Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Хуульч Ч.Өнөржаргал: Х.Нямбаатар сайдын үйлдэл хөрөнгө оруулагчдад ээлтэй гэдгээ харуулах биш, хуулийн байгууллагууддаа халдсан явдал боллоо DNN.mn


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон 57 хэргийг олон нийтэд танилцуулсан. Энэ талаар хуульч, өмгөөлөгч Ч.Өнөржаргалаас тодрууллаа.


-Хууль зүйн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон нэлээд олон хэргийг ил болголоо. Хууль зүйн талаас харвал энэ хэр зөв үйлдэл вэ?

-Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гомдол гаргах эрхийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдад гомдол, мэдээлэл гаргасан байх. Сайд тэр мэдээллийн хүрээндээ нийтэд мэдээлэл хийж байгаа харагдсан. Учир нь ямар ч прокурор, шүүгч Хууль зүйн сайдын өмнө хэргийн талаар мэдээлэл өгөх эрхгүй.

Хуульч хүний хувьд Х.Нямбаатар сайдын энэ үйлдэл шүүх, прокурорын байгууллагын хараат бус байдалд халдаж байгаа субьектив дүгнэлт гэж үзэж байна.Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллагын үйл ажиллагаанд чиглэсэн субьектив дүгнэлт, үйлдлүүд гаргасан нь хууль болон хуулийн байгууллагуудын үйл ажиллагаанд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулахад хүргэх аюултай. Гомдолд дурдсан шийдвэрүүдийг гаргасан холбогдох этгээдүүдэд хуулийн ямар нэг хариуцлага тогтоогдсон болон тогтоогдох эсэх нөхцөл байдал үүсээгүй байхад гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нэрээр хууль, шүүх эрх мэдлийн байгууллага, тэнд ажиллаж байгаа төрийн алба хаагч нарын үйл ажиллагааг дураар тайлбарлах эрхгүй.

Сайдын мэдэгдлийн дагуу хаасан хэргүүдийг дахин нээж шалгах асуудал гарч болохгүй. Хэрэв ингэвэл Х.Нямбаатар сайд хуулийн байгууллагуудын хараат бус, бие даасан байдалд халдаж байгаа асуудал болно. Хууль зүйн салбарын бодлогыг тодорхойлж байгаа хүний хувьд гомдолд дурдсан асуудал дахин үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль тогтоомжийн шинэчлэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон эрүүгийн хуульдаа тусгах ёстой юм. Ер нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас өмнө Монгол Улсад амьдарч байгаа хүн бүрд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллах хамгийн чухал байна.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд хэргүүдийг ингэж зарлаж болдог байсан бол өмнө нь яагаад ил болгож болоогүй юм бэ гэдэг асуудал үүснэ. Үүнийг та хэрхэн тайлбарлах вэ?

-Сайдад иргэд гомдол мэдээлэл гаргах тохиолдолд ажлын алба нь хуулийн зохих байгууллагад нь гомдлыг шилжүүлдэг. Зарим тохиолдолд хариу мэдэгдэхийг шаардаж болох юм. Ихэнхдээ гомдолд дурдсан асуудлыг түүгээрээ шийдвэрлэх талаар албан бичиг явуулдаг. Энэ удаагийнх шиг хэвлэлд хандаад байсан тохиолдлуудыг санахгүй юм.

Одоо Төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн бариад байгаа. 2023 оны Төсвийн тухай хуулийн төсөл болон үзэл баримтлалд гадаадын хөрөнгө оруулагчдад таатай эрх зүйн орчныг бүрдүүлэх тухай заасан. Үүнтэй холбогдуулан гадаадын хөрөнгө оруулагчдад анхаарал тавьж байгаа байдлаа хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх байдлаар хэрэгжүүлж болохгүй. Харин ч энэ байдал нь хөрөнгө оруулагчдыг татах гэхээсээ илүүтэй үргээх хандлагыг үүсгэх аюултай. Гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын таатай, тогтвортой орчинд татагдахаас хэн нэгний сэтгэл хөдлөлд автахгүй.

-Тэгвэл цаашид ямар процесс өрнөх вэ. Нэгэнт ийм асуудлууд байна гэдэг нь ил болчихож байна шүү дээ?

-Тухайн гомдолд дурдсан асуудал эрүүгийн гэмт хэргийн шинжтэй бол хуулиараа л шийдвэрлэгдэх ёстой. Шийдвэрлэж дууссан хэргүүдийн хувьд тухайн гомдлыг шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтан нь илтэд буруу, хууль бус шийдвэрийг бусдын нөлөөнд автаж, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж гаргасан нь тогтоогдвол шинэ илэрсэн нөхцөл байдлын дагуу сэргээн шалгах, шалгуулах нөхцөл байдал үүснэ.

Ер нь аливаа хууль, тогтоомжийн шинэчлэлийг оновчтой хийх, улстөрчдөөс хуулийн байгууллагын үйл ажиллагааг хараат бусаар ажиллах бүхий л механизмыг бүрэн хангасан нөхцөлд л гадаадын хөрөнгө оруулагчид орж ирнэ гэдгийг л хаа хаанаа бодмоор байна. Түүнээс хуулийн байгууллага, түүний алба хаагчдыг үе, үе нулимчихаар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг авна гэсэн ойлголт өрөөсгөл юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *