Categories
мэдээ улс-төр цаг-үе

SPEAK OUT: Төрийн өндөр албан тушаалтны хамаатнуудыг төрд алба хашихыг хориглосон хууль батлагдах уу DNN.mn

Төрийн алба төрлийн алба боллоо гэж шүүмжлэх хүн олон. Аав хүү хоёр, ах, дүү хоёр, эхнэр, нөхөр хоёр, тэр бүү хэл “нууц амраг”-аа ч өндөр албан тушаалд томилдог үзэгдэл өнөөгийн нийгэмд энгийн мэт зүйл болсон. Олон улсын жишгээр төрийн өндөр албан тушаалтны ах дүү, хамаатан садан, дотны найз нөхөд нь ч төрийн албанд ажиллахыг ашиг сонирхлын зөрчил гэж үзээд хуулиараа хориотой байдаг. Гэтэл манайд энгийн мэт үзэгдэл болсон нь төрийн албаны хүнд суртал, авлига, хээл хахууль цэцэглэн хөгжих, төсвийн хөрөнгийг хяналтгүй зарцуулах зэрэг хууль бус үйлдлүүд удаа дараа гаргасаар буй. Угтаа Төрийн албаны тухай хууль болон Ашиг сонирхлын тухай хуульд уг агуулгыг зохицуулдаг. Гэвч эдгээр хууль хэрэгжихгүйгээс гадна хуулийн цоорхойг ашиглан төрийн албыг төрлийн алба болгож буй этгээдүүд олширсон гэдгийг хуулчид, улс төр судлаачид ярьж байна. УИХ-ын гишүүний ах дүү, хамаатан садан Засгийн газарт ажиллаж болохгүй гэсэн хууль манайд байхгүй. Засаглалын бүтэц, схем бие биедээ харилцан адил хяналт тавих чадамжтай байж зөв тогтолцоо бүрэлдэнэ. Үүнийг зохицуулсан хууль одоогоор манайд байхгүй байна. Тиймээс Төрийн өндөр албан тушаалтны хамаатан саданг төрийн алба хашихыг хориглосон хуулийг УИХ-ын гишүүд санаачлах уу, үүнд гишүүд болоод улстөрчид, хуульчид ямар байр суурьтай байгаа талаар тодрууллаа.


УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: – Хориглож болно. Зөвхөн гэр бүл, үр хүүхдийг хориглож болох юм. Ах дүү, хамаатан саданг арай болохгүй байх. Туурга тусгаар бол тусын дайсан гэж үгтэй дээ. Бизнесийн хамтрагч, найз нөхөд л хэцүү дээ.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан: -Тийм хууль явж байвал бушуухан баталчихаасай. Гэхдээ орж ирээгүй. Ийм хууль санаачлах гэж байгаа ч гэж мэдээгүй байна. Ер нь хууль санаачлах чинь сэтгэл хөдлөлөөр хийдэг ажил биш. Судалгаа, үзэл баримтлал гээд чухал урьдчилсан ажлууд их бий. УИХ-ын гишүүн хууль санаачлах бүрэн эрхтэй. Энэхүү эрхийнхээ хүрээнд хуулиа оруулж ирж болно. Гэхдээ манайхан хуулийг их амархан гарган ирж баталдаг. Гэвч хэрэгжилт тун муу байдаг. Хууль шинээр батлах нь чухал ч гэлээ хэрэгжүүлэх нь хамгийн чухал шүү дээ. Энэ төрлийн хуулийн төсөл орж ирвэл ерөнхий агуулгынх нь хувьд дэмжинэ. Өөрөөр хэлбэл, хязгаар тогтоож өгөх гэж буй зарчмыг нь дэмжинэ гэсэн үг. Ялангуяа ардаас нь томилогдох бол ёс зүйн хувьд болохгүй. Ингэвэл өмнө нь мерит зарчмаараа явж байгаанууд нь хэлмэгдэнэ.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл: -Яг тэгж хууль санаачлаад батлагдах юм бол хүний эрх зөрчигдөнө. Үүнийг ёс зүйн дүрмээр зохицуулдаг.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: -Ашиг сонирхлын тухай урт нэртэй хууль бий. Албан үүрэгт нь хамаарал бүхий албан тушаал байвал томилж болохгүй шүү дээ. Шууд хамаарал бүхий удирдлагад нь ажиллах, аль эсвэл нэг, хоёрдугаар гарын үсэг зурдаг албан тушаалд томилж болохгүй. Хамаатнууд гэдэг өргөн ойлголт. Тэр тусмаа манайх шиг хүн ам цөөнтэй улс орны хувьд. Төрсөн ах дүүс, үр хүүхэд гэвэл хаашаа юм гэхээс. Ер нь бол цаанаа бас л хүний эрхийн зөрчлийн асуудал яригдах байх.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: -Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж болохгүй. Хүнийг эрхэлсэн ажил, мэргэжлээр нь ялгаж болохгүй гэж бодож байна. Үндсэн хуульд бий. Хүний эрх, эрх чөлөө. Арвандөрөвдүгээр зүйлд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан байдаг. Мөн “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалт бий. Нөгөөтэйгүүр ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж Үндсэн хуулиараа үздэг. Тэр утгаараа сайн бодож, боловсруулж байж зохицуулалт хийх шаардлагатай. Ер нь бол хязгаар, заагтай болох хэрэгтэй. Гэхдээ Үндсэн хуулиндаа нийцүүлсэн байх ёстой гэдгийг анхаарах нь чухал.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Энэ асуудал Үндсэн хуультай зөрчилдөнө. Үндсэн хуулийн 16-4 заалтуудыг ноцтой зөрчинө.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: -Хамаатан гэхээр маш олон хүн болно доо. Аав, ээжийн талын, хадмын талын гээд мөн ч олон болно доо. Нэг нь төрд ажилласнаар бусад нь хохирох ёсгүй дээ.

Хуульч С.Чимэд-Очир: -Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд бүдэгхэн орсон байдаг. Яг төрийн өндөр албан тушаалтны хамаатан төрийн алба хашихыг хориглосон хууль, эрх зүйн орчин байхгүй. Энэхүү хуулийг санаачлах нь зөв гэж хуульч хүнийхээ хувьд үзэж байгаа. Гэхдээ Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг сайтар харж, уялдуулах учиртай. Тэгэхгүй бол ерөнхийд нь хориглосон хууль батлагдчихвал хүний эрх, хөдөлмөр эрхлэх эрхийг ноцтой зөрчинө. Тиймээс Үндсэн хуулийнхаа үзэл санаанд нийцсэн атлаа Төрийн өндөр албан тушаалтан ах дүү, хамаатан саднаа төрийн албанд томилдог байдлыг хориглосон хууль манайд хэрэгцээ шаардлага нь тулгарсан гэж бодож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *