АНУ-д Халловины баярын өдрөөр олон нийтийн газар, хувийн компани, дэлгүүрт маск зүүдэггүй, оройн 18-20 цагийн хооронд л баг, зүүсгэлтэй хүүхдүүд зөвхөн тэмдэглэгээ тавьсан айлуудын хаалга тогшиж “Айх уу, эсвэл чихэр өг” гэж хэлдэг. 12 наснаас дээш насны хүмүүс маск зүүж, айлуудаар явдаггүй. Бэлгийн гэмт хэрэг хийж байсан хүмүүс энэ баяраар хүүхдүүдэд чихэр өгч болохгүй, баг зүүж болдоггүй бөгөөд цагдаа нар тэднийг хянаж байдаг. Мөн лам хувраг, санваартны хувцас өмсөж болохгүй гэх зэрэг хууль, дүрэм тус улсад Халловинээр үйлчилдэг юм байна. Зөрчвөл торгуультай, бүр хорих шийтгэл ч бий.
Манайд энэ баяр шинэ тутам учир ойлголтын зөрүүнээс үүдэлтэй үл ойлголцол гарах боллоо. Эхний ээлжинд бид үр хүүхдээ элдэв халдлагаас хамгаалахын тулд зөвхөн тэмдэглэгээ тавьсан айлуудын хаалгыг тодорхой тогтоосон хугацаанд тогшдог гэдгийг сайн хэлж ойлгуулах хэрэгтэй. Энэ тал дээр нэгдсэн ойлголтод хүрэх юм уу, нийтээр дагаж мөрддөг тэр чигийн дүрэмтэй болъё. Эцэг эхчүүд, томчууд л үүнд анхаарал тавьж албан ёсны мэдээллийн хэрэгсэл, сонин хэвлэлээр хэлэлцүүлэг өрнүүлж хоорондоо тохиролц. Яваандаа энэ баяр хүссэн хүсээгүй дэлгэрэх нь ойлгомжтой. Тэр цагт нь хуулиар зохицуулаад явчих байх.
Хүүхдүүдэд чихэр өгөх дур сонирхолтой айлууд нь хаалган дээрээ тэмдэглэгээ, лого, зураг наах ч юм уу, бариулнаасаа юу ч юм өлгөчихөд л хүүхдүүд тэр айлын хаалгыг тогшино шүү дээ. Ингэж таних тэмдэг тавихгүй бол цаашид хичнээн хүүхэд том хүмүүст зодуулж, загнуулж өшиглүүлэхийг мэдэмгүй.
Бид дэлхийн найман тэрбум шахуу хүнтэй бөөрөө нийлүүлэн оршин байгаа бол даяарчлалаас зугтаж, алив юмыг хорьж, хориглож дангаарчилж, ганцаараа гозойж үлдэнэ гэж байх ч үгүй, тэгэх ч боломжгүй. Дараа жилийн Халловинээр ч хүүхдүүд хаалга тогшиж л таарна.