Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

АН-ын гишүүд: С.Баярцогт улс төрийн “Comeback” хийх гэж байгаа бол түргэн ирээд энэ намыг цэгцлээсэй DNN.mn

Ардчилсан намын асуудал ужгирлаа. Шинэ он удахгүй гарлаа. Ирэх жил сонгуулийн өмнөх жил гэдгээрээ улстөрчдийн болоод улс төрийн намуудын хувьд онцгой цаг үе. Өнгөрсөн УИХ-ын хоёр ч сонгуульд дараалан МАН үнэмлэхүй олонх болж төрийн эрхийг дангаараа барьж байна. Ирэх 2024 оны сонгуулийн прогнозыг өнөөдрийн нүдээр харахад МАН дахиад ч олонх болох магадлал өндөр. Учир нь МАН-тай өрсөлдөхүйц үндэсний хэмжээний том институци болох Ардчилсан нам дотоод дахь асуудлаа өнөөг хүртэл шийдэж чадахгүй байна. Сөрөг хүчин учраа олохгүй, талцаад байх тусам эрх баригчдад төдий чинээ улс төрийн том давуу талыг бий болгоно. Болгосоор ч байна. С.Эрдэнэ даргатай АН, экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай АН гэж хоёр хуваагдсан. Энэ хоёрыг хооронд нь эвлэрүүлэх ажлын хэсэг гарсан гэх. Харамсалтай нь эвлэрүүлэх ажлын хэсэг оновчтой, идэвхтэй үйл ажиллагаа явуулж харагдахгүй байгаа талаар АН-ын жирийн гишүүд хэлж байна. Тэд Ардчилсан намын асуудлыг С.Эрдэнэ, Х.Баттулга нарын аль нь ч цэгцэлж, эв нэгдлийг хангаж чадахгүй гэдгээ ч илэрхийлсээр. Харин сүүлийн үед АН-ын асуудлыг цэгцэлж, гишүүдийнхээ олонхын дэмжлэгийг аваад намаа удирдаад явах ганц лидерийг С.Баярцогтыг гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна. С.Баярцогт ч өөрөө улс төрд хүчтэй орж ирж байгаагаа албан ёсоор илэрхийлсэн. Улс төрд орж ирснээ итгэлтэйгээр зарласан түүний хамгийн эхний ажил бол намаа нэгтгэх, цэгцлэх асуудал байх нь тодорхой. С.Баярцогт намаа удирдаад аваад явах чадвартай юу. Гишүүд нь түүнийг олонхоороо дэмжиж байгаа нь үнэн үү. Үнэн бол цаг хугацаа алдалгүй С.Баярцогтоо АН-ын даргаар томилоод асуудлыг нь шийдүүлээд намаа нэн яаралтай цэгцэнд нь оруулах шаардлага тулгараад байгаа юм биш үү гэх асуултаар Ардчилсан намын гишүүдийн байр суурийг тодрууллаа.


УИХ-ын гишүүн асан, АН-ын Хууль, эрх зүй хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү: -Ардчилсан намд тулгараад байгаа бодит асуудал нь нэг зүйл байна. Ардчилсан намын жинхэнэ дарга нь энэ гээд хэлэх ёстой Үндэсний бодлогын хороо нь хоёр хуваагдчихсан. Өөрөөр хэлбэл, хуучин ҮБХ, шинээр томилогдсон ҮБХ-ны хооронд зөрчил үүсчихсэн байгаа гэсэн үг. Энэ хоёр тус тусдаа хурал хийгээд, үйл ажиллагаагаа явуулаад байгаа учраас намыг улам хагаралдуулаад байна. Яагаад ингээд тус тусдаа асуудал гаргаад яваад байгааг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Тиймээс эхний ээлжинд энэ намын удирдлагын бүтэц болох ҮБХ-ны асуудлыг цэгцлэх шаардлагатай. Яг аль нь вэ гэж. Үүнд АН-ын нэрээр гарч ирсэн УИХ, ЗГ-ын гишүүд, намын үе үеийн лидерүүд санаачилгатай оролцох ёстой. С.Эрдэнэ энд нэг хуралдаад Х.Баттулга нь тэнд ч нэг хуралдаад нөгөөх рүү нь сэтгүүлчид хоёр тийшээ яваад байгааг би хувьдаа МАН-ын бодлогоор хийгдэж байгаа ажил л гэж хардаж байна. С.Баярцогтын хувьд сонгох, сонгогдох эрх нь бүрэн нээлттэй байгаа. Надад ч бас нээлттэй байгаа. С.Эрдэнэ, Х.Баттулга гэх хоёр хүнээс бусад АН-ын гишүүн болгонд сонгох, сонгогдох эрх нь бүрэн бий. Үнэхээр С.Баярцогтын мөрийн хөтөлбөр нь орж ирээд, албан ёсоор нэр дэвшээд үүнийг нь АН-ын гишүүд олонхоороо дэмжээд явбал би эсэргүүцээд явна гэж байхгүй. Хамтраад, намынхаа төлөө ажиллаад л явна. С.Баярцогтыг хүмүүс дэмжчих вий, үнэхээр АН-ын дарга болчихвий гэдгээс нь болгоомжилж энэ хүн рүү зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байгааг би харж л байгаа. Тэр дундаа экс Ерөнхийлөгчийн гар хөл болсон нөхдүүд үүнийг хийж байгаа. Гэхдээ С.Баярцогтыг дарга болгох эсэх асуудлыг эцсийн эцэст Ардчилсан намын нийт гишүүд л шийднэ.

АН-ын Тамгын газрын дарга Л.Ганхөлөг: -Манай намын лидерүүдийн нэг нь С.Баярцогт мөн гэж хардаг. Намаар ч зогсохгүй улс орон, олон улсын түвшинд асуудал шийдвэрлэх чадвар, мэдлэг туршлагатай улстөрч гэдгээ өнгөрсөн хугацаанд нотолсон шүү дээ. АН-ын асуудал улс орны хувь заяатай шууд холбогдсон учраас манай намын олон лидерүүд одоо үүнийг ойлгож улс төрийн ажиллагаандаа идэвхтэй оролцоод явах үүрэгтэй. Тэгээсэй ч гэж намын гишүүд, мөн АН-ыг дэмжигч иргэд ч тэднээс хүсч хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.

АН-ын гишүүн Б.Буянжаргал: -Нэгдүгээрт, манай намын энэ асуудал одоо хурдхан дуусчихаасай гэж хүсч байна. Ардчилсан нам унаж болох хамгийн доод цэгтээ хүрлээ шүү дээ. Доод цэгээс доошоо унана гэж байхгүй. Харин одоо дээшлэх хөдөлгөөнөө хурдхан эхлүүлэх шаардлагатай. С.Баярцогт манай намын шилдэг ледерүүдийн нэг. Саяхнаас С.Баярцогт тэргүүтэй манай намын гишүүд Ардчилсан намын ээлжит бус их хурлыг хуралдуулах асуудлаар гишүүдээс гарын үсэг цуглуулж байгаа гэж сонссон. Би үүнийг зуун хувь дэмжиж байна. Их хурлаа яаралтай зарлаад, хуралдуулах шаардлагатай. Хурлаараа бүх асуудлаа шийдчих. Шүүх, намын даргын асуудал гээд бүгдийг нь шийдчих боломжтой. С.Баярцогтын энэхүү бодлого үйл ажиллагааг нь зөв гэж харж байгаа. Хурдхан шиг намынхаа асуудлыг цэгцлээд бодитой улс төрийн үйл ажиллагаагаа явуулахгүй бол дээрээ суудлаа олохгүй байсаар доор чинь байгаа бид улс төрийн үзэл санаанаас өөр зүйлгүй л хаягдлаа. Тиймээс эхлээд намын их хурлаа яаралтай зохион байгуулъя, уг хурлаараа С.Эрдэнэ, Х.Баттулга нарыг зайлуулъя. Мөн бусад дагалдан баясагчдыг ч хөөе. Улмаар шинэ лидер, шинэ удирдлага, шинэ бүтцээ намын 20 мянган гишүүдийнхээ шийдвэрээр тодруулж гаргая. Шуудхан хэлэхэд, С.Баярцогт улс төрийн “Comeback” хийх гэж байгаа бол түргэн ирээд энэ намыг цэгцлээсэй. Өөр цэгцэлчих хүн үнэндээ ховор байна. Байвал гарч ирээд дуугар. Бусдын эрх ашиг, нөлөөнд орсон лидерүүд манай намаар их байна.

АН-ын гишүүн З.Пүрэв-Очир: -Эвлэрүүлэх ажлын хэсэг тал талаасаа дөрвөн хүн гаргаж байгуулсан. Гэхдээ бодитой арга хэмжээг авч ажиллаж чадахгүй байна. Учир нь С.Эрдэнэ манай нам хуваагдсан зүйл байхгүй, нэг л цул байгаа гэсэн зарчим дээрээ хатуу зогсоод хөдөлж өгөхгүй байна. Ер нь мань хүний харизм тийм л дээ. Шаасан гадас шиг бат зогсдог хүн. Тиймээс энэ ажлын хэсгийн үр дүнд найдаад суух нь өөрөө эргэлзээтэй. С.Эрдэнийн хувьд хэзээ ч Х.Баттулга нарын хүмүүстэй нэгдэхгүй. Харин С.Баярцогт С.Эрдэнийн оронд очиж байж, Х.Баттулгын талын АН-ынхантай эвээр яриад улмаар АН дотоод эв нэгдлээ бүрэн хангах боломжтой гэж харж байгаа.

АН-ын дэд дарга Ц.Оюундарь: -С.Баярцогтыг АН-ын дарга болно гэвэл 100 хувь дэмжинэ. Улсын хэмжээний бодлого тодорхойлох намын дарга хууль тогтооx болон гүйцэтгэх засаглалд идэвxтэй ажилласан туршлагатай, өндөр боловсрол, мэдлэг чадвартай байх нь улсын эрx ашигт нийцнэ. Ардчилсан нам хэзээд xувийн хэвшлийг дэмждэг, хоёр хөршөө xүндэтгэxийн зэрэгцээ гуравдагч хөршийн бодлогыг тууштай баримталдаг, парламентын ардчиллыг Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын баталгаа гэдэгт итгэдэг, xувь xүний эрx, эрx чөлөөг ямагт эрxэмлэсээр ирсэн нам. С.Баярцогт бол энэ үзэл санааг тэртээ 1990 оноос эхлэн хэлбэрэлтгүй тээж, энэxүү эрx чөлөөний үзэл санааг шинэ Үндсэн xуулинд шигтгэхэд гар бие оролцсон, улмаар түүнийгээ УИX, ЗГ-т ажиллаж байхдаа бодит үйл хэрэг болгохын төлөө асар идэвхтэй ажилласан үлгэр жишээч улстөрч. Түүнийг болон ерөөсөө манай намын толгойтой, ирээдүйтэй болгоныг бодлоготойгоор харлуулах үйл ажиллагааг сүүлийн 7,8 шаxам жил тасралтгүй явуулж, элдэв хэрэгт xүртэл холбогдуулан яллаж хорьсон ч тэр мохоогүй. Харин ч хат суугаад гарч ирсэн. С.Баярцогтод холбогдуулан гадаад дотоодгүй нээсэн бүx зоxиомол хэргүүд нь бүрэн шалгагдаж, буруугүй нь тогтоогдоод бүрэн цагаадсан. Одоо тэрээр Ардчилсан намаа нэгтгэж xүчирхэгжүүлэxийн төлөө бүx цаг заваа зарцуулан идэвхтэй ажиллаж байгаад би xувьдаа баяртай байгаа. Ийм л хаттай, боловсорсон, ажилсаг, уйгагүй xүн АН-ын дараагийн дарга болоосой гэж би хувьдаа бодож байна.

АН-ын гишүүн Д.Монголхүү: -Одоохондоо манай намын даргыг сонгох сунгаа тодорхойгүй байна. Нэр дэвшигчид нь тодорхой бус. Хэрэв энэ бүгд тодорхой болчихвол даргад нэр дэвшиж байгаа хүний мөрийн хөтөлбөрийг харж байгаад хэнийг дэмжихээ шийднэ дээ.

АН-ын гишүүн Б.Баярсайхан: -Одоо маргаанаа мартаад маш түргэн дарга, удирдлагуудаа сонгоод явах цаг болсон. С.Баярцогтын хувьд дэмжээд явахад асуудалгүй байх. Улс төр, эдийн засгийн асар туршлагатай хүн. Манай намын хүчтэй лидерүүдийн нэг. Арай өөрөөр сэтгэдэг хүн гэж харж байгаа. Дарга болоод намаа удирдаад сонгуульд амжилт гарган оролцож чадах чадамж ч байгаа гэж харж байна. Ардчилсан нам бол хоёр хүний нам биш, хоёр зуун мянган хүний нам.

АН-ын гишүүн С.Ламбаа: -АН бол 13 УИХ-ын гишүүнтэй, найман аймаг, нэг дүүрэг, 195 суманд засаглаж байгаа Үндэсний хэмжээний том нам. Манай нам дээрээ хоёр нам болж,10-аад “фракц”-ид хуваагдчихаад хоёр жил болж байна. Миний бодлоор намын дарга байгаагүй манай намын хэн нэг лидер улстөрч гарч ирж, олон фракцуудыг нэгтгэж, нэг цул нам болгохын төлөө зүтгэх ёстой. Тэр нь одоогийн байдлаар С.Баярцогт байх шиг байна. Яагаад болохгүй гэж. Гэхдээ С.Баярцогтыг намын дарга болж байгаа юм байна гэж бодох хэрэггүй шүү. Намын даргыг дүрмийнхээ дагуу сонгож таарна. С.Баярцогттой олон жил хамт улс төрд зүтгэсэн хүний хувьд итгэж байна. Хамгийн гол нь манай бусад лидерүүд эв санааны нэгдэлтэйгээр дэмжиж чадвал АН богино хугацааны дотор босч ирнэ. Ер нь манай намын лидерүүд намын удирдлагын төлөө тэмцэлдэх хэрэггүй. 30 жил даргаллаа, одоо болно. Ингэх нь эцсийн эцэст намын 200 мянга гаруй гишүүдийн эрх ашигт нийцнэ гэж үзэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *