Categories
мэдээ нийгэм

“Дүүргүүдэд цас хайлуулах давс, бодис хангалттай байгаа” гэв DNN.mn

Б.Мөнжаргал: Цас, мөс хайлуулах 3375 тонн давс бэлэн байгаа

Өчигдөр орсон цастай холбоотойгоор нөхцөл байдал болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын талаар дүүргийн Засаг дарга нар мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд “Өнгөрсөн ням гарагт Улаанбаатар хотод 04:30 цагаас цас орж эхэлсэн. Дүүргийн ЗДТГ, ТҮК бэлтгэлтэй байж, 06:00 цагаас цэвэрлэгээг эхлүүллээ. 1,099 хүн тусгай зориулалтын 103 машин, техниктэй ажиллаж, 344.9 тонн давс, 111.2 тонн бодис цацсан. Одоо ч давс, бодис цацах ажил үргэлжилж байна. Давсны 4874.1 тонн, бодисын 3,000 тонн орчим нөөцтэй” гэв.

Дүүргүүдийн хувьд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх Шуурхай штаб байгуулан ажиллаж байгаа аж.

Багахангай дүүргийн ЗДТГ-ын дарга Л.Санжийжамц “Цас их хэмжээгээр орсонтой холбоотой халтиргаа, гулгаа нэмэгдсэн. Иргэдийн аюулгүй байдлыг хангахаар Онцгой байдлын хэлтэс болон Хот тохижилтын алба ажиллаж байгаа. Өчигдрийн байдлаар 28 албан хаагч 253 иргэн, аж ахуйн нэгж, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Нийт 300 кг давс, 1.5 тонн бодис цацсан” хэмээв.

Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн “Хоёр өдөр дараалан цас орсны улмаас нөхцөл байдал хүнд байлаа. 10 тонн бодис нөөцөөс гаргаж ажилласан. Онцгой байдлын хэлтсээс 43 дуудлагаар 58 автомашин 251 хүнд аврах ажиллагааг зохион байгууллаа.

Улаанбаатар-Хэнтий, Хэнтий-Улаанбаатар, Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн гурван том оврын автобусаар зорчсон 120 иргэнийг Багануур дүүрэгт түр байрлуулсан. Өнөөдөр оройноос мөн цас орох магадлалтай. Өвөлжилтийн бэлтгэл 93.8 хувьтай байна” гэлээ.

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Манай дүүрэг энэ жилээс шахмал түлш түлж эхэлж байгаа. 7,691 иргэн 235 аж ахуйн нэгжид нийт 41 мянган тонн шахмал түлш шаардлагатай гэсэн судалгаа гарсан. 59 байгууллагын 1,400 гаруй албан хаагч хяналт тавьж, иргэдэд мэдээлэл өгч байна. Борлуулалтын 31 цэг ажиллаж байгаа. Цас орох үед Тэрэлж орчмын хоёр даваанд 250 гаруй машин 500 орчим иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Зам, харгуйн цэвэрлэгээнд гурван чиглэлд хүмүүсээ хуваарилж, ажилласан. Зургаан тонн бодис, 30 тонн давсны үлдэгдэлтэй байна” хэмээн ярилаа.

Сонгинохайрхан дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил 93.2 хувьтай байна. Өчигдрийн цаснаар 10 тонн бодис, 24 тонн давс цацаж, авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг хэвийн болгожээ.

Харин Баянзүрх дүүргийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 115 цэг ажиллаж байна. Арваннэгдүгээр сард нэмж 45 цэг байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд төв зам дагуу гэхээс илүү алслагдсан газруудад түлшний цэг байгуулах шаардлагатай байгааг тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлж байлаа.

Сүхбаатар дүүргийн хувьд 356 тонн давс, 176 тонн бодисын нөөцтэй бол Чингэлтэй дүүрэгт тохижилт, үйлчилгээний ажлыг хувийн аж ахуйн нэгж хийдэг. Давс, бодисын нөөц хангалттай байгаа аж.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Гэр хорооллын 8,900 өрхөд 29 цэгт түлшний борлуулж байна. 300 өрх тутамд нэг цэг гэж тооцсон. Өнгөрсөн цаснаар гурван бригад, 93 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 40 тонн давс, 10 тонн орчим бодис цацлаа” хэмээсэн бол Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 95 хувьтай байна. Сайжруулсан түлшний борлуулалтын 42 цэг ажиллаж байгаа. Цас орсонтой холбоотойгоор дүүргийн хэмжээнд дөрвөн байгууллага ажиллаж, 65.5 тонн давс цацсан” гэдгийг хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *