УИХ дахь намуудын бүлгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.
Монгол Ардын намын болон Ардчилсан намын бүлгийн хуралдаан тус тус 10 цагаас эхлэх юм. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бүлгийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
Мөн “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн боловсрол ба Япон Улсын туршлага”, Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон Эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, тулгамдаж буй асуудал шийдлийн талаарх хэлэлцүүлэг тус тус болно. Түүнчлэн зарим ажлын хэсгийн хуралдаантай. Үүнд:
-Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг,
-Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсэг,
-Хууль, эрх зүйн орчныг сайжруулах болон санхүү төсвийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг,
-Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг,
-Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг тус тус хуралдах тов гарчээ.