УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Төсвийн хүрээний мэдэгдэл нь Монгол Улс дунд болон урт хугацаандаа хэрхэн хөгжих вэ гэдгийг урьдчилан таамаглах бололцоотой баримт бичиг. Төсвийн хүрээний мэдэгдэл ямар ч нөлөөгүй бичиг баримт болчихлоо. Өмнөх сонгуулиудын амлалтаас болоод төсвийн сахилга бат байхгүй болчихсон. Өнөөдөр улсын төсвөөр улс орны хөгжлийг түлхэх санхүүжүүлэлтийг хийх боломжгүйд хүрсэн. Он дамжин баригдаж буй үр ашиггүй барилгууд зардал нэмж байна. Дуусаагүй барилгуудаа дуудлага худалдаагаар зарах хэрэгтэй. Ийм байдлаар зардлаа хязгаарлаж болно” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.
Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн УИХ-ын гишүүн Т.Доржхандын байр суурьтай санал нэг байгаагаа илэрхийлсэний зэрэгцээ цаашид төсвийн хүрээний мэдэгдлийг төсвөөс тусдаа хэлэлцдэг байх, ач холбогдлыг өндөрсгөх хуулийг оруулж ирж байгаа гэв. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Баттөмөр нар ирэх оны төсвийг алдагдалгүй батлах бололцоотой хэмээн үзэж байгаагаа хэлсэн ба УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Өнөөдөр хөгжлийн бодлого төлөвлөгч гэж байхгүй болсон байна. Орлого олох боломжоо бүрэн дайчилж чадсангүй. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдана гэж яригдаад байна. Тийм зүйл байж болохгүй” гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх асуултад “Улс орнууд цар тахал, дайны улмаас Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах болсон. Өнөөдрийн байдлаар 44 улс хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдаад байна. Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ 20 улс гаргасан. Олон улсын валютын сангаас жийрхэх зүйлгүй” гэсэн тайлбар хийсэн юм.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа төсвийн алдагдлыг бууруулах хүрээнд Засгийн газар, Сангийн яам хангалттай ажилласан. Ийм хүнд нөхцөлд Засгийн газар, Сангийн яамыг муухай харагдуулж оноо авах байдлаар ажиллаж болохгүй гэлээ.