Херсон хот нь Украины дайн эхэлснээс хойш Оросын цэрэгт эзлэгдсэн цорын ганц мужийн төв байсан юм. ОХУ-ын улстөрчид Херсонд үүрд үлдэнэ гэж мэдэгдэж, өнгөрсөн есдүгээр сард ерөнхийлөгч Владимир Путин эзлэгдсэн дөрвөн мужийг өөрийн улсын бүрэлдэхүүндээ нэгтгэх шийдвэр гаргасны нэг нь Херсон муж байв. Иймээс Херсоны ухралт нь Путинд улс төрийн хувьд бэлгэдлийн талаасаа томоохон ялагдал болж байна. Харин цэрэг, зэвсгийн хувьд Украины зэвсэгт хүчинд Крымийн хойг, Хар тэнгисийн зүүн хэсэг, Азовын тэнгисийн баруун хэсэгт хүрэх зам нээгдэж байна гэсэн үг юм.
Мөн Украины цэрэг холын тусгалтай их буу, тийрэлтэт сумнуудаар Днеприйн баруун эрэг төдийгүй Крымд байрласан орос цэргийн нисэх буудал зэрэг цэргийн байрлалыг чөлөөтэй буудах боломжтой болов.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд төв телевизээр цэргүүддээ Херсон хотыг орхин гарахыг зөвшөөрсөн нь энд байсан орос цэргүүд цэргийн техникээ олноор нь орхин өөрсдөө явган нүцгэн, яаран сандран дайжиж Днепр мөрнийг гатлахад хүргэсэн байна. Ингэснээр орос цэргүүд Украины зэвсэгт хүчнээс гадна өвөл хэмээх бас нэг хүчтэй дайсантай тулалдах болоод байгаа юм. Учир нь ялангуяа шинээр дайчлагдсан орос цэргүүдийн өвлийн хангамж бараг байхгүйтэй адил байгаа билээ. Иймээс орос цэргүүдийн эхнэрүүд шинээр дайчлагдсан цэргүүдэд ядаж шөнө дулаан хонох түлэх түлээ өгөхийг удирдлагаас нь шаардаж байна. Тэгвэл Украин цэргүүдэд Английн армиас өгсөн өвлийн хувцас хэрэгсэл дулаан хонох, хоол, цайгаа буцалгах хэрэгсэл, өдөр шөнийн дуран гээд нийт 40 зүйлээс бүрдэж байгаа бөгөөд үүн дээр нэмж цэрэг болгонд эмнэлгийн анхан шатны иж бүрдэл олгож байна.
Оросын арми ийнхүү Херсоноос ухарсан ч сарын хугацаанд бүх зүйлийг минижүүлж орхижээ. Тухайлбал, шүүгээнд мини хийж дотор нь амьд муур түгжсэн байна. Өлссөн муурыг авахаар хаалга онгойлгоход бөмбөг дэлбэрэх аж.
Ийнхүү В.Путинд Украинаас бүх цэргээ гарган, учруулсан хохирлоо төлөхөөр тохирч, өөрийн дэглэмийг татан буулгаж оронд нь өөрийгөө болон ойр тойрныхныгоо олон улсын шүүхээр оруулахгүй, хөрөнгөө аван Хятадад очих ганц зам үлдэв.Энэ боломжийг ашиглаж чадах эсэх нь зөвхөн өөрөөс нь шалтгаална.
Г.Амарсанаа