Categories
гадаад мэдээ

АСЕАН: Мьянмарт энх тайван тогтоох тодорхой цаг хугацаа өгнө DNN.n

Камбож улс АСЕАН-ын дээд уулзалтыг нутагтаа хүлээн авч байна. Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо АСЕАН Мьянмарын цэргийн дэглэмд таван зүйл бүхий энх тайван тогтоох төлөвлөгөө хэрэгжүүлэх тодорхой цаг хугацааг зааж өгөхөөр тохиролцлоо. Мьянмарын цэргийн эрх мэдэлтнүүд өнгөрсөн оны эхээр төрийн эргэлт хийснээс хойш ардчиллын төлөө тэмцэгчид, үндэсний цөөнхийн зэвсэгт босогчдыг хүчээр дарсаар байгаа юм.

АСЕАН өмнө нь ард иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэхгүй байх зэрэг заалттай таван зүйлт зөвшилцлийн Мьянмарын эрх баригчдад санал болгосон ч цэргийнхэн уг зөвшилцлийг дагаж мөрдөхгүй байгаа юм. Иймээс сүүлийн гурван жилд анх удаа нүүр тулж уулзаж байгаа АСЕАН-ы эрх баригчдын дээд хэмжээний уулзалтаар Мьянмарын нөхцөл байдлыг нухацтай авч хэлэлцлээ. Зүүн өмнөд азийн улс орнуудын эрх баригчид Мьянмарын нөхцөл байдал хүнд хэвээр байгаагийн зэрэгцээ хүчирхийлэл улам бүр нэмэгдэж байгаа нь гол санаа зовоосон асуудал гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Ингээд тус улсад энх тайван байдлыг тогтоох таван зүйлт зөвшилцлийг хэрэгжүүлэх тодорхой хугацааг зааж өгөхөөр шийдвэрлэжээ. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл АСЕАН-ын бүх түвшний уулзалтад Мьянмарын төлөөллийг байлгах эсэх асуудлыг авч үзэхээр болж байна.

Одоогоор Мьянмарын цэргийн хунтын дэглэмийн гишүүдийг АСЕАН-ын дээд хэмжээний уулзалт болон гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохыг хориглосон, зөвхөн улс төрийн бус төлөөллөө илгээхийг л зөвшөөрсөн байгаа юм. Хэрвээ энэ мэтээр хориг хэрэгжвэл Мьянмар бүс нутгийнхаа нөлөө бүхий эвслийн гадна үлдэж, олон улсын тавцанд ганцаардах, тусгаарлагдах чиглэл рүү орох эрсдэлтэй юм. Өнгөрсөн оны 2-р сарын 1-нд Мьянмарын төрийн эрхийг хүчээр авсан цэргийн хунтын дэглэм АСЕАН-ын энх тайван тогтоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх товлосон хугацааг хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна. Зүүн өмнөд азийн 10 улсыг эгнээндээ нэгтгэсэн АСЕАН яриа хэлэлцээний түнш орнуудаа дээд уулзалтад урьдаг уламжлалтай. Тухайлбал Хятад, Япон, өмнөд Солонгос, АНУ, Украин зэрэг улс орнуудын эрх баригчид Камбожийн нийслэл Пномпень хотноо АСЕАН-ын дээд уулзалтад оролцож, олон улсын аюулгүй байдал, эдийн засаг, худалдааны саад тотгорыг арилгах зэрэг өргөн хүрээний сэдвийг хэлэлцэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *