Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Гэгээн дурсамж сэтгэл хөглөхүйд DNN.mn

Хааяа нутгаа нэг их санаад явж хүрэх юм. Хан уул минь хөхрөн хөндөлсөж үүл уул нь үл ялгагдан тэнгэр сансарт хүйлэн цэнхэртсээр угтах нь хэвээрээ. Гэвч “Үнсээд угтах ээж минь үгүй ч” гэдэг дууны үг санагдах нь олонтой байх тул заримдаа гунигтай. Эцгийн гэрийн буйран дээр сууж тэднийхээ амьдарч явсан цагийн тухай гэгээн дурсамжид хөтлөгдөн суухуйд ямар нэг юм дутуу байгаа шиг санагдаж сэтгэл гэгэлзэх авай. Хөгшидийн гэрт орохгүй гадуур салхилж давхиад байгаа шиг санагдаад, гэмшил төрөөд ч байх шиг.

Хорхойд хоргүй хоёр хөгшин минь хөгжилтэй бөгөөд ямар цагаахан амьдарч байгаа вэ гэсэн бодол сэтгэл бүлээсгэн цаг хугацааны цагаан манан дундаас тэд маань нэг сөхөгдөж, нэг далдран харагдахуйд аньсага чийгтэм. Хөгшин болсон аав минь дээд булаг руу усанд явдаг сан. Усны тэргэнд усны бидон даруулж уяад л шанага бүсэндээ хавчуулчихсан их догь.

Өдөрт өөртөө гаргасан ажил нь тэр л дээ. Тэрнээс усгүй болчихоод үхэх хатахдаа тулчихаад усанд гүйгээд байгаа юм бол биш. Хүүхдүүд нь тойроод амьдарч байгаа, трактор тэрэгтэй, унаа малтай хэрнээ юу гэж тэр ная гарч байгаа өвгөнөөр ус зөөлгөөд байхав дээ. Эмгэн нь арай л тахил өргөх нь халаг гаргаж өгнө.

“Бамбарт амраарай, зоорины дэнж өгсөөд намайгхүлээж байгаарай. Чи даахгүй” гэх зэргээр. Өөрөө бол том хүч юм шиг байгаа юм. Өвгөн замдаа үдлээд амраад хамрын тамхи юмаа татсан шиг хүн амьтан тааралдвал хуучилсан шиг явсаар нар гудайх үед нөгөө зоорины дэнж өөд нь мацаж эхэлнэ. Холоос харахад бөөдийсөн хөгшин усаа түрээд зүтгэж байхад өөдөөс нь бас нэг бөөдийсөн юм очоод хоёул нийлэн зүтгэсээр гэртээ ирнэ. Сэтгэлийн гэгээн дурсамж дунд яагаад ч юм нөгөө хоёр минь усаа зөөгөөд л яваа юм шиг санагдаж нутаг руугаа явмаар бодогдон яаран яарсаар цэнхэр уулсынхаа зүг хүлгийн жолоо залмаар санагдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *