БНХАУ цар тахлын халдварыг хумих зорилгоор өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш олон сараар Замын-Үүд-Эрээн өртөөгөөр солилцох галт тэрэгний тоог багасгасан нь манай улсын экспорт, импортын тээврийн хэмжээ буурч, эдийн засагт сөрөг үр дагавар үзүүлэх болсон.
Үүнийг УБТЗ-ын зүгээс хятадын төмөр замтай зөвлөлдөж, нягт хамтран ажилласны үр дүнд нөхцөл байдал аажмаар сайжирч, өнөөдөр тус боомтын төмөр замын тээврийн үйл ажиллагаа хэвийн болоод байна. Гэсэн ч УБТЗ-ын хамт олон цар тахлын улмаас алдсан боломжоо нөхөхийн тулд галт тэрэг солилцоог нэмэгдүүлж, ачилтын хэмжээг өсгөхийн төлөө шаргуу ажиллаж байна. Замын-Үүд зангилааны төмөр замчид энэ сарын 10-ны өдөр нэг ээлждээ 336 вагон ачиж, нарийн царигаар 234 вагон буулгаж ээлжийн ачилтын дээд рекордыг шинэчлэн тогтоолоо. Замын-Үүд-Эрээн боомтын үйл ажиллагаа сэргэж байгаа нь Монгол Улсын эдийн засаг өсөхөд түлхэц өгөх учраас “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлага төмөр замын тээврийн хэмжээг тогтвортой өсгөхөд онцгой анхааран ажиллаж байна гэж УБТЗ-аас мэдээллээ.