Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Суруга Монгол”-ын газрыг Б.Наранхүү авсан уу? DNN.mn

Тагнуул, цагдаа, АТГ-ын томчууд нийлээд гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон дуулиант “Суруга Монгол”-ын газрын хэрэг дахин сөхөгдөөд байгаа юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн едсүгээр сард хэвлэлд ярихдаа “…Хэргийг шалгаж байгаа. Одоогоор “Суруга”-гийн хохирогч 70 настай япон иргэнийг Монголд авчрахаар ажиллаж байна. Том хөрөнгө оруулалт хийнэ гэж газраа худалдчихаад зочид буудалд нь өвс тавьж, хар тамхины хэргээр шалгана гэж айлгаад явуулсан, бүх газрыг нь хуваагаад авчихсан эзэд нь прокурор, ТЕГ, ЕТГ-т ажиллаж байсан, түүнчлэн УИХ-ын институтэд ажиллаж байсан хүмүүс” гэж байв.

Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон 57 хэргийг өнгөрсөн долоо хоногт танилцуулах үеэр “Суруга” корпорацийн эзэн далан хэдэн настай хөгшин нас барсан гэсэн мэдээллийг би авсан. Хууль сахиулах байгууллагынхан хүүхдийг нь хохирогчоор татахаар ажил зохион байгуулж байгаа” гэлээ. Үүнээс харахад тус хэргийн мөрдөн байцаалт нэлээд хурдтай урагшилж байгаа бололтой.

Одоогоос 10 жилийн өмнө дэгдсэн уг хэргийн талаар өнгөрсөн хугацаанд багагүй баримт дэлгэгдсэн. Уг хэрэгт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, буурал хочит А.Гансүх, Хууль зүйн дэд сайд асан Ц.Уугангэрэл, ТЕГ-ын дарга, генерал Б.Хурц, Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан, ЦЕГ-ын дарга асан М.Ганболд нарын хууль хяналтын өндөр албан тушаалтай хүмүүс холбогдсон нь ил болсон.

Тэд өөрсдийн ах эгч, дүү нарынхаа нэр дээр “Нью даун таун” компанийг байгуулсан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивт бий. “Нью даун таун” компани “Суруга Монгол”-оос 10 га газрыг авсан байдаг.

Цаашлаад “Суруга Монгол”-ын газар хаачсан, хэний гараар орсон бэ. Цагдаа, тагнуулын генерал, хурандаа нарын хэрэгтэй зэрэгцэн хамгийн ихээр анхаарал татаж байгаа сэдэв бол энэ. “Суруга Монгол”-оос хамгийн анх учир битүүлгээр 10 га газрыг нь авсан “Нью даун таун” компанид долоон хүн яг ижил тэнцүү хувиар хувьцаа эзэмшдэг байгаа юм. Дээр дурдсан Ц.Уугангэрэл, Б.Хурц, М.Энх-Амгалан, М.Ганболд нараас гадна хоёр хувьцаа эзэмшигч нь УИХ-ын гишүүн асан Мон уран компанийн Б.Наранхүүгийн хамаарал бүхий хоёр хүн бий. Тодруулбал, Б.Наранхүүгийн хүү Н.Эрдэнэ, Б.Наранхүүгийн төрсөн эгч Б.Одончимэг нар.

“Суруга Монгол”-ын газрын хэрэгт холбогдсоор ирсэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, буурал хочит А.Гансүх хэвлэлд ярилцлага өгөхдөө “Суруга Монгол” компани газар эзэмших тусгай зөвшөөрлийн дагуу барилгажуулах газраа хэнд ч алдаагүй гэдгийг хариуцлагатай хэлье. 2014 онд тус компанийн эзэн Ц.Ивата ч энэ талаар сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг. Харин Япон дахь “Суруга корпораци”-ийг нэг монгол хүн худалдаж авсан юм шиг байгаа юм, тэгээд тэр хүн Монгол дахь төслийн газрыг хэсэгчлэн бусдад зарж дуусгасан юм шиг байгаа юм …

Сэтгүүлч: Тэр хүн хэн бэ?

-Өөрсдөө хайгаад олчих..Та нар чадна ш дээ.

Сэтгүүлч: Надад олоод сонсчихсон хүн байгаа л даа. Таныг хэлэх болов уу гэж бодсон юм. УИХ-ын гишүүн асан Б.Наранхүүг гэж сонссон юм байна.

-…… гээд чимээгүй өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, А.Гансүх хариулаагүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *