Сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж буй.
Тухайлбал, цэцэрлэгийн зориулалттай барилгыг худалдан авах, түрээслэх, удаашралтай барилгын ажлыг эрчимжүүлэх, байгууллагын цэцэрлэг, хувийн цэцэрлэг байгуулахыг дэмжих, хувийн цэцэрлэгийн сул оронд тоонд нэмэлт элсэлт авах, цомцог гэр төсөл, хүүхэд харах үйлчилгээг нэмэгдүүлэх арга хэмжээг авчээ.
2021-2022 оны хичээлийн жилд 106,254 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байсан бол дээрх ажлуудын үр дүнд хүртээмж 20 орчим хувиар нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 126,312 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна.
Тодруулбал
- Бэлтгэл анги – 33,440
- Ахлах анги – 34,288
- Дунд анги – 32,553
- Бага анги – 26,031 хүүхдүүд тойргийн болон тойргийн бус цэцэрлэгт хамрагдаж байгаа юм.
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг энэ хичээлийн жилд e-mongolia.mn цахим системээр гурван үе шаттайгаар зохион байгуулсан. Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 8, 9, 10 дугаар сард цахимаар авч, бүртгүүлж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчдад боломж олгохоос гадна цаг хугацаа хэмнэжээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүрэгт 647 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 15,308 багш, ажилтан ажиллаж байна. Хүүхэд харах үйлчилгээний тухайд нийслэлийн долоон дүүргийн 155 хүүхэд харах төвд 345 хүүхэд асрагч 1,776 хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Цаашид нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлыг эрчимжүүлсээр байх бөгөөд хүүхдэд ээлтэй орчин, чадварлаг багш, чанартай сургалт, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлнэ хэмээн Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээллээ.