Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ургац хураалт 90 хувьтай байна DNN.mn


Ургац хураалтын ажил ямар түвшинд үргэлжилж байгаа талаар албаны хүнээс болон тариалан эрхлэгчдээс тодрууллаа.


ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ.

“Одоогийн байдлаар ургац хураалтын ажил үндсэндээ тариалангийн бүс нутгуудаар дуусч байна. Төмс, хүнсний ногооны ургац хураалт дууссан. Агуулах зоорьтоо хадгалж байгаа. Үр тарианы ургац хураалт дуусаад үтрэм дээр хийгдэх ажлууд явагдаж байна. Тэжээлийн ургамлын ургац хураалт явагдаж байна. Үр тариа хураалтын явц 90 гаруй хувьтай явагдаж байна гэв.

Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Н.Гантулга: -“Төв аймгийн хувьд ургац хураалт дууссан. Одоогоор ургац хураалтын мэдээгээ нэгтгэж дуусах ажил хийгдэж байна. Манайд ургац 97 хувьтай үргэлжилж байна. Үлдсэн гурван хувь болох тэжээлийн таримлаа талбай дээрээ боогоод тавьчихсан учраас нэгтгэгдэж дуусаагүй байна. Манай аймаг энэ жил улаан буудай 52 мянган га талбайд, үр тариа болох арвай, овъёос есөн мянган га талбайд тариалт хийсэн. Үүнээс 60 гаруй мянган тонн ургац хурааж авсан байна. Төмс 135 мянган тонн, хүнсний ногоо 20 гаруй мянган тонныг хурааж авсан. Ургац хураалтын явц өнгөрсөн жилийн хэмжээтэй ойролцоо явагдаж байгаа. Ургац хураалтын үед шатахуун, түлшээр дутагдсан зүйл байхгүй. Түлшний үнэ л нэмэгдэж ирсэн. Цаг агаарын байдал энэ жилийн намрын хувьд ээлтэй байсан хэмээжээ.

Өнгөрсөн мягмар гаригийн байдлаар 304.4 мянган га-гаас 366.4 мянган тонн үр тариа, үүнээс 285.5 мянган га-гаас 340.8 мянган тонн улаанбуудай, 19.4 мянган га-гаас 207.9 мянган тонн төмс, 11.4 мянган га-гаас 128.1 мянган тонн хүнсний ногоо, 38.5 мянган га-гаас 95.1 мянган тонн тэжээлийн ургамал, 81.2 мянган га-гаас 33.5 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байгаа аж.

Ургац хураалтын явцыг хувиар авч үзвэл: Үр тариа 86.1 хувь, улаанбуудай 86.8 хувь, төмс 97.7 хувь, хүнсний ногоо 102.6, тэжээл 56.5, тосны ургамал 70.3 хувьтай тус тус үргэлжилж байна.

Өнгөрсөн оны мөн үед 179.787 тонн төмс, 114.735 тонн хүнсний ногоо хураан авч байсан бол өнөөдрийн байдлаар 207.890 тонн төмс, 128.174 тонн хүнсний ногоо хураан авсан мэдээтэй байна.

Төв аймгийн Эрдэнэсант сумын тариаланч Г.Эрдэнэсант: -“Сумын тариа хураалт дууссан байна. Манай сум нийт 24 мянган га эргэлтийн талбайтай. Үүний тал буюу 12 мянган га талбайд тарьсан ургацаа хураан авч дууслаа. Өнгөрсөн жилд ч мөн адил хэмжээтэйг хурааж авсан.

Тариа ургац хураалтын үед хүн хүчний хувьд дутмаг байсан. Энэ жилийн хувьд цаг агаарын хувьд тааламжтай байсан. Ер нь муу асуудал, тариа буудай дарагдах зэрэг тохиолдол гараагүй. Өнгөрсөн жилийг бодвол зардал өндөртэй будаа тарианы үнэ нэмэгдсэн. Манайх “Улаанбаатар гурил”, “Миллхаус”, “Алтантариа” гуравт тушаасан. Улаанбаатар гурил нэг кг 1020, тонн 1.020.000 үнэ гарсан байна. Ер нь Тариалан эрхлэлтийг дэмжих сан урьдчилж үнэ тогтоож, ханш тогтоодоггүй байхад тогтоосон. Хэрвээ 1000 гэсэн ханш тогтоогоогүй байсан бол гурилын үйлдвэрийнхэн 1200 төгрөгт авъя гэж байсан. Бид үндэсний үйлдвэрээ дэмжээд тариагаа өгсөн. Үндэсний үйлдвэрлэл байхгүй бол тариаланчид байхгүй шүү дээ. Сумын өвөлжилтийн бэлтгэл сайн хангагдаж байна. Малчид өвс тэжээл бүх зүйлсээ нөөцлөөд бэлдэж авсан, муу юм болохгүй байх л гэсэн бодолтой байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *