Categories
мэдээ нийгэм

АТГ: 1.1 тэрбум төгрөг завшсан УИХ-ын гишүүний зөвлөхийн хэргийг шүүхэд шилжүүлнэ DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 11 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 24 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 130 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 94 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 743 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 717 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан нь Цагаан хад суурьшлын бүсэд албан үүрэг гүйцэтгэх явцдаа хахууль авсан гэх;
  • “Т” нь УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий компаниудын нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцож, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулах хууль бус шийдвэр гаргуулан, улсын төсөвт нийт 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх;
  • Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн 0131 дүгээр ангийн албан тушаалтан “Д” нь бусдаас хахууль авсан гэх;
  • Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн албан тушаалтан “М” нь албан тушаалаа урвуулан ашигласан гэх;
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн албан тушаалтан “Б” нь гомдол гаргагчаас хахууль авсан гэх;
  • Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын эрүүл мэндийн төвийн албан тушаалтан “Ө” нь бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгосны улмаас тус Эрүүл мэндийн төвийн цалингийн санд их хэмжээний хохирол учруулсан гэх;
  • Булган аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын удирдах албан тушаалтан “Т”, “М” нар бүлэглэн бусдад давуу байдал бий болгосны улмаас их хэмжээний буюу 104 сая төгрөгийн хохирол учирсан гэх;
  • МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн удирдах албан тушаалтан “Э” нь өөрийн албан тушаалын үүргийг хэрэгжүүлэх явцдаа бусдад давуу байдал олгосон гэх;
  • “А” нь ИТХ-ын ажлын албаны даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэх;
  • “Баян-Эрдэнэ Хүрд” ХХК-ийн ерөнхий захирал “С” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад 30 сая төгрөгийн хахууль өгсөн гэх;
  • Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын харьяа Улсын нөөцийн салбарын удирдах албан тушаалтан “Г”, “А” нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үрийн нөөцийн агуулахаас 89 тн улаан буудайн “Дархан-144” элит сортын үрийг бусдад давуу байдал бий болгож хууль бусаар олгосноор улсад 80 сая төгрөгийн хохирол учруулсан гэх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *