Categories
гадаад мэдээ

Сармагчинд эрхтэн шилжүүлэн суулгав DNN.mn

Хятадын Агаарын цэргийн хүчний Сиань Анагаах Ухааны Их Сургуулийн “Шижин” эмнэлэгт генийн хувьд өөрчилсөн гахайн эд эрхтнийг гурван сармагчинд шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ гэж “China Daily” мэдээлжээ. Энэ мэс заслыг өнгөрсөн сарын дундуур хийсэн ба нийт 14 цаг үргэлжилжээ. Сармагчнуудад элэг, бөөр, зүрх, нүдний эвэрлэг бүрхэвч, арьс ба ясны хэсэг шилжүүлэн суулгасан байна. Туршилтад дөрвөн сармагчин оролцсон бөгөөд нэг нь үхжээ. Сармагчинд шилжүүлэн суулгасан элэг, бөөр нь хүлээн авагч биедээ дасан зохицож чадаагүйгээс мэс засал хийснээс хоёр долоо хоногийн дараа нэг нь үхсэн аж. Үлдсэн гурван сармагчны биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд шилжүүлэн суулгасан эрхтнүүд нь хэвийн ажиллаж байгаа гэнэ.

Хятадын эрдэмтэд “хүний эд эрхтний хомсдолын асуудлыг шийдэхэд том алхам хийсэн” гэж “Шижин” эмнэлгийн удирдлага мэдээлжээ. Тус эмнэлгийн эмч нар нэг донороос хэд хэдэн эрхтэн, эд эсийг амьтдын огт өөр бүлэгт хамаарах хэд хэдэн хүлээн авагчид нэгэн зэрэг шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаагаа хийсэн юм байна.

“Шижин” эмнэлгийн мэс заслын эмч, профессор Доу Кэфэн хэлэхдээ, “генийн хувьд өөрчилсөн амьтны эд эрхтнийг хүнд шилжүүлэн суулгахтай холбоотой олон бэрхшээл байсаар байна. Шилжүүлэн суулгасан эд эрхтнийг бие организм хүлээж авахгүй байхаас зайлсхийхийн тулд донор гахайнаас гурван генийг авсан. Гэсэн хэдий ч хүлээн авагчдад дархлаа дарангуйлагч шаардлагатай байдаг бөгөөд энэ нь эсрэг гаж нөлөөг нэмэгдүүлдэг. Тиймээс илүү их судалгаа хийх шаардлагатай” гэж тэрбээр хэлсэн байна. Хүний биед нян бактери, вирус, мөөгөнцөр эсвэл шилжүүлэн суулгаж буй гахайн эрхтнээс шимэгч хорхой орохгүй байх нь маш чухал гэж Доу Кэфэн онцлон хэлэв. Гэхдээ ийм асуудлуудаас зайлсхийх боломжтой гэдэгт тэрбээр илтгэлтэй байгаагаа илэрхийлжээ. “Ксенотрансплантаци буюу биологийн нэг төрөл зүйлээс өөр төрөл зүйлд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал нь донор эрхтэн, эд эсийн хүртээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй анагаах ухааны хөгжилд эргэлт хийнэ. Энэ нь биологийн болон эмнэлзүйн шинэ технологийг хөгжүүлэхэд түлхэц болж, эцсийн дүндээ хүн төрөлхтөнд ашиг тусаа өгнө” гэж профессор дүгнэн хэлсэн байна.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *