Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ц.Бархас: Хөрөнгө оруулалтын салбарт хэзээ орохоо мэдэхгүй байгаа бол яг одоо орох нь зөв DNN.mn

“Ард секюритиз” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Бархастай хөрөнгө оруулалт болон хувьцааны талаар ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд иргэд хөрөнгийн зах зээлийг сонирхож, мөнгөө хадгалахаас илүүтэй аль нэг салбарт хөрөнгө оруулах нь чухал хэмээн үзэх болсон. Гэхдээ хөрөнгө оруулалтын талаар зөв, буруу олон ойлголт нийгэмд байна. Хөрөнгө оруулалт зөвхөн мөнгөтэй хүмүүсийн тоглодог салбар уу. Эсвэл…?

-Иргэдийн дунд хөрөнгө оруулалтын талаар хоёр төрлийн буруу ойлголт байдаг. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалтыг мөнгөтэй хүмүүсийн судалж, сонирхдог салбар хэмээн ойлгодог. Тийм учраас мөнгөө хадгалж байгаад их мөнгөтэй болохоороо хөрөнгө оруулалт хийнэ хэмээн хойш тавьдаг. Хоёрдугаарт, ардчилал гарахтай зэрэгцэн гаргасан цэнхэр, ягаан тасалбартай холбоотойгоор хөрөнгө оруулалт, хувьцаа гэдэг болж, бүтэхгүй зүйл гэсэн ойлголттой ч хүмүүс байдаг. Тухайлбал, ам бүл дөрвүүлээ айлын аав, ээж нь дунджаар 1.5 сая төгрөгийн цалинтай байлаа гэж бодоход, сарын орлого нь гурван сая төгрөг байна. Татварын дараах орлого нь 2.4 сая төгрөг орчим болох нь. Үүнээс хоол хүнс, сургалтын төлбөр, хувцас гэх мэт сарын тогтмол зардлаа хасахаар цаана нь багахан хэмжээний мөнгө үлдэнэ. Түүнийгээ сар бүр хуримтлуулаад санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, эсвэл санхүүгийн бүх асуудлаа шийднэ гэдэг одоо үед хэцүү. Хөрөнгө оруулалт гэдэг бол танай гэр бүлд орлого олох нэг хүн нэмэгдэнэ гэсэн үг. Гэхдээ тэр хүн хэзээ ч зардал гаргадаггүй. Хоол идэхгүй, хувцас өмсөхгүй, автобусанд суухгүй, ядарлаа гэж гомдоллодоггүй. Өдөр бүр 24 цагийн турш танай гэр бүлийн төлөө ажиллана. Хөрөнгө оруулалт гэдэг бол мөнгийг өөрийнхөө төлөө ажиллуул гэсэн үг. Хэн ч өдөр бүр 24 цагийн турш мөнгө олох боломжтой зүйлээс татгалзахгүй байх. Энэ бол хөрөнгө оруулалт. Хэрэв та санхүүгийнхээ асуудлыг шийдье хэмээн бодож байгаа бол мөнгөтэй зөв харьцаж сурах хэрэгтэй.

-Мөнгөтэй зөв харьцах гэдэгт ямар ур чадваруудыг хамруулан ойлговол зүгээр вэ. Мөнгөтэй буруу харьцснаас үүдэн санхүүгийн асуудлаа шийдэж чадахгүй байна гэж ойлгож болох уу?

-Мөнгөтэй зөв харьцах гэхээр гурван төрлийн ур чадварын асуудал хөндөгдөнө. Нэгдүгээрт, мөнгө олох, хоёрдугаарт мөнгийг хадгалах ур чадвар орно. Гурван сая төгрөгийн цалинтай хэрнээ нэг ч төгрөг хадгалж чаддаггүй хүн байхад, 1.5 сая төгрөгийн цалинтай хэрнээ түүнээсээ илүүчилж хадгалж чаддаг амьжиргаатай хүмүүс ч байдаг. Тэгэхээр мөнгийг хадгална гэдэг яах ч аргагүй ур чадвар, сахилга бат. Гуравдугаар чадвар бол мөнгийг үржүүлэх, өсгөх ур чадвар буюу мөнгөөр мөнгө хийх чадвар юм. Эдгээр гурван ур чадварыг үе шаттайгаар сурдаг. Эсвэл аль нэг чадвар нь илүү байх тохиолдол ч байна. Тухайлбал, мөнгөө маш сайн хуримтлуулдаг хүмүүстээ таарч байсан. Тэд юу гэж хэлдэг гэхээр “Өнгөрсөн хугацаанд мөнгийг хадгаламжинд хийгээд өсдөггүй гэдгийг ойлголоо. Одоо мөнгөө өсгөхийн тулд юу хийх ёстойгоо мэдэхгүй байна” гэдэг.

Тиймээс хөрөнгө оруулагч үндэстэн болох буюу мөнгөө энд тэнд байршуулах замаар мөнгө нь өсч байх асуудлын талаар яриад байгаа юм.

-Ямартаа ч хөрөнгө оруулах нь чухал юм байна. Тэгвэл яг ямар салбар руу, юунд хөрөнгө орруулах нь эдийн засгийн хувьд үр өгөөж өндөр байх вэ?

-Эхний ээлжинд хөрөнгө гэж яг юуг хэлээд байгаа талаар ярилцъя л даа. Танд тодорхой хугацааны дараа орлого оруулж, үнэ цэнэ нь өсч байгаа бол хөрөнгө болно. Тухайлбал, зарим хүмүүс байр, машиныг хөрөнгө хэмээн ойлгодог. Гэхдээ ямар ч үнэтэй машин байгаад түлхүүрээ түлхээд асаах мөчид анхныхаа үнэ цэнийг алдаж байдаг. Эргээд машинаа засуулна, шатахуун хийнэ, тос масло солиулна гэх мэтээр танаас байнга зарлага гарна. Ингээд харахаар машин хөрөнгө, хөрөнгө оруулалт биш зардал болж хувирч байна. Харин худалдаж авсан машинаа өөрөө унахгүйгээр хүнд түрээслүүлж, орлого олдог бол сая хөрөнгө болно. Байр, байшин ч мөн ялгаагүй. Өөрөөр хэлбэл, та яаж ашиглаж байгаагаас шалтгаалж хөрөнгө болох уу, зардал болох уу гэдэг нь шийдэгдэнэ. Хөрөнгө оруулалт гэдэг бол таны мэдлэг, ур чадвараас шалтгаалж аль хувилбар нь надад оновчтой, үр өгөөжтэй байх вэ гэдгийг тооцох ёстой. Зөвхөн хувьцаанд, байр, байшинд хөрөнгө оруулах нь өрөөсгөл ойлголт. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдал ямар байна, орчин нөхцөл нь хэрхэн өөрчлөгдөж байна, таны мэдлэг чадвар нь хаана байна гэх мэт үзүүлэлтүүдийн огтлолцол дээр танд тохирсон хөрөнгө оруулалт гарч ирнэ. Хөрөнгө оруулалт хийхдээ бүх өндгөө нэг сагсанд хэзээ ч битгий байршуул гэсэн зарчим үйлчилдэг. Тухайн хөрөнгө оруулах гэж байгаа салбар чинь энэ дэлхийн хамгийн найдвартай компани, байшин барилга, газар байж болно. Гэсэн хэдий ч та өөрт байгаа бүхнээ тийш нь хийж байгаа бол эрсдэлийн хувьд хөрөнгө оруулалт гэхээс илүүтэй бооцоотой тоглоомтой төстэй болж хувирна. Тийм учраас хөрөнгө оруулалтаа солонгоруулах нь зүйтэй.

-Сүүлийн жилүүдэд цар тахал, геополитикийн асуудлаас болоод дэлхий даяар эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байна. Ийм үед хөрөнгө оруулалтын салбарыг сонирхох нь цаг үеийн хувьд хэр тохиромжтой вэ?

-Сүүлийн жилүүдэд цар тахал, геополитикийн асуудлаас үүдэн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа нь үнэн. Тийм учраас зарим хүн эдийн засгийн хямралтай байгаа энэ үед хөрөнгийн зах зээлийг сонирхох нь багасах хандлага ажиглагдаж байгаа. Зарим нь хөрөнгийн зах зээл алдагдалтай, хямралтай байгаа үед хөрөнгийн зах зээлээс холдъё, алдагдалтай ч хамаагүй хувьцаагаа заръя гэх үзэгдэл гарч байна. Угтаа мэргэжлийн тоглогчид юу гэж хардаг вэ гэхээр хөрөнгийн зах зээл хямралтай байвал тэнд хамгийн том боломж бий боллоо гэж хардаг. Зарим нэг хөрөнгө оруулагчид “Ийм хямрал тохиолдохыг удаан хүлээлээ” хэмээн ярьж байна. Учир нь сайн компанийн хувьцааг, сайн хөрөнгө оруулалтыг эдийн засаг хямарсан үед хямдаар авч, хөрөнгө оруулах боломж бүрддэг. Тиймээс эдийн засаг хямарсан үед хөрөнгийн зах зээлээс гарах биш орох ёстой. Бүх хүн хувьцааг сонирхож, хошуурч байх үед хөрөнгө оруулалт хийвэл магадгүй оройтсон байх нь элбэг. Учир нь та зах зээлийн зарчмаараа үнэ нь өссөн байх үед худалдан авах магадлал өндөр. Харин бүгд хөрөнгийн зах зээлээс зугтаж байвал энэ салбарт орох цаг мөн. Үүгээрээ юу хэлэх гээд байна гэхээр “Та хэзээ ч хөрөнгө оруулалт хийж байгаагүй, энэ салбарыг сонирхож байгаагүй, хэзээ эхлэхээ мэдэхгүй байгаа бол яг одоо орох нь зөв”. Цаг нь болсон. Хамгийн гол нь хувьцаагаа зөв сонгоод тогтмол авах хэрэгтэй. Хэсэг хугацааны дараа эдийн засаг сэргэхэд та хөрөнгө оруулалтуудаасаа өндөр өгөөж хүртэх боломжтой. Эдийн засаг хэвийн байхад дээд тал нь 15-20 хувийн ашигтай ажиллах боломж байдаг бол эдийн засаг хямарсан үед хөрөнгө оруулалт хийснээр эдийн засаг хэвийн болох үед оруулсан хөрөнгө оруулалтынхаа хэмжээг хэд дахин ч нугалах боломж тэнд байж болох юм.

-Мэргэжлийн бус хүмүүс хөрөнгө оруулалтын ямар зарчим баримтлах талаар юу хэлэх вэ?

-Миний хувьд мэргэжлийн бус хүмүүст дараах хөрөнгө оруулалтын зарчмыг санал болгодог. Нэгдүгээрт, сар бүр тогтмол дүнгээр хөрөнгө оруулалт хийж компанийн хувьцаа худалдаж ав. Үүнийг зах зээл дээр үнэ дундажлах арга хэмээн нэрлэдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хувьцаа худалдаж авч байгаа хэн боловч хамгийн бага үнээр авахыг хүснэ. Харин зарахдаа хамгийн дээд үнээр борлуулахыг хүснэ. Энэ зарчмыг сая долларын асуулт гэдэг. Өөрөөр хэлбэл, хувьцаа хэзээ өсч, хэзээ буурахыг мэдэж байсан бол би аль хэдийнэ сая доллартай болчихсон байна. Үүнийг хэн ч яг таг мэддэггүй. Нэг ёсондоо өсөлт, бууралтыг таамагладаг. Эдийн засгийн хямрал дэлхий даяар үүссэнтэй холбоотойгоор бүх төрлийн хувьцааны үнэ өнгөрсөн оны сүүлээс авахуулаад ёроолдож байна. Энэ үед ч та сар бүр 4-5 төрөлд тогтмол хөрөнгө оруулалт хийж, хувьцаа авах хэрэгтэй. Хэсэг хугацааны дараа хямрал дуусч хувьцааны үнэ өсч эхэлнэ. Гэтэл зарим иргэд хувьцааны эрэлт их байх үед хувьцаа авах оролдлого хийж, өөрт байсан бүх хөрөнгөө оруулчихдаг. Гэтэл энэ нь хувьцааны хамгийн өндөр өсөлттэй цэгээс худалдан авалт хийчихсэн байх нь олон. Тиймээс эргээд буурдаг. Ингээд алдагдал хүлээх тохиолдол гардаг. Та үнэхээр хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэй биш, эн талын өндөр мэдлэгтэй биш л бол үнэ дундажлах аргаар авах нь зөв. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалт гэдэг урт хугацаандаа л ашигтай байдаг. Гэтэл зарим хүн өнөөдөр аваад маргааш зарж ашиг олох буюу арилжаа хийх гээд байдаг. Арилжааг хүн бүр хийж чаддаггүй. Магадгүй, 100 хүнээс 99 алдаж, үлдсэн нэг нь л зөв хийж чадаж байгаа. Тэгэхээр та “Тэр зуун хүний нэг нь мөн үү?”. Энэ асуултад “Биш” гэж хариулж байгаа бол хөрөнгө оруулалтыг арилжааны шугамаар биш урт хугацаанд үр өгөөжөө өгөхөд нь анхаарч ажилла. Хэрэв та зөв компанийн хувьцааг худалдаж авсан бол урт хугацаандаа үргэлж өсч байдаг. Тухайлбал, яг одоо арилжааны банкууд IPO гаргаж байна. Үүнээс хүүхдүүддээ зориулаад сая төгрөгөөр хувьцаа авчихсан байхад хүүхдийг чинь оюутан болох үед сургалтын төлбөрийг даах хэмжээнд өсөхийг үгүйсгэхгүй. Энэ бол 18 жилийн дараах буюу урт хугацааны үр өгөөжийг харж байгаа асуудал.

-Хөрөнгө оруулалт хийхээр сонгосон компанийнхаа засаглалын эрүүл байдалд хэрхэн дүн шинжилгээ хийх вэ. Тухайлбал, нэг хүн 70-80 хувийг нь эзэмшдэг компани байхад, зарим нь 20-30 хувийг нь эзэмшдэг үлдсэнийг нь олон хөрөнгө оруулагч эзэмших тохиолдол ч байгаа шүү дээ. Үүний ялгаа зааг нь юу вэ?

-Хөрөнгө оруулалтаа юунд, хаашаа хийх вэ гэдэг дээр олон шалгуур бий. Тухайлбал, иргэдийн сайн мэдэх байр орон сууцаар жишээ авъя л даа. Тэгвэл тухайн байрыг барьсан тоосгоны чанарыг л харж сонголтоо хийгээд Богд уулын мухарт байгаа байрыг сонгочихвол тухайн байрны үнэ хэзээ ч өсөхгүй байх магадлалтай. Маш олон шалгуур бий. Үүнээс ганцхан шалгуур үзүүлэлтийг нь барих юм бол төөрөлдөнө. Компанийн засаглалын асуудал чухал хэдий боловч энэ нь ямар материалаар байраа барьсан юм бэ гэдэг ганцхан шалгуур. Бид байр авахдаа чанар, байршил, сургууль цэцэрлэгт ойрхон эсэх, наран талдаа цонхтой эсэх гэх мэт маш олон шалгуур үзүүлэлтийг нь харгалзаж үздэг. Хөрөнгө оруулалт, хувьцаа гэдэг байр сонгохоос дутахааргүй их олон шалгуур үзүүлэлтийг харгалзаж, шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Учир нь та ирээдүйд үр өгөөжөө өгнө хэмээн найдаж хөрөнгө оруулалт хийх гэж байна шүү дээ. Тиймээс сайн судалж, өөрийн итгэдэг мэддэг салбарт хөрөнгө оруулалтаа хийх нь чухал. Гэтэл манайхан ихэвчлэн сургаар хөрөнгө оруулалт хийх хандлага ажиглагддаг. Манай найз Бат, Болд тийшээ хөрөнгө оруулсан, тийшээ л хийе гэдэг. Энэ бол буруу. Тухайн хөрөнгө оруулахаар шийдсэн компанийнхаа хувьцаа эзэмшигчдийн хуралд нэг удаа суугаад үз. Удирдлагууд нь таны итгэл үнэмшил, үзэл бодолтой нийцэхээр зүйл ярьж байна уу, санхүүгийн үзүүлэлтүүд нь ашигтай байна уу. Сүүлийн хэдэн жил ногдол ашиг тараасан байна, та тухайн компанийн бүтээгдэхүүнийг ашигладаг эсэх гэх мэт олон зүйлийг харах хэрэгтэй. Тухайлбал, та усны компанийн хувьцаа авчихсан хэрнээ тэр компанийнхаа худалдааг дэмждэггүй, бүтээгдэхүүнийг нь хэрэглэдэггүй бол хөрөнгө оруулагчийн сэтгэлээр хандахгүй байна л гэсэн үг. Манай найз хувьцааг нь авсан компанийнхаа худалдаа бүрийг дэмждэг, бүтээгдэхүүнийг хайж сураад авдаг. Энэ бол бүх зүйл нь уялдаж байгаа хэрэг. Таны хөрөнгө оруулалт амжилттай байх уу үгүй юү гэдэг эзний сэтгэлээр хандаж байгаа эсэхээс ихээхэн хамаарна.

-Аль нэг салбарт хөрөнгө оруулмаар байгаа ч хаанаас юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүс хаана хандах нь зөв бэ?

-Хөрөнгө оруулалт хийх нь төвөгтэй процесс. Магадгүй хүн бүр хийж чадахгүй. Тиймээс яах ёстой вэ гэхээр мэргэжлийн бус хөрөнгө оруулагчид буюу аль нэг салбарт хөрөнгө оруулалт хиймээр байгаа боловч хаанаас юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст зориулаад хөрөнгийн зах зээл дээр шинэ шинэ боломжууд гарч ирж байгаа. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын санг нэрлэж болно. Тухайлбал, өрөөнд бид зургуулаа сууж байхад нэг нь хөрөнгө оруулалтын талаар мэдлэгтэй, үлдсэн тав нь мөнгө олдог, хуримтлуулдаг. Тиймээс дундын сан үүсгээд мөнгө өсгөж чаддагтаа мөнгөө үржүүлэх үүрэг хүлээлгэх тухай асуудал. Хөрөнгө оруулалтын нээлттэй сан байгуулж түүнд хөрөнгө оруулахыг хүссэн хүмүүсийн мөнгийг нийлүүлж, дотоод болон гадаадын зах зээлийн хөрөнгө оруулалтыг хийж тодорхой хугацааны дараа иргэд өгөөжөө хүртэж эхлэх юм. Дэлхий нийтэд яг ийм зарчмаар хөрөнгө оруулж, үр өгөөж хүртдэг иргэдийн тоо олон. Харин манайд энэ ойлголт харьцангуй шинэ ойлголт болоод байна.

-Манай улс 1990 оноос хойш чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэн. Энэ хугацаанд үндэсний хэмжээний томоохон ААН, хувьцаат компаниуд бий боллоо. Хамгийн гол нь өнгөрсөн хугацаанд эдгээр компанийн хувьцааг авч, өндөр ашиг олсон талаарх яриа төдийлөн элбэг байдаггүй. Тэгэхээр ашигтай ажиллаж, хувьцаа эзэмшигчиддээ ашиг хүртээдэг тогтолцоо сул байна уу?

-Аль нэг компанийн хувьцааг худалдаж аваад өндөр ашиг хүртсэн сайн жишээ олон бий. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулагчидтай уулзалт хийх үеэр арав гаруй жилийн өмнө анх Хас банк ажилчдаасаа сар бүр 50 мянган төгрөг тогтмол татаж хувьцаагаа эзэмшүүлж эхэлсэн байдаг. Уг процесс ажилчдад нь тухайн үед таагүй санагдаж, “Бидний цалингаас мөнгө суутгаж байна” хэмээн хүлээж авсан талаараа ярьсан. Өөрөөр хэлбэл, огтоос хөрөнгө оруулалт гэж хараагүй байгаа юм. Тухайн үед нэг хувьцааг 17-18 төгрөгөөр авч байсан бол өнөөдөр нэг үнэ нь 3500 төгрөг болтлоо өссөн байна. Хамгийн дээд тал нь 10 мянган төгрөгт ч хүрсэн талаар хэлж байгаа юм. Тухайн үед банкны жирийн ажилтан байсан хүн өнөөдөр Монголын хамгийн том санхүүгийн нэгдэл компаниудаас хамгийн топ хувьцаа эзэмшигчдийн нэг болчихсон байна. Энэ бол хөрөнгө оруулалт урт хугацаандаа ямар үр өгөөжтэй болохыг харуулсан бодит жишээ. Мөн таван жилийн өмнө сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийчихээд түүндээ нэвтрэх нэр, нууц үгээ мартчихаад таван жилийн дараа сэргээлгэхэд 10 сая төгрөг болтлоо хөрөнгө оруулалт нь өсчихсөн талаараа Эрдэнэтийн хүн ярьж байлаа. Хэрэв тэр хүн нууц кодоо мартаагүй бол ийм өндөр өгөөж өгөхөөс нь өмнө худалдан борлуулчих ч магадлалтай. Учир нь дийлэнх иргэд хөрөнгө оруулсан салбар нь өндөр өгөөж өгөхөөс өмнө бага өгөөжтэй үед нь хувьцаагаа худалдан борлуулдаг талтай. Энэ мэтчилэн хөрөнгө оруулалтаас, хувьцаанаас мөнгөө үржүүлсэн, өсгөсөн жишээ олон бий. Харин манай Монголчуудын гол онцлог нь аль хувьцаанаас хэдэн төгрөгийн ашиг олсон талаарх санхүүгийн мэдээллээ тэр бүр нээлттэй ярих сонирхол багатай. Харин хөрөнгө оруулалт хийгээд алдсан талаараа түлхүү их ярьж, бичдэг талтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *