Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Э.Одбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /худал мэдээлэл тараах/, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн/ зааснаар, шүүгдэгч Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь хянан хэлэлцээд: Шүүгдэгч Э.Одбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч Э.Одбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чинбатыг оршин суугаа газар болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Билгүүнийг оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Л.Ганхөлөгийг оршин суугаа газар болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Бямбагэрэлийг оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Одбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сарын хугацаанд оршин суугаа газар болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар