Их Британийн хаант улсын бүрэлдэхүүнд багтдаг Англи, Уэльсийн хүн амын дунд загалмайн шашинтнууд анх удаа цөөнх болсон нь хүн амын тооллогын үед хийсэн судалгаагаар батлагджээ. Тус улсад арван жил тутамд нэг удаа зохион байгуулдаг хүн амын тооллогын дүнг Үндэсний Статистикийн Алба танилцуулсан юм. Өнгөрсөн арван жилийн хугацаанд өмнөх арвантай харьцуулахад Их Британи улсад ерөнхийдөө шашин шүтдэг хүмүүсийн тоо буурч, цагаан арьстнуудын тоо ч цөөрсөн байна. Тухайлбал Англи, Уэльсийн хүн амын 46.2 хувь нь өөрийгөө загалмайн шашинтан гэж мэдүүлсэн нь арван жилийн өмнөх 59.3 хувиас нэлээд буурч, анх удаа хүн амын талаас доош хувьд хүрсэн тохиолдол болжээ. Үүнээс гадна 1.7 хувь нь Хиндү шашинтан болсон нь өмнөх арваны 1.5 хувиас бага зэрэг өссөн үзүүлэлт болжээ. Харин нийт хүн амын гуравны нэгээс илүү хэсэг буюу 37 хувь нь өөрийгөө шашингүй үзэлтэн гэсэн байна. 2011 онд энэ хэмжээ 25 хувь байжээ.
Британийн төр, засаг шашинтай нягт холбоотой ажилладаг. Тус улсын засгийн газар Английн шашны сургуулиудыг санхүүжүүлж, Том сүмийн хамба лам нар парламентын дээд танхимд суудаг. Мөн Британийн хааныг “шашин шүтлэгийг хамгаалагч” хэмээн цоллож, бүх сүм хийдүүдийн тэргүүнд өргөмжилдөг юм.
“Тооллогын хамгийн их гайхшируулсан үр дүн бол иргэд болон төрийн хооронд ямар их ялгаа бий болсон явдал юм. Бид Европын аль ч улсаас илүү шашинлаг төр, засаглалтай мөртлөө маш олон шашингүй иргэдтэй улс болоод байна” гэж “Hummanists UK” төрийн бус байгууллагын тэргүүн Эндрью Копсон хэлжээ. Мөн Английн сүм хийдийн хамгийн том мяндагтнуудын нэг, Йоркийн хамба лам Стивен Коттрел “Бүх хүмүүсийг автоматаар загалмайн шашинтанд тооцдог цаг үе өнгөрсөн хэдий ч олон хүн амьдралын утга учир, мөн чанарыг ойлгох хүсэлтэй явдаг нь бусад судалгаануудаас тогтмол харагддаг. Тиймээс шашны итгэл үнэмшлийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө улам шаргуу ажиллах шаардлага бидэнд тулгарч байна” гэж мэдэгджээ.
Шашин шүтлэгээс гадна Англи, Уэльсийн хүн амын доторх цагаан арьстнуудын эзлэх хувь хэмжээ сүүлийн арван жилийн хугацаанд 86 хувиас 82 хувь болж буурчээ. Хүн амын 9 хувь нь Ази, 4 хувь нь Африк, 3 хувь нь холимог буюу олон угсаатнаас гаралтай, 2 хувь нь эдгээрээс өөр гаралтай гэж өөрийгөө тодорхойлсон байна.
Г.АМАРСАНАА