Categories
мэдээ улс-төр цаг-үе

“Өсвөрийн парламент-2022” хөтөлбөр нээлтээ хийлээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн ордонд боллоо.

“Өсвөрийн парламент” хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ жил хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү хөтөлбөр нь Монгол орны өнцөг булан бүрд байгаа хүүхэд залуусыг нэгтгэх, тэдний дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх, өсвөр үеийнхнийг нийгэмдээ эергээр нөлөөлдөг, байгаль орчиндоо ээлтэй, нээлттэй сэтгэлгээтэй, хариуцлагатай идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн үндэсний зохицуулагч С.Батбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар оролцож, сурагчдад мэндчилгээ дэвшүүллээ. Мөн тус хөтөлбөрийг дэмжин хамтран ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга, Засаг дарга нар цахим болон танхимаар оролцлоо.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн боловсрол” сэдвээр анхны хичээлийг заасан бөгөөд “Тогтвортой хөгжил ба эрчим хүчний хэмнэлт” сэдвээр Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүчний хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал, “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуусын оролцоо” сэдвээр Монголын скаутын холбооны Хүүхэд залуучуудын зөвлөлийн дарга М.Мөнхдорж нар мэдээлэл өглөө.

Монгол Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газрын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан “Парламентын боловсрол”-ын хөтөлбөр боловсруулж, парламентын сургалтын танхим байгуулах, цахим хуудас ажиллуулах зэргээр парламентын боловсролыг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар тусгасан. Дэлхийн улс орнуудад ч парламент нь өсвөр үеийнхэн, залуучуудад ардчиллын суурь мэдлэг олгох, хууль тогтоох үйл ажиллагааны мөн чанарыг ойлгуулах, нийгмийн хариуцлагатай, оролцоотой иргэнийг төлөвшүүлэхэд анхаарч парламентын боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг сайн жишиг бий. “Өсвөрийн парламент” хөтөлбөр нь парламентын боловсролын цөм хэсэг юм. Энэ хөтөлбөрөөр дамжуулан ардчиллын мөн чанар, парламентын засаглалын онцлог, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжийг хэрхэн боловсруулж, баталдаг, мөн түүнийг хэрэгжүүлэхийн утга учрыг таниулах, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхний утга учиртай оролцоог дэмжих зорилготой гэдгийг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн үндэсний зохицуулагч С.Батбаатар хэлсэн үгэндээ онцлов.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа хөтөлбөрийг нээж хэлсэн үгэндээ, “Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Өсвөрийн парламент” хөтөлбөр бол Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, дэлхий нийтэд тулгараад байгаа асуудлуудыг танин мэдэх, шийдвэрлэхийн төлөө хамтрах, өсвөр үеийнхний оролцоог хангах зорилготой. Энэ удаагийн хөтөлбөрт шалгарсан 91 сурагчийн 20 гаруй нь сумдын сургуулиас шалгарсан. Өнгөрсөн жил уур амьсгалын өөрчлөлт, эрүүл хооллолт зэрэг асуудалд төвлөрсөн бол энэ удаагийн хөтөлбөрийн гол агуулга нь эрчим хүчний хэмнэлт, байгаль орчинд ээлтэй хэрэглээний асуудлыг хөндөнө.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсад эрчим хүчний хэрэглээний ямар бодлого баримталж байгаа, иргэдийн оролцоо тэр дундаа өсвөр үеийнхэн, залуучуудын оролцоо, манлайлал ямар байгаа зэрэг талаар мэдлэг, мэдээлэл өгөхөөр төлөвлөсөн. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт Тогтвортой хөгжлийн зорилтын талаарх агуулгыг тусгах асуудлыг ярилцаж байна. Зөвхөн хичээл заалгаад зогсохгүй, сурагчид үе тэнгийнхэндээ зориулсан төсөл хэрэгжүүлэх, нөлөөллийн ажлуудыг хийнэ” хэмээв. Мөн “Өсвөрийн парламент” хөтөлбөр Монгол Улсад өсвөр үеийнхэн, залуучуудад чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бүх талтай хамтран ажилладаг, байнгын ажиллагаатай платформ болох зорилготой гэлээ.

Үргэлжлүүлэн Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан үг хэлсэн юм. Ноён Эваристе Коуасси-Комлан, “Хүүхэд, залуу хүн бүр дуу хоолой, үзэл бодлоо парламентын түвшинд хүргэнэ гэдэг маш чухал. Энэ боломжийг олгож буй хөтөлбөрийн санаачлагчдад талархал илэрхийлье. Өсвөр наснаасаа эхлэн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх ойлголт мэдлэгтэй болж, энэ асуудлыг шийдэхэд яагаад оролцох ёстой вэ гэдгээ мэдэж авна гэдэг том давуу тал. Энэ бол зөвхөн Монгол Улсын асуудал биш дэлхий нийтийн тулгамдсан асуудал. Ирээдүйд үүсэх олон асуудлаас урьдчилан сэргийлж, одооноос хамтран шийдэхэд хүүхэд, залуусын оролцоо, үзэл бодол, манлайлал чухал ач холбогдолтой юм. “Өсвөрийн парламент” хөтөлбөр нь хүүхдийн оролцоог үндэсний түвшинд хангах нэг алхам. Хөтөлбөрийн оролцогч Таны болон үе тэнгийнхний тань ирээдүйн төлөөх нэгэн чухал аялал эхэлж байна. Өнөөдрөөс эхлэн Та зөвхөн өөрийнхөө төлөө биш, ангийнхан, найз нөхөд, үе тэнгийнхнийхээ, улс орныхоо өнцөг булан бүрд байгаа хүүхэд нэг бүрийн дуу хоолойг төлөөлөх болно. Энэ бол маш нэр хүндтэй хариуцлага. Тиймээс зоригтой байж, итгэлтэйгээр дуу хоолойгоо илэрхийлээрэй” хэмээв.

Түүнчлэн энэ хөтөлбөр нь хүүхдийн нас, төлөвшлийг харгалзан, үзэл бодлыг нь бүрэн ойлгох хэрэгцээ, харилцан хүндэтгэл дээр суурилсан насанд хүрэгчид-хүүхдийн хооронд мэдээлэл солилцох, ойлголцох гүүр гэдгийг онцлов. Уг хөтөлбөр дэлхий нийтэд шийдвэр гаргагчид, хүүхэд залуусын хамтын ажиллагааны амжилттай жишээ болтлоо өргөжин, хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хөтөлбөрийн оролцогчдыг төлөөлж танхимаар оролцож буй нийслэлийн Багануур дүүргийн төлөөлөл, “Боловсрол цогцолбор” сургуулийн сурагч М.Бэхбат, цахимаар оролцож буй Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Ү.Буянзаяа нар мөн үг хэлж, нийт оролцогчдодоо амжилт хүслээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *