Categories
мэдээ нийгэм

Тенор

Монголчууд бид монгол хүн болж төрснөөрөө бахархсан, энэ их омогшил, бардамналыг өвлүүлэн үлдээсэн их хаанаа дээдэлсэн, түүний сүр, сүлдэнд сүсэлсэн өдрүүд үргэлжилж байх ахуйд Чингисийн үр сад сайн, сайхан мэдээ ар араас нь дуулгасаар л байна. Сайн, сайхан мэдээ гэдэгт УДБЭТ-ын гоцлол дуучин, тенор хоолойт Д.Эрдэнэ-Очир уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийх гэж буй тухай зарыг хамруулж буй юм. Монгол хүн, тэр дундаа дуурийн дуучин мэргэжил эзэмшсэн залуус дуулах ур чадвар гэж юу байдгийг дэлхийн хүмүүст харуулж байх болсон энэ цаг үед Монгол минь дуучдаар баян, дуучин бүр өөр, өөрийн онцлогтой, эрдэм чадалтай гэдгийг нотлон цангинуулдаг тенор буюу эр цээл хоолойтнуудын төлөөлөл болсон эрхэм хүндэт уран бүтээлч бол Д.ЭРДЭНЭ-ОЧИР билээ.

May be an image of 3 people, people standing and indoor

Тэрбээр даруу нэгэн. “Уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийх гэж байна. Хөтөлбөртөө ямар, ямар номер багтааж байна вэ. Хозегийн ари дуулна биз дээ” гэж асуухад “Энэ удаа Хозе байхгүй” гэв. Дуурийн театрын тайзнаа арваад жил гоцолж дуулсан тэрбээр магадгүй үзэгчид Хозегоос залхсан байх гэж бодсон байж болох юм. “Каварадосси байгаа юу” гэхэд “Байгаа” гэв. Мөн “Нэссон Дорма дуулна” гэлээ. Тийм ээ, тенор хоолойтнуудын дуулах ур чадварыг суут Ж.Пуччинийн гайхамшигт дууриудын алдартай аринуудгүйгээр хэрхэн төсөөлөх билээ. Дэлхийн дуунуудын тухай дэлхийн дуучинтай цухасхан ярьсан минь энэ. Тийм ээ, тенор Д.Эрдэнэ-Очирыг дэлхийн дуучин л гэнэ. Яагаад гэвэл тэрбээр дэлхийн дуунуудыг монгол үзэгчдэдээ дуулж өгдөг, монгол дуунуудаа гадаадын хүмүүст ч мөн дуулж өгдөг. Хил хязгаар гэж үгүй хөгжмийн, дууны хэлээр хаанахын хэнтэй ч ярьж, сэтгэлээ нээж, учир начир ярилцдаг уран бүтээлчдийн нэг.
Цухас ярилцах зуур тэрбээр “Тоглолтоо нэг их хүндрүүлэхгүй. Хөнгөхөөн явуулна” гэсэн юм. Тоглолт нь дэлхийн сонгодог бүтээлүүд, монгол дуунууд, итали дуунууд гэсэн гурван хэсгээс бүрдэж буй. Монгол дуунуудтай хэсэгтээ театрынхаа шилдэг сопрануудын нэг Ш.Наранчимэгтэй хамтрах бол итали дуунуудтай хэсэгтээ гоцлол дуучин Г.Энхнарантай хамжих аж. “Анир” поп оркестр хөгжимдөнө.
Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн шүлэг, нэрт хөгжмийн зохиолч Г.Дарамзагдын хөгжим “Орчлонд би азтай төржээ”, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын шүлэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөрийн хөгжим “Миний нутгийн бараа”, яруу найрагч Ц.Зоригтсайхан, Ж.Оюунцэцэг нарын үг, хөгжмийн зохиолч Л.Насанбатын хөгжим “Орчлонгийн сайхан хүүхнүүд” зэрэг дуунуудыг үзэгч, сонсогч олондоо тэрбээр зориулаахаар зэхжээ.

May be an image of 1 person, standing and suit

Мөн “La danza”, “O sole mio”, “Santa lucia”, “La spagnola” зэрэг итали дуунуудыг сонгосон байна. Тэрбээр “Хүндрүүлэхгүй ээ” гээд байсан нь учиртай аж. Уран бүтээлийн анхны бие даасан тоглолт тул нас, насны үзэгчид ирнэ хэмээн тооцоолсон ч байх. Үнэхээр л сайтар бодож хөтөлбөрөө гаргажээ гэлтэй.
Түүний “ERDENE-OCHIR Tenor” тоглолт ирэх сарын 01-ний үдэш 19.00 цагаас УДБЭТ-ын тайзнаа эхэлнэ. Их урлагийн эрхэм хүндэт үзэгчид, дуурийн урлагт дурлагсад, сайхан дуунд дуртай, сонсож жаргадаг үзэгч олонд ийм нэгэн онцгой сайхан дуучны тоглолтын талаарх мэдээллийг хүргэлээ.
УДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, энэ онд Хөдөлмөрийн хүндэт медиалаар шагнуулсан тенор Д.Эрдэнэ-Очирын намтар, уран бүтээлийн амжилтаас танилцуулъя.
Тэрбээр
Төв аймгийн Бүрэн сумын уугуул
2003 онд Төв аймгийн Бүрэн сумын Ж.Самбуугийн нэрэмжит 8 жилийн дунд сургууль
2005 онд Төв аймгийн Зуун мод хотын Ж.Намсрайн нэрэмжит 10 жилийн дунд сургууль
2010 онд Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан Д.Баясгалан багшийн удирдлага дор бакалавр
2013 онд МУСУИС-ийн дуурийн ухааны магистр
2014 онд ОХУ-ын Эрхүү хотод мэргэжил дээшлүүлсэн.
2012 оноос УДБЭТеатрт гоцлол дуучнаар ажиллаж байна.
Бүтээсэн дүрүүд
Ж.Верди “Трубадур” дуурийн Манрико
Ж.Пуччини “Тоска” дуурийн Каварадосси
Ж.Бизе “Кармен” дуурийн Хозе
Ж.Верди “Аида” дуурийн Радамс
Р.Леонкавалло “Паяцы” дуурийн Канио
Г.Доницетти “Лучия ди Ламмермур” дуурийн Артур
Д.Нацагдорж “Гүнгэрийн гүнж” дуурийн Цао Цао
Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” дуурийн Намнан, ахмад банди
Ц.Нацагдорж “Үүлэн заяа” дуурийн оточ Найдан
Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн Замын тосуул, Ард өвгөн
Л.Мөрдорж Хөхөө Намжил” дуурийн Дуганч
П.И.Чайковский “Евгений Онегин” дуурийн Залуу тариачин зэрэг дэлхийн болон Монголын сонгодог, сор болсон дуурийн бүтээлийн гол ба туслах дүрүүдийг амжилттайгаар бүтээж байна.

No photo description available.Амжилт:

2012 онд БНМАУ-ын гавъат жүжигчин, дэд профессор Д.Бандийн нэрэмжит Мэргэжлийн дуулаачдын V уралдаан буюу анхдугаар уралдааны 2-р байр
2017 онд Ким Базарсадаевын 80 насны ойд зориулсан дуурийн залуу дуулаачдын олон улсын V уралдааны I байр
2017 онд Л.Л.Линховойны нэрэмжит олон улсын уралдаанд Засаг даргын нэрэмжит Гран при шагнал
2019 онд III Байкальский олон улсын уралдааны Тусгай байр
2019 онд Итали улсад Франческо Паоло Неглиагийн нэрэмжит олон улсын тэмцээний 33 дах уралдааны 3-р байр
2019 онд Итали улсын Orvietto хотод зохион байгуулагдсан Дуурийн дуулаачдын олон улсын XXIV уралдааны Тусгай байр шагнал хүртсэн.
Дахин дуулгая, тоглолт 12 дугаар сарын 1-ний үдэш болно.
Р.Оюунжаргал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *