Categories
мэдээ соёл-урлаг

Монгол жилд дунджаар 60 орчим кино бүтээгдэж байна DNN.mn

Соёлын сайд Ч.Номин “Монголын кино зах зээлийн талаар танилцуулж, кино урлагийг дэмжих талаар Төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэж байгаа бодлогын ажлын талаар мэдээлэл өгөв.

Тухайлбал, Соёлын яамнаас 2019-2020 онд явуулсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгаагаар Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 80 кино студи, продакшн, 9368 суудал бүхий 15 кино театр, онлайн түгээлтийн найман платформ, 700 орчим мэргэжилтэн ажиллаж, жилд дунджаар 60 орчим дотоодын кино бүтээгддэг байна. 2020 оны байдлаар кино, дуу дүрсний салбар тухайн жилдээ 850 гаруй тэрбум төгрөгийн орлого олсон бөгөөд судалгаанд оролцогчид кино, дуу дүрсний салбарын энэ орлого нь шууд болон дам байдлаар дуу хөгжим, утга зохиол, маркетинг сурталчилгаа зэрэг бусад салбартаа нөлөөлж байгаагаас гадна түүх, соёлын үнэт зүйлсээ кино урлагаар дамжуулан олон нийтэд таниулах, олон нийтийн санаа бодол, хандлагыг өөрчлөх, соён гэгээрүүлэх зэрэг чухал үүрэг гүйцэтгэдэг гэжээ.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Соёлын яамнаас кино урлагийг дэмжих талаар Төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Кино урлагийг дэмжих тухай хуулийг батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Мөн өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих 2032 он хүртэлх арга хэмжээний төлөвлөгөө, 2027 он хүртэлх Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг батлан хэрэгжүүлж байгаад кино, дүрсний урлаг багтаж байна.

Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар Франц улсад зохион байгуулдаг “Канын кино наадам”-д анх удаагаа Соёлын яамны дэмжлэгтэйгээр Монгол уран бүтээлчид оролцож, Монголын кино зах зээл, хууль эрх зүйн орчныг олон улсад сурталчлан танилцуулсан зэргээр кино урлагийн салбарын хууль хэрэгжиж байна.

Өнөөдрийн байдлаар Соёлын яам Кино урлагийн зөвлөлөөр дамжуулан дэлхийн 101 орны киноны хууль, журам, олон улсын 327 хамтын бүтээл бүтээх гэрээ, 20 соёлын шалгуурын хүрээнд кино урлагийг дэмжиж, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн сацуу кино урлагаар дамжуулан үндэсний дархлаа, хэл соёлоо хадгалан хамгаалж, ирээдүй хойч үедээ кино урлагийн өвийг үлдээх ажлыг хэрэгжүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *