Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Пүрэвдорж: Хөгжлийн банкны асуудлаар хоёр улстөрчийг прокуророос оруулж ирэх гэж байгаа бол энэ нь МАН доторх зодоон DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Саяхан ахмадуудыг төв талбайд цуглуулж, тэтгэврийн асуудлаар жагсаал, шаардлага зохион байгууллаа. Цөөнгүй хүмүүс оролцжээ. Таны хөндөж тавьсан тэтгэвэрт гарах жилийг долоо биш тав болгоё гэдэг санал УИХ-д яагаад дэмжигдэхгүй байна вэ?

-Засгийн газраас өргөн барих Нийгмийн даатгалын сангийн тухай хуультай энэхүү хуулийг хамтад нь оруулж ир гэдэг чиглэлийг УИХ өгсөн. Гэвч Засгийн газраас орж ирсэн энэхүү хуульд тэтгэвэрт гарах жилийг долоогоор биш, бүр 10 жилээр болгож оруулж ирсэн нь бидний өргөн барьсан хуультай үзэл санааны хувьд зөрчилдөж байгаа юм. Тиймээс энэхүү хуулиа дангаар нь оруулж ирүүлэхийн тулд ард түмнээсээ дэмжлэг хүссэн. Тэр утгаараа өнгөрсөн өдрүүдэд ахмадууд маань хүрэлцэн ирж, бидний энэхүү хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ер нь манай улсын тэтгэврийн системийг өөрчлөх цаг болсон. Монголд арван хүн тутмын дөрөв нь тэтгэвэр авагч байгаа. Өөрөөр хэлбэл, 10 хүн дөрвөн хүний тэтгэврийг нийгмийн даатгалын шимтгэлээрээ төлөөд яваад байна гэсэн үг. Үүнд сайн менежмэнт явуулж чадахгүй байна. Нөгөөтэйгүүр МАН 2016 онд засаг барьсан цагаас өдийг хүртэл нийгмийн даатгалын санг арвnжуулах чиглэлд нэг ч ажил хийгээгүй. Төрийн сан дээр аваачаад хоосон хэвтүүлчихдэг, хүү өгдөггүй. Ийм байдалтай л явж байна. Бидний өргөн барьсан хуулиар бол долоон жилийг таван жил болгож байгаа. Ингэхээр зургаан тэрбум төгрөгийн зардал нэмж гарч байгаа л даа. Жилд 48 мянган ахмад тэтгэвэрт гарч байна. Энэ хүмүүсийн асуудлыг бүгдийг нь шийдэх боломжтой. Тэгэхээр зардал гарч байгааг нь хэллээ. Буцаагаад яаж орлого олох вэ гэдгийг нь ч хүртэл тайлбарлаж, арга замыг нь зааж өгч байгаа.

-Яаж орлогыг нь бүрдүүлэх юм бэ?

-Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө Төрийн сан дээр ямар ч хүүгүй сул байршиж байхаар Монголбанкны үнэт цаасанд байршуулах ёстой. Ингэснээр чөлөөт үлддэг нь ойролцоогоор 300 орчим тэрбум төгрөг болдог. Үүнийг Монголбанкны үнэт цаасанд байршуулчихвал бодлогын хүүгээр өсөөд явчих, ийм боломжтой. Тэгэхээр нэг талдаа зардал гаргаж болно. Нөгөө талдаа орлого олох аргыг нь зааж өгч байгаа юм. Тэгээд энэхүү асуудлаар тэмцэж, үг, үзэл бодлоо илэрхийлэхээр ирсэн нийт ахмадууд, ард түмэндээ талархъя. Маш олуулаа ирсэн. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр үнэхээр Монголд тэтгэврийн тогтолцоо, системийг шинэчлэх цаг болсон гэдэг нь харагдаж байгаа юм. Тиймээс энэхүү хуулийн төслийг УИХодоо дахин хэлэлцээд дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

-Энэ долоо хоногт Монгол Улсын ирэх оны төсөв батлагдах гэж байна. Ерөнхийдөө олонхоороо оруулж ирсэн төсвөө батлуулчих нь тодорхой боллоо. Сөрөг хүчний хувьд энэхүү төсөвд голлож юуг нь анхаарах шаардлагатай байсан гэж харж байна вэ?

-Зарлагын дэд хороогоор төсвийг хоёр удаа хойшлуулсан. Үүгээр зарим зүйлээ засаад дахин оруулж ир гэдэг зүйлийг чиглэл болгож өгсөн. Ингэснээр хоёр удаа зарим нэг зүйлээ засаад оруулж ирсэн байна лээ. Сөрөг хүчний хувьд нэг л зүйл дээр байнга дуугарч байгаа. Зардал ихтэй төсөв болсон. Тодруулбал, 2012-2016 оны хоорондох буюу дөрвөн жилийн төсвийн зардалтай тэнцэх хэмжээний 2.4 их наядын алдагдалтай төсөв орж ирсэн. Нэг талдаа зардлаа ингэж их өсгөсөн атлаа нөгөө талдаа нөхөхийн тулд нүүрсээ их гаргана гэж ярьдаг. Гэтэл бодит байдал дээр нүүрс нь гардаггүй. Гарсан нүүрсний орлого нь оффтейк гэрээгээр мөнгө нь орж ирдэггүй. Ийм л байдалтай байна. Зардал ихтэй төсөв баталчих учраас цаашдаа энэхүү нүүрсний хулгайгаа цэгцлэх, орлогыг нь оруулж ирэх асуудлыг тусгаж өгсөн. Ер нь зардлаа орлогоороо нөхөж чадахгүй байдалд орохоороо зээл аваад л нөхчихдөг болсон. Одоо эдийн засгийг маш амраар л явуулаад байна шүү дээ, эд нар. Зээл гэдэг бол өр. Тэгэхээр цаашид зээл авдаг байдлаа зогсоох ёстой. Мөн нэг зүйл хэлье. Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрөөс 1.5 их наяд төгрөгийг Ирээдүйн өв санд хуримтлуулах ёстой байсан ч үүнийг төсөв рүү оруулчихсан. Ингэхээр төсвийн алдагдал нэмэгдэж гурван их наяд төгрөгт хүрэх ёстой. Гэтэл 1.5 их наядын алдагдалтай гээд л явж байна. Ингэж нүглийн нүдийг гурилаар хуурдаг зангаа, хандлагаа МАНболих хэрэгтэй. Бодит байдлаа үнэнээр нь тайлбарлах ёстой. Энэ мэт шаардлагуудыг байнга л тавьдаг. Харамсалтай нь Засгийн газар эдгээр асуудлуудаа огт шийдэхгүй яваа нь эмгэнэлтэй байна.

-Та сая хэллээ, угтаа гурван их наяд төгрөгийн алдагдалтай төсөв гэж. Тэгэхээр энэ алдагдлаа гаднаас зээл тусламж, хөрөнгө оруулж ирж байж л нөхөх ёстой. Гэхдээ бодит байдал дээр бидэнд энэ хэмжээний хөрөнгө, зээл олох боломж бий юү?

-Эд нар оны эцсээр дахиад 500 сая ам.долларын зээл авах юм билээ. Үүгээр он гаргаад хэдэн сар төсвийн цоорхойгоо нөхөөд явах байх. Ингээд ирэх оны дөрөв, тавдугаар сарын үед дахиад хоёр тэрбум ам.доллар олж байж л энэ улс орон цааш явна. Төсөв дээр орлого орж ирэх ганц эх үүсвэр нь нүүрс. Гэтэл нүүрсний орлого оффтейк гэрээгээр алга болсон. Нүүрснээс орлого орж ирнэ гэж хүлээх хэрэггүй болсон. Одоо бол тэрхүү оффтейк гэрээнийхээ нүүрсийг л ачаад байгаа шүү дээ. Энэ нь цөөхөн компани, хэсэг хүмүүст л орлого болж орж ирж байгаа. Тэгэхээр нүүрсний орлогыг нийт ард түмэнд оруулж ирэхийн тулд эхлээд нүүрсний хулгайгаа цэгцлэх ёстой.

-ТУЗ-д нь улстөрчид нөлөөлсөн гэж та хэлж байна. Энэ утгаараа Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчтэй холбоотой асуудал хууль, хяналтын байгууллагуудаар шалгагдаж дууссан гэсэн мэдээлэл байна. Уг шалгалтаар хоёр улстөрчид холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлсэн гэж байсан. Тэр хоёр нь танай намынх гэх албан бус мэдээлэл явж байна. Үүнд та тайлбар өгөөч?

-Хөгжлийн банкны асуудлаар МАН2016 онд гарч ирэнгүүтээ тухайн үед Хууль зүйн дэд сайд байсан Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийг оруулж шалгуулсан байдаг. Тухайн үед шалгаад асуудал гарч ирсэн бол Монгол даяар нэг юм болох байсан. Гэтэл энэхүү шалгалтаар МАН-ын том дарга нар бүгд оролцчихсон байсан учраас үүнийг хав дарсан. Ардын намынхан бол Ардчилсан намынхныг намнах бүхий л улс төрийн фактуудыг гарган ирж олон нийтэд шуурхай сэвдэг. Гэтэл Хөгжлийн банкны тэрхүү дүгнэлт өнөөдрийг болтол ил болоогүй байна. Өнөөдөр Хөгжлийн банктай холбоотойгоор хоёр улстөрчийг прокуророос оруулж ирэх гэж байгаа бол энэ нь Ардын намын доторх зодоон гэж ойлгож болно. Тиймээс энэ асуудлыг та МАН-ын гишүүдээс асууж тодруулаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *