Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Шинэдолгор: Өнөөгийн нийгэмд ичихээ болих үзэгдэл хавтгайрсан нь биднийг ёс суртахууны доройтолд орсныг харуулж байна DNN.mn

Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийн багш, сэтгэл зүйч Ц.Шинэдолгортой ярилцлаа.


-Өнөөдөр нийгмийн сэтгэл зүй ямар байна вэ. Нийгмийн сэтгэл судлаачийн зүгээс байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Нийгмийн сэтэлзүйн байдал, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хүнд байна. Биеийн эрүүл мэнд ч тэр, сэтгэцийн эрүүл мэнд ч тэр, өвдсөн хойно нь арга хэмжээ авдаг. Энэ нь хүндрэхэд нөлөөлж байна. Бүх юмыг эцсийн шатанд оруулаад арга хэмжээ авдаг нь хүндрүүлэх гол хүчин зүйл болж байгаа юм.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийн судалгааг жил бүр тайлагнадаг. 2013 онд хийсэн судалгаанд стресстэй холбоотой эмгэг 10, архинд донтох эмгэг 40 дахин нэмэгдсэн үзүүлэлт байгаа юм. Энэ судалгааг 20 жилийн хугацаанд 21 аймаг, есөн дүүргийг хамруулж хийсэн байдаг.

Сүүлийн үед таван хүний нэг нь сэтгэцийн ямар нэгэн тулгамдсан асуудалтай байгаа нь судалгаанаас харагддаг. Энд насанд хүрэгчдийн статистикийг л онцолж байгаа юм шүү. Эдгээр үзүүлэлтүүдээс нийгмийн сэтгэл зүй ямар хүнд байгаа нь тодорхой харагдаж байна. Энэ нь улс орны хөгжил, нийгмийн дарамт мөн тухайн хүний сэтгэл зүйтэй холбоотой. Жишээ татаад тайлбарлахад, манайх ардчилалд шилжээд 30 жил болж байна.

Нийгмийн шилжилтийн үед байсан жаахан хүүхдүүд өнөөдөр нас биед хүрсэн. Тухайн үед эцэг эхчүүд хүүхэд гэхээс илүү амьжиргаандаа гол анхаарлаа хандуулдаг байсны үр дүн одоо гарч байна. Хүүхдүүдээ үлдээгээд л ганзагын наймаанд явж байж.

Өнөөдөр хурцаар ажиглагдаж байгаа асуудал нь аминч үзэл. “Би л болж байвал бусад нь яасан ч хамаагүй” гэх хандлага түгээмэл болж. Өөрөөр хэлбэл, нэгэндээ огт хайргүй, харгис болсон байна. Энэ хэвийн үзэгдэл үү. Биднийг ийм болоход юу нөлөөлөв?

-Аминч үзэл хэвийн үзэгдэл биш. Ази хүний тухайд бүлгийн сэтгэлгээтэй байдаг. Европ хүний тухайд илүү би гэх сэтгэлгээтэй. Бидний тухайд Ази ч аминч үзэлтэй байгаа нь өөр зүйлээс үүдэлтэй. Өнөөдөр хөдөлмөрийн бүтээмжтэй насны хүмүүс нь нийгэм шилжилтийн үед хүүхэд насаа өнгөрүүлсэн байдаг. Тухайн үед эцэг эхдээ хайрлуулах хэрэгцээ нь хангагдаагүй хүмүүс. Иймээс тухайн хэрэгцээг хүүхэд өөрөө хангадаг байж. Энэ нь өөрөө л болж байвал бусад нь яах огт хамаагүй гэх үзэл суулгасан байна. Энэ үзлээ л тавихгүй яваад байгаа юм.

Нөгөө талаар аминч үзэл хүний хэрэгцээтэй салшгүй холбоотой. Нийгмийн хөгжил, амьжиргааны түвшин доогуур байгаа учраас хүний материаллаг болон сэтгэл зүйн хэрэгцээ хангагдахгүй байна. Энэ нь аминч үзэл хавтгайрсантай холбоотой. Мөн боловсролын систем үүнд тодорхой хэмжээд нөлөөлдөг. Жишээ татаад хэлэхэд, их дээд сургуулиуд ангийн системийг халчихсан. Оюутнууд хичээл дээрээ юу хийж байгаа нь огт хамаагүй болчихсон. Нэгнийхээ төлөө хариуцлага хүлээх, бусадтай юмаа хуваалцах зэрэг эв нэгдэлтэй чанарууд алга болж. Ядаж л нэг нь хичээлдээ ирэхгүй бол санаа тавьдаг байсан. Одоо бол бусад нь яах нь огт хамаагүй болсон.

-Анзаарагдаж байгаа өөр нэг асуудал бусдаас ичихээ больсон байна. Ёс суртахуун гэдэг зүйл анзаарагдахаа больж. Энэ юутай холбоотой вэ?

-Ичнэ гэдэг ёс суртахууны анхны илэрхийлэл. Хүүхэд өсч, хөгжиж яваад ичиж эхэлнэ гэдэг ёс суртахуун нь төлөвшилж бий болж байна гэсэн үг. Насанд хүрсэн хүмүүс ичихээ больж байгаа нь ёс суртахууны доройтлыг харуулж байгаа юм. Ёс суртахууны доройтол яагаад бий болов гэх асуулт гарч ирнэ. Энэ нь тухайн хүнд үүссэн сэтгэлийн шарх, стресс бухимдал зэрэг олон хүчин зүйлээс нөлөөлж бий болдог. Хүний дотор хуримтлагдсан зүйлс тэсэрч “би яасан ч яах вэ” гэх байдлаар ил гарч байна. Өөр нэг шалтгаан нь бусдын анхаарлын төвд орох сэдэл. Хайр халамж, нийгмийн хэрэгцээ нь хангагдахгүй байгаа учраас этгээд гаж зүйл хийж бусдын анхаарлыг татдаг болж. Ичихгүйгээр юу ч хамаагүй ярьж, гаж үйлдэл хийснээрээ бусдын анхаарлыг татаж сэтгэл зүйн хэрэгцээгээ хангаж байна. Нийгмээрээ шүүж, шүүмжилж байгаа нь тухайн хүнд эмзэглүүштэй зүйл боловч эсрэгээрээ аз жаргалтай болгож байхыг ч үгүйсгэхгүй. Ийм явдал өнөөдөр түгээмэл болж. Өөрөөр хэлбэл, гаж үйлдэл хийснээрээ сэтгэл зүйн хэрэгцээгээ хангаж байна гэсэн үг.

-Ийм үзэгдэл нийгэмд ямар хор уршигтай вэ?

-Нийгэмд асар сөрөг нөлөө үзүүлдэг. Жишээ татаад ярья л даа. Өнөөдөр манайд цахим хэрэглээ ямар ч хяналтгүй байна. Хэн нэгэн ичгүүргүй үйлдэл гаргахад өөр нэг нь дуурайдаг. Ингэж болох нь гэх сэдэл өгнө. Хамгийн хортой нь өсвөр насны хүүхдүүд анхааралтай ажиглаж байдаг. Бусдад халдварлаж байна л даа. Ийм сөрөг мэдээлэл хүлээж авч байгаа хүн сөрөг үйлдэл л гаргана.

-Ичихээ больсон үзэгдлийг та ёс суртахуунгүй болсонтой холбож хэлж байна. Нийгэмд тэнэгрэл хавтгайраад байна уу?

-Үгүй. Тэнэгрэл гэхээр сэтгэцийн эмгэг. Сэтгэцийн эмгэгтэй улс ичгүүртэй үйлдэл гаргаж байгаа нь тухайн хүний онцлог. Ёс зүтэйтэй холбох боломжгүй. Хэвийн үзэгдэл гэж ойлгож болно. Сэтгэцийн эмгэгтэй хүний үйлдлийг нийгэм хүндээр хүлээж авдаггүй шүү дээ. Харин эрүүл хүмүүс ичихээ байж хэвийн бус үйлдэл гаргаж байгаа нь сэтгэл зүйн шалтгаантай гэж хэлж болно.

-Өөр нэг сэтгэл эмзэглүүлдэг асуудал нь монголчууд нэгнээ үзэхээ больжээ. Замын хөдөлгөөнд оролцох үед энэ нь хурцаар илрэх юм. Хэдхэн хором хүлээгээд л шийдэх асуудалд л бусад руугаа дайрч давшлаад байна. Нэгнийхээ дор орохгүй гээд л дайрах юм. Энэ юутай холбоотой вэ?

-Бүх зүйлд хүүхдүүдийн хооронд уралдаан зарлаж байна. Хичээл, спорт, урлагийн гэх мэтчилэн. Энд амжилт гаргахгүй л бол эцэг эхдээ, багшдаа зэмлүүлдэг. Энэ нь бусдаас илүү байх ёстой гэх сэдлийг өдөөж өгдөг. Энэ нь социализмын үед л эхэлсэн. Өнөө үед хурцаар явагдаж байна. Энэхүү хандлага ажил дээр гарахад шууд илэрч байгаа юм. Ингэж хүмүүжсэн улс нэгнийхээ дээр гарах гэж оролдох нь хэвийн үзэгдэл. Түрүүлэхгүй л бол зэмлүүлдэг мэдрэмж л яваад байна. Үүнээс үүдэлтэйгээр хэн нэгний дээр гарахын тулд би юу ч хийж болно гэх хандлагатай болчихсон. Өнөөдөр нэгнийхээ дор орохгүй гэх хандлага түгээмэл болсон нь үүнтэй шууд холбоотой.

-Аминч үзэл, нэгнийхээ дээр гарахын тулд юу ч хамаагүй хийдэг ийм хандлага биднийг юунд хүргэх вэ?

-Аминч үзэл тухайн хүнийг амжилтад хүрэхэд түлхэц өгч болно. Нөгөө талаар амжилтад хүрсэн нэгнээ доош татах үйлдэл хавтгайрна. Өнөөдрийн нийгэм яг ийм болсныг олон жишээ харуулдаг. Би дээшээ гарахгүй л бол бусад нь гарахгүй гэсэн хандлага. Үүний тод илрэл нь амжилттай яваа чинээлэг хүмүүсийг нийгмээрээ үзэхээ больчихсон явдал. Хүн алдаа оноотой байдаг. Сайн талыг харахгүй, муу муухайг нь онцолдог болж. Муу, муухайг нь дуудаад л нэгнийгээ доош чирдэг. Товчхондоо тамын тогооны үлгэр. Бусдын сайханд баярладаг, хүлээн зөвшөөрдөг чанар өнөөдөр ховор болсон байна. Энэ чигээр явахад хөгжил дэвшлийн талаар дурсаад хэрэггүй. Жаахан гялтайсан нэгнийхээ муу муухайг уудлаад л татаад унагачихна. Аминч үзэл, нэгнийгээ үзэхээ больсон хандлагын сөрөг тал нь энэ.

-Цаашид яах вэ. Аминч үзлээс яаж ангижрах вэ?

-Хүний хөгжил сэтгэл зүйн боловсрол гэдэг зүйлд анхаараад ирэхэд нийгэм эрүүлжиж зөв чигт явна. Бусдыг хүлээн зөвөөрөх, байгаагаар нь хүлээж авах, дэмжих сэтгэхүйг хүүхдэд суулгах хэрэгтэй. Цаашлаад гэр бүлийн харилцаанд хань ижлээ хүлээн зөвшөөрөөд ирэхэд эерэг уур амьсгал бүрдэнэ. Ийм уур амьсгалд өсч хүмүүжсэн хүүхэд бусдын муу муухайг уудлаад байхгүй. Сэтгэл зүйн боловсрол олгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар нийгмийн сэтгэл зүй эрүүлжиж, тэнцвэржээд цаашлаад улс орон хөгжиж сөрөг таагүй зүйлүүдээс урьдчилан сэргийлнэ. Аминч үзэл гэх сөрөг зүйлийг гаргахгүйн тулд үндэс сууриас нь хойч үеэ бэлдэж эхлэх ёстой. Бодлогын түвшинд шийдэх асуудал. Өнөөдөр бол урлагийнхан ч юм уу инфлюнсер улс үүнд анхаарах хэрэгтэй. Хүн бүр кино үздэг. Үүнийг кино урлагаар дамжуулж түгээж болно. Нийгэмд өрнөж буй сөрөг зүйлс юунд хүргэхийг урлагаар илэрхийлж үр дүнд хүрдэг тод жишээ Солонгос улс байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *