ийм зайд довтолж чадаж байгаа бол нийслэл Москвад халдах боломжтой гэж цэргийн мэргэжилтнүүд дүгнэж байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчийн асуултад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болсон явдлын талаар мэдээлэл авсан гэхээс илүү дэлгэрэнгүй хариулаагүй аж. Харин Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк “Хэрвээ бусдын агаарын орон зайд халдвал эрт орой хэзээ нэг цагт үл мэдэгдэх нисдэг биетүүд халдлага эхэлсэн цэгт зочилдог юм” гэж өөрийн твиттер хуудсандаа егөөдөн жиргэсэн байна.
Украины арми өмнө нь өмнөд болон дорнод фронтын шугамаас 1,000 гаруй километр зайд цохилт өгөх чадвартайгаа харуулж байсан юм “Reuters” мэдээлэв