Улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох ЭХЭМҮТ нь баригдсан цагаасаа хойш 35 жилийн хугацаанд иж бүрэн засвар хийгдээгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЭХЭМҮТ-ийг олон улсын жишиг, стандартад нийцүүлэн төрөх тасгийг бүрэн шинэчлэх ажлыг хийлээ. Энэ хүрээнд тус төвийн төрөх тасаг бүрэн шинэчлэгдэж агааржуулалтын систем, дулааны шугам, сангийн сүлжээнд иж бүрэн шинэчлэлт хийж бүх өрөөнд хүчил төрөгчийн шугам байршуулсан юм. Ингэснээр эх хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар сайжирч, тав тухтай орчинд эмчилгээ үйлчилгээ авахаар боллоо.
Мөн энгийн болон VIP өрөө бүхэнд стандартын ор, аавын буйдантай, хүчил төрөгчийн шугам, дотуур холбоо, ариун цэврийн өрөө, тусгай шүршүүр гээд төрөх ээжүүд болон гэр бүлийнхэнд нь тав тухтай орчныг бүрэн бүрдүүлсэн юм.
Энэ жилийн хувьд ЭМЯ-аас улсын хэмжээнд 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр төрөх тасаг болон хүүхдийн тасгуудын орыг бүрэн шинэчлэн сольж, хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлт орыг суурилуулаад байна.
Түүнчлэн ЭХЭМҮТ-д таван тасгийн иж бүрэн засвар, барилга шинэчлэлтийн ажил ид дундаа явагдаж байгаа бөгөөд үүний үр дүнд хүүхдийн мэс заслын иж бүрэн автомат, бүрэн тоноглогдсон, олон улсын жишигт нийцэх тасгуудтай болох юм.
Дашрамд дурдахад, байгуулагдсан цагаасаа хойш их засварын ажил хийгдэж байгаагүй ЭХЭМҮТ-ийн зарим тасаг нэгж болон Өргөө амаржих газарт 1.2 тэрбум төгрөгийн их засварын ажлууд хийгдэж дууссанаас гадна 23,4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн хангалт хийгдээд байна.