Тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, бүс нутгийн дэд бүтэц, тээврийн интеграцад нэгдэн орох замаар дамжин өнгөрөх олон улсын тээврийг хөгжүүлэх, Шинэ сэргэлтийн бодлогын зорилт, хөтөлбөрийн хүрээнд Ховд, Баян-Өлгий аймгуудад ОХУ-ын хилийн боомтоос БНХАУ-ы хилийн боомттой холбогдох Азийн авто замын АН-4 буюу баруун босоо тэнхлэгийн 745 км авто замыг бүрэн ашиглалтад оруулсныг ЗТХЯ мэдээллээ.
Мөн манай улс 20 гаруй улстай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу автотээврийн харилцаатай. Олон улсын болон бүс нутгийн тээвэрлэлтэд манай тээвэрчид оролцдог. Энэ коридороор ч бусад орны болон манай улсын тээвэрчид олон улсад транзит тээвэр хийх боломж бүрдлээ” гэв.
Замын барилгын ажилд Монгол Улсын авто замын төлөвлөлтийн стандартын III ангилал, Азийн авто замын техникийн II ангиллын авто замын шаардлагад нийцсэн, орчин үеийн техникийн дэвшлийг нэвтрүүлсэн. Үүнд:
- Төслийн хүрээнд 745.8км замын дагууд 30-201 метр урттай нийт 1,884.8 урт метр хүчитгэсэн төмөр бетон 33 гүүр, хавцал дахь хадны нуранги, чулуунаас хамгаалах 1,300 метр урт хамгаалалтын торон хашлага, хөрсний гулсалтаас сэргийлсэн 1,400 метр бетон ханыг манай улсын авто замын түүхэнд анх удаа барьж байгуулсан байна.
- Түүнчлэн шөнийн харанхуйд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор “Cat Eye” буюу гэрэлтүүлэгч бөмбөлгийг Бага-Улаан даваа-Манхан чиглэлийн 103.3 км замын хучилтад анх удаа ашиглажээ.
- Мөн Бураатын даваанд цас, борооноос үүсэх халтиргаа гулгаанаас сэргийлэх “Rumble” наалтыг анх удаа авто замын хучилтад хийсэн, мөнх цэвдэгтэй хэсэгт 1,300 метр уртад цэвдгээс хамгаалах термосифон хоолойг хучилтан дор суурилуулж, цэвдгийг заасан хэмд барьж хадгалах шонгуудыг замын дагууд суурилуулсан гэдгээрээ онцлогтой байна.