Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Луу харсан хүмүүсийн бодит яриа DNN.mn

Сонин дээр уг нь сонин хачин зүйл бичигдэх учиртай л даа Гэхдээ сонин хачин гээд баримт нотолгоогүй, сураг төдий зүйл бичих нь бас явдалтай. Хүн төрөлхтөн луу гэдэг амьтны тухай янз бүрийн таамаг дэвшүүлж, тэдгээр нь ихэвчлэн домог яриа болсоор ирсэн. Одоогоос 10 гаруй жилийн өмнө Төвөдөд үхсэн луу олдсон тухай бичлэг “YouTube”-д тавигдаж дэлхий нийтээр шуугьсан.

Магадгүй уншигч та ч уг бичлэгийг үзсэн байх. “Үхсэн луу олджээ” гээд хайхад гараад ирнэ. Луу байдаг тухай гурван баримтын нэгд уг бичлэг ордог байна. Нөгөө нь Кавказын нурууны ойролцоох малчны харсан гэгдэх амьтан. Мал нь үргэж тэнгэр харанхуйлтал шувуунаас үлэмж том биетэй урт хүзүү, сүүлтэй амьтан нисч үзэгдсэн гэдэг. Түүнийг луу байх магадлалтай гэж үздэг аж.

Тэгвэл миний бие лууны тухай яруу найрагч Долгорын Нямаагаас сонссон удаатай. Нямаа ах ярьсан нь “1940-өөд оны эхээр юм байна. Манайх эмэг эхийн дүү Цаг, түүний нөхөр мараа Дамба гэж хэлгүй хүнийхтэй нүүх замд Шанд сүүжийн ус тааралджээ.

Тэмээ услахаар Дамба ховоо усанд хаяснаа буцааж чулуудчихаад нүд нь орой дээрээ гарсаар ирж. Царай зүс гэж хачин. Ховоо усанд хаянгуут нүүр өөд нь гал цацарсан тухай хэлээд “Би их айлаа” гээд байх юм гэнэ. Ингээд ээж худаг руу очиж өнгийсөн юм байна. Тэгтэл юу харагдсан гэж бодно, базарваань хумпад.

Толгой дээрээ угалзарсан их эвэр шиг дарайсан сэрийсэн юмтай, аяга шиг том нүдтэй ногоон эрээн амьтан худгийн ёроолоос цэрлийтэл ширтэж байв гэнэ. Удаан харж чадсангүй “ээ ачит минь” гээд буцаад үсэрчээ” гэв. Дундговийн Өлзийтийн нутагт болсон явдал. “Ээж минь энэ түүхийг байн байн ярьдаг, луу байдаг юм билээ, худаг усанд ичдэг, түүнийг амьд биеэр нь би үзсэн гэж хэлдэг. Энэ ярианд би ч итгэдэг. Учир нь ээж минь хэзээ ч худлаа хэлдэггүй, шударга эрсхэн хүн байлаа” гэж хэлсэн юм.

One reply on “СОНИНЫ АРЫН НҮҮР: Луу харсан хүмүүсийн бодит яриа DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *