Мөнгөний нийлүүлэлт (M2) 2022 оны аравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 183.4 тэрбум төгрөг буюу 0.7% өссөнийг ҮСХ танилцууллаа.
Ийнхүү өсөхөд валютын харилцах 1.9 (82.2%) их наяд төгрөгөөр, валютын хадгаламж 611.4 (15.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Бага мөнгө (M1) буюу хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө болон төгрөгийн харилцах дансан дахь мөнгөний нийлбэр өнгөрсөн сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр ₮6 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараас 128.7 тэрбум төгрөг буюу 2.1% буурч, өмнөх оны мөн үеэс 358.5 тэрбум төгрөг буюу 6.3% өссөн байна. Бага мөнгөний
- 5.3 (87.8%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах,
- 735.6 (12.2%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.
Бараг мөнгө тайлант хугацааны эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 21.2 их наяд төгрөг болж, өмнөх сар болон өмнөх оноос 1% хүрэхгүй хэмжээнд буурчээ.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2022 оны аравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр ₮1 их наяд болж, өмнөх сараас 6.9 (0.7%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 81.6 (7.5%) тэрбум төгрөгөөр буурчээ.
Гадаад цэвэр актив буурсан бол дотоод цэвэр актив өссөн дүнтэй байна. Тодруулбал, Аравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр
- гадаад цэвэр актив 113.9 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 676.4 тэрбум төгрөг буюу 85.6% тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 4.2 их наяд төгрөг буюу 97.4% буурсан бол
- дотоод цэвэр актив 27.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 468.1 тэрбум төгрөг буюу 1.8%, өмнөх оны мөн үеэс 4.4 их наяд төгрөг буюу 19.5% өсжээ.
Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг дотоод цэвэр актив бүрдүүлсэн байна.
- Төгрөгийн хадгаламж аравдугаар сарын эцэст 12.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 152.8 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.7 их наяд төгрөг буюу 17.6% буурчээ. Төгрөгийн хадгаламжийн
- 11.2 (90.3%) их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж,
- 1.2 (9.7%) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
- Валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 26.8 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 611.4 тэрбум төгрөг буюу 15.2% өсжээ.