Categories
гадаад мэдээ

Токаев ялалт байгуулжээ DNN.mn

Казахстан улсад болсон ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд таван нэр дэвшигчтэй өрсөлдсөн одоогийн ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ялалт байгуулсан нь тодорхой болжээ.Урьдчилсан байдлаар тэрээр сонгогчдын 80 гаруй хувийн саналыг авсан байна. Урьдчилсан байдлаар хамгийн олон санал авсан хоёр дахь нэр дэвшигч 5.2 орчим хувийн санал авсан тухай эх сурвалж мэдээлжээ.

Казахстаны 12 сая сонгогчийн 69 хувь нь сонгуульд оролцсон тухай зохион байгуулагчид нь мэдээлсэн байна. “Ард түмэн надад итгэл хүлээлгэж байгаагаа тодорхой илэрхийлсэн тул сонгуулийн үр дүнг бид хүндэтгэх ёстой” гэж 69 настай Токаев санал хураалтын эхний дүн гарсны дараа мэдэгджээ.

Байгалийн их баялагтай, худалдааны чухал замын уулзварт оршдог Казахстан улсад энэ оны эхээр амьжиргааны өртөг өссөнтэй холбоотой иргэдийн бослого тэмцэл гарсны улмаас 238 хүн амиа алдасны дараа Токаев улс төрийн шинэчлэлт эхлүүлэхээ амласан юм. Мөн чөлөөт, шударга сонгууль явуулахыг шаардаж, эсэргүүцэл илэрхийлсэн 15 хүнийг Алматы хотод баривчилсан тухай Казахстаны дотоод хэргийн яам мэдээлжээ. Харьцангуй олонд танигдаагүй хүмүүс сонгуульд нэрээ дэвшүүлсэн нь Токаевын эрх мэдлээ бататгах зорилготой холбоотой гэж зарим ажиглагчид шүүмжилж байна. Тухайлбал, Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллага “OSCE”-ийн ажиглагчид “нэр дэвшигчид чөлөөтэй бүртгүүлэх боломж нөхцөлийг үүсгэж чадаагүй” хэмээн Казахстаны эрх баригчдыг шүүмжилжээ.

Токаев нь 2019 онд өмнөх ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын үнэнч залгамжлагчаар тодорч байсан юм. Гэвч энэ оны эхээр гарсан үймээний дараа тэр өөрийн халамжлан хүмүүжүүлэгч Назарбаеваас зай барьж, улс төрөөс түүний тойрон хүрээлэгчдийг зайлуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд үндсэн хуулиа шинэчилж, ерөнхийлөгчийг долоон жилийн хугацаатай нэг удаа сонгодог болгосон юм.Казахстаныг 30 орчим жил захирсан Назарбаев дахин сонгогдсонд нь Токаевт хамгийн түрүүнд баяр хүргэж “ард түмэн шинэчлэлд бүрэн итгэлтэй байгаагийн илрэл” гэж хэлжээ.

Орос улс Украинд эзлэн түрэмгийлэх дайн явуулсан нь Казахстаны гадаад бодлогод том нөлөө үзүүлсэн юм. Тус улсын умард хязгаарт 3 сая орос үндэстэн амьдардаг нь Токаевын санааг зовоож байгаа юм. Тэрбээр Украины дайныг эсэргүүцэж байгаагаа тодорхой илэрхийлэхийн хажуугаар Хятад, Европын Холбоотой ойртон нягтрах бодлого явуулж байгаабилээ.

Казахстан улс төрийн бүтцийн шинэ хэлбэрт шилжиж, Үндсэн хуулийн шинэчлэлийг тууштай, тодорхой хийнэ гэж тус улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *