Categories
мэдээ нийгэм

Чуулган: Гурван жил тутамд газрын суурь үнэлгээг шинэчилнэ DNN.mn

ЧУУЛГАН: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг  хэлэлцэнэ DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Тус хуулийн төсөлд газрын төлбөр тооцох үзүүлэлт, төлбөрийн хувь, хэмжээ, газрын төлбөр ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, төвлөрүүлэх, тайлагнах, хяналт тавих талаарх тодорхой зохицуулалтыг тусгасан аж. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гадны улс орнууд 90 гаруй шалгуураар газрынхаа үнэлгээг тогтоодог. Гэтэл Улаанбаатар хотыг дөрвөн бүсэд хувааж, газрын үнэлгээг голчлон байршлаар нь тогтоож байгаа нь төдийлөн оновч зохицуулалт биш гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоолоор газрын төлбөрийн тооцооллыг хийдэг. Энэхүү тогтоолоор нийслэлийн газар үнэлгээний 16 бүсэд хуваасан бөгөөд бүс тус бүр үнэлгээний ангилалтай. Төслөөр газрын төлбөрийн суурь үнэлгээний дээд хязгаарыг 2 дахин нэмэгдүүлж, аймаг, нийслэлийн ИТХ-д эрхийг нь өгч байгаа гэсэн бол ажлын хэсгийнхний зүгээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай уялдуулан орон нутгийн эрх хэмжээг тодорхой түвшинд өргөжүүлэхээр Сангийн яамтай удаан хугацааны турш зөвшилцөн, судалгаа, тооцоо хийсний үндсэн дээр төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан. Нийт аймаг, нийслэлийн ИТХ бүгд газрын төлбөрийн дээд үнэлгээгээр тогтоовол 458.8 тэрбум төгрөг, бүгд доод үнэлгээгээр тогтоовол 22.2 тэрбум, дунджаар 240.5 тэрбум төгрөгийн газрын төлбөр улсын төсөвт төвлөрүүлэх боломжтой гэсэн тооцооллыг танилцуулсан. Цаашид гурван жил тутам газрын суурь үнэлгээг шинэчлэх зохицуулалт мөн төсөлд бий гэв.

1998 онд улсын хэмжээнд нийтдээ 283.6 мянган газар эзэмшигч, ашиглагч бүртгэлтэй байсан бол 2021 оны эцэст 663.1 мянган газар өмчлөгч, 486099 газар эзэмшигч, 2232 газар ашиглагч бүртгэгдсэн аж. Түүнчлэн улсын хэмжээнд газрын төлбөрийн орлогоос улсын төсөвт нийт 1.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байсан бол 2021 онд өссөн дүнгээр 112.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ. Ийнхүү гишүүд төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад гишүүдийн дэмжлэгийг авсан тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *