АНУ Украинд 275 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэх шинэ багц баталсан тухайгаа баасан гарагт мэдэгдсэн байна. Энэ нь найман сар гаруй үргэлжилж байгаа Орос-Украины дайны үед АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Украинд илгээж байгаа 24 дэх удаагийн буцалтгүй тусламж болж байгаа юм.
ОХУ Украины эрчим хүчний дэд бүтэц, цахилгааны сүлжээг онилж байна. Иймд энэ удаад Пентагон шинэ багц тусламжийнхаа хүрээнд тулааны талбар дахь цэргүүдийн харилцаа холбооны чадавхийг сайжруулах үүднээс цэргийн хиймэл дагуулын холбооны антеннуудыг илгээжээ. Энэ нь Оросын тал Украины эрчим хүчний дэд бүтцийг сүйтгэсэн нөхцөлд цэргүүд хоорондоо харилцах боломжийг бүрдүүлэх аж.
Үүнээс гадна “HIMARS” пуужингийн системийн сум, өндөр нарийвчлал бүхий удирдлагатай их бууны сум 500 ширхэг, 155 мм-ийн гаубицын сум 2000 ширхэг, мина эсэргүүцэх систем, 1300 гаруй довтолгооны зэвсэг, олон сая сум хэрэгсэл багтах юм байна.
Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Сабрина Сингх баасан гарагт хэвлэлийн бага хурлын үеэр “Жо Байдены засаг захиргаа дайн эхэлснээс хойш Украинд нийтдээ 18.5 тэрбум америк долларын тусламж үзүүлжээ” гэж мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ Киев хотын дарга Украины нийслэлд агаарын довтолгооноос хамгаалах шинэ төхөөрөмж ирснийг зарласан байна. Энэ нь Оросын агаарын довтолгооноос эрчим хүчний дэд бүтцээ хамгаалахад тусална гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Мөн тэрбээр нэмж хэлэхдээ Украины нийслэл Киев хотын эрчим хүчний сүлжээ “онцгой байдлын горимд” шилжин ажиллаж байгаа. Мөн цахилгаан эрчим хүчний хангамж нь дайны өмнөх үеийнхээс 50 хувиар буурсан гэж мэдэгджээ.
Эрх баригчид ойрын өдрүүдэд Киев болон ойр орчмын бүс нутагт цахилгаан тасрах болно гэж мэдэгдсэн байна.
АНУ, Өмнөд Солонгосын агаарын цэргийн хүчин ирэх долоо хоногт томоохон хэмжээний хамтарсан сургалт явуулахаар төлөвлөж байгаа юм.
БНАСАУ-ын зүгээс Сөүл, Вашингтоны тогтмол сургуулилалтыг Умард руу довтлох дадлага гэж үзэж байгаа хэдий ч холбоотнууд тэдний цэргийн бэлтгэл нь хамгаалалтын шинж чанартай гэж үзэж байгаагаа илэрхийлсээр байгаа юм.