Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Б.Энххүслэн: Усан спорт цагийн спорт учраас хором мөч бүхэн үнэтэй DNN.mn


Олон улсын хэмжээний мастер Б.Энххүслэнтэй ярилцлаа.


-Танд Тайландын нийслэл Бангкок хотод зохион байгуулагдсан усанд сэлэлтийн Аварга шалгаруулах тэмцээнд зургаан зайн төрөлд Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоож, 200 метр өврөөр даллах сэлэлтээр Дэлхийн аваргын B цагийг биелүүлсэн анхны тамирчин болсонд нь баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Монголд өмнө нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд цаг биелүүлээгүй учраас урилгаар оролцдог байсан. Анх удаагаа дэлхийн аваргын B цагийг биелүүлсэндээ маш их баяртай байна. Би Дэлхийн усны спортын холбоо FINA-ын тэтгэлгээр Тайландад бэлтгэл хийж байгаа. Ирээд гурван сарын дотор зорьсон зорилгынхоо нэгээхэн хэсэгт хүрсэндээ их баяртай байна. Тайландын 25 метрийн бассейны улсын аварга шалгаруулах тэмцээн гурван өдөр зохион байгуулагдсан. Тэмцээнд мөн FINA-ын төлөөлөл болох өөр өөр улсын тамирчид ч оролцсон.

-Анх усан спортоор хэрхэн хичээллэх болсон бэ, түүхээсээ хуваалцаач?

-Анх 10 настайгаасаа усанд сэлэлтийн дугуйланд суралцаж, мэргэжлийн тамирчин болохоор Төв бассейн буюу усан спорт сургалтын төвд Н.Баярсайхан багшийн удирдлага дор хичээллэж эхэлж байсан. Бэлтгэл хийж, тамирчныхаа замналыг хөөсөн гэвэл 2014 оноос эхлээд өнөөдрийг хүртэл зогсолтгүй тууштайгаар явж ирсэн байна. Усан спортоор хичээллээд 10 жил болж байна. Аав маань оюутан байхдаа сэлдэг байсан. Дүү бид хоёрыг хамтад нь бассейнд усанд сэлүүлж сургая гэж оруулсан. Тэр үедээ дуртай байсан учраас өдийг хүртэл сонгож тууштайгаар хичээллэж байгаа байх гэж бодож байна.

-Усанд сэлэлтээр хичээллэхийн юу нь хамгийн сайхан, юу нь шантармаар байдаг вэ?

-Усанд сэлэлтээр хичээллэхийн сайхан тал нь гэвэл усанд орох үед зөвхөн өөртэйгөө ажиллах цаг хугацаа их гардаг. Зөвхөн өөртэйгөө ажиллаж, уралдах спорт учраас надад маш их таалагддаг. Чи ямар нэгэн алдаа гаргавал тэр зөвхөн чамаас л шалтгаалсан, амжилт нь ахисан бол чиний чадвар, дасгалжуулагчийн хүч байсан гэсэн үг. Шантармаар үе гэвэл амьсгаа түгждэг бэлтгэл орох үед хэцүү байдаг. Амьсгал авмаар байгаа ч авч болохгүй бэлтгэлүүдийг сүүлийн үед энд их хийж байгаа. Тэр үед амьсгаа авмаар байгаа мэдрэмж л их хэцүү байдаг даа.

-Өдөрт хэчнээн цагийн бэлтгэл хийдэг вэ. Тэмцээний өмнө болон энгийн үедээ бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?

-Тайландад бол долоо хоногийн хуваарьт 10 удаа сэлж, дөрвөн удаад нь хуурай бэлтгэл хийж, бэлтгэлдээ өдөрт 5-6 цагийг зарцуулж байгаа. Монголд байхдаа одоогийнхоосоо хоёр дахин бага бэлтгэл хийдэг байсан. Энд бэлтгэлийн бааз бүх зүйл бэлэн, зөвхөн бэлтгэлээ хийхэд зориулсан учраас бүх юм таалагдаж байгаа. Өөр зүйлд сатаарах зүйл үгүй бэлтгэлээ л хийж байна.

-Та улсын 30 дээд амжилтыг эзэмшдэг шүү дээ. Үүнээс хамгийн дурсамжтайгаар нь ямар амжилтаа хэлэх вэ?

-50 метр, 25 метрийн бассейны рекордууд тусдаа байдаг. Нийлээд гуч гаруй рекордыг эзэмшдэг. Хамгийн дурсамжтай сэтгэлд хоногшсон амжилт гэвэл миний энэ удаагийн 200 метрийн өврийн даллах сэлэлт юм. Анх удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг авч, Монгол Улсынхаа рекордыг шинэчилсэн минь.

Мөн хоёр минутаас дотогшоо орсон эмэгтэй тамирчин Монголд байхгүй учраас маш баяртай байгаа.

-Дэлхийд болоод улсдаа өөрийнхөө амжилт бүрийг ахиулахдаа ямар мэдрэмжийг мэдэрдэг вэ?

-Ер нь цаашид улам илүү их хичээх урам зоригийг мэдэрдэг. Амжилтаа ахиулахгүй ч үе олон. Тэмцээн бүрдээ амжилтаа ахиулна гэдэг хэцүү асуудал. Ялангуяа нас нэмэгдэж ирэхэд өсвөр насанд байх үе шиг амжилт огцом ахихгүй, амжилтаа ахиулахад цаг хугацаа их ордог. Түүнийг даван туулж хэдэн секунд, хэдхэн доль байсан ч түүнийгээ амжилт гэж үздэг. Усан спорт цагийн спорт учраас хором мөч бүхэн үнэтэй байдаг. Тиймээс амжилт ахисан л бол урам зоригийг авдаг.

-Ямар ч спортод багш, дасгалжуулагч их чухал үүрэг гүйцэтгэдэг. Багшийгаа танилцуулаач?

-Миний анхны багшийг Н.Баярсайхан гэдэг, тухайн үед Төв бассейнд багшилдаг байсан бол одоо Баянгол дүүргийн шинэ усан спорт цогцолборт багшилж байгаа. Н.Баярсайхан багшийн удирдлага дор сэлж эхэлснээсээ хойш 2017 он буюу Спортын мастер хүртэл бэлтгэгдсэн. Миний одоогийн сэлэлтийн техникийн суурийг ч багш минь сайн, зөв тавьж өгсөн гэж боддог. Багш маань ОХУ-д мэргэжлийн сургуулийг усан спортын багш мэргэжлээр төгссөн. Тийм учраас надад зөв техникийг сургасан. 2017 оноос одоог хүртэл “Орчлон” клубийн дасгалжуулагч О.Баттулга, Э.Дэмүүл хоёр багшийн удирдлага дор ажиллаж байгаа.

-Томоохон тэмцээн уралдаанд оролцохдоо өөрийнхөө сэтгэл зүйг хэрхэн анхаарч бэлддэг вэ?

-Би Монголд ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцох үедээ илүү сандардаг. Учир нь усан спортын төлөөлөл дунд ихэнх хүн намайг мэдэж байгаа учраас бүх хүний нүд над дээр тусдаг. Б.Энххүслэн яаж уралдах бол, цаг нь ямар байх бол зэрэг, тиймээс их дарамт мэдэрдэг. Харин гадаадын тэмцээнд тэр олон хүн дунд намайг мэдэх хүн байхгүй учраас тайван оролцдог. Гэхдээ маш их сандарч байсан үе гэвэл “Токио-2020” олимпод оролцож байх үе юм. Тэр үед сэтгэл зүйгээ тайван байлгах гэж хичээсэн ч маш том даваа байсан учраас эхлээд сандралтай байсаар тэмцээнийг дуусгасан.

-Усан спорт дотроо олон төрөл, зайтай байдаг гэдэг. Та бүх төрлүүдээр хичээллэдэг гэсэн үү?

-Би далайн гахай сэлэлт, араар сэлэлт, мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлт гэсэн дөрвөн төрлөөр жигд хичээллэдэг. Үндсэн зайн төрөл маань 100 метр, 200 метрийн өврөөр даллах болон холимог сэлэлт. Холимог сэлэлт нь дөрвөн төрлөөр бүгдээр нь сэлэх юм. Одоогоор миний нэр дээр байгаа рекорд гэвэл 100 метр, 200 метрийн араар даллах сэлэлтээс бусад бүх рекорд байна.

-Усан спортод юу хамгийн чухал нөлөөтэй байдаг вэ?

-Усан спортод тэвчээр маш их чухал. Би өөрийгөө бусад хүмүүсийг бодвол их тэвчээртэй гэж боддог. Хэдий хүнд бэлтгэл орсон ч зарим хүүхдүүд дундаас нь болих, хаях үе олон бий. Миний хувьд надад хэцүү байсан ч заавал явж дуусгаж байж санаа минь амардаг, ямарваа нэгэн зүйлийн эцсийг нь хардаг. Би энэ спортоор хичээллэдэг учраас ийм зан чанарыг олж авсан ч байж магадгүй. Түрүүн хэлсэнчлэн амьсгалаа түгжих зэрэг хэцүү зүйл их тохиолддог, түүнийг давж чадах сэтгэлийн тэнхээ өндөр байх ёстой.

-Таны дүү Б.Энхтамир мөн ОУХМ, хамтдаа усан спортын дэлхийн аваргад оролцож олон амжилтын түүхийг бүтээж байсан шүү дээ. Төрсөн дүүтэйгээ хамтдаа усанд сэлэлтийн спортоор хичээллэх нь ямар байдаг вэ?

-Ер нь их гоё байдаг. Тэмцээн уралдаанд гэр бүлийнхээ гишүүнтэй хамт явах нь гоё байдаг. Дүүгээ жоохон байхад нь уралдаад гүйцдэг байсан бол одоо гүйцэхээ больсон. Нэг нэгнээрээ тоглоом шоглоом их хийдэг. Дүүтэйгээ хамтдаа усанд сэлэлтээр хичээллэх сонирхолтой байдаг шүү. Дүүгийн минь өөрийнх нь үндсэн төрөл өврөөр даллах сэлэлт учраас энэ төрлийн бүх зайн рекордыг эзэмшиж байгаа.

-Усанд сэлэх нь хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ. Ямар ач тустай вэ?

-Усанд сэлэх нь жирийн хичээллэж буй хүний хувьд усанд хамгийн багадаа 45 минутаас цаг 30 минутын хооронд сэлэх нь хөдөлгөөний дутагдалд эергээр нөлөөлж, ядаргааг тайлна. Зүрх болон тархины үйл ажиллагаанд маш сайн нөлөөлдөг. Тархины цусан хангамжийг их сайжруулдаг гэдэг. Тамирчин хүний хувьд бүх бие нь маш жигд хөгждөг спорт юм. Сэлэх үед оролцдоггүй биеийн хэсэг гэж байдаггүй учраас бүх бие ажиллаж, хөгждөг. Ер нь хүний биеийн бүх зүйлд л сайнаар нөлөөлдөг байх гэж бодож байна.

-Усанд сэлэлтийн спортоор хүүхэд хэдэн наснаасаа эхэлж хичээллэх нь хамгийн тохиромжтой вэ?

-Ер нь хүүхдийг бага наснаас нь л хичээллүүлэх сайн. Гэхдээ усанд сэлж сурахад хэзээ ч оройтохгүй. Харин мэргэжлийн тамирчин болъё гэж зоривол 4-5 наснаас нь эхэлж хичээллэх нь зөв байх гэж боддог.

-Тэмцээний үеийн хооллолт мөн чухал байдаг гэж сонссон. Хооллолтдоо хэрхэн анхаардаг вэ?

-Өмнө хэлсэнчлэн усан сэлэлтэд биеийн бүхий л хэсэг ажилладаг учраас биеэс маш их энерги зарцуулагддаг. Тэмцээнээс 3-4 хоногийн өмнө биедээ энерги, нүүрс усыг маш сайн нөөцлөх хэрэгтэй гэж хоол зүйч маань зааж зөвлөдөг. Мэдээж уураг хэрэглэнэ, гэхдээ тэмцээнээс гурван хоногийн өмнө багасгана. Нүүрс ус нь биед их энерги болж өгөөд энерги нь уралдааны үеэр зарцуулагдаж чадна гэсэн үг. Тэмцээнээс бусад үеийн хооллолт гэвэл хоол сайн иддэг.

-Энэхүү спортыг сонирхож буй хүүхдүүдэд юуг зөвлөх вэ?

-Миний баримталдаг нэг зарчим гэвэл ерөөсөө л чи өөрийнхөө хийж буй зүйлд дуртай байх ёстой. Эцэг эх болон бусад хүний ятгалгаар бус өөрөө тухайн зүйлдээ хайртай байх юм бол ямар ч нөхцөлд өөр арга зам олоод хийнэ шүү дээ. Тухайлбал, бассейн байхгүй байсан ч өөр арга олоод сэлнэ гэдэг шиг. Чи өөрөө л хийж буй зүйлдээ дуртай байх юм бол тухайн зүйлдээ амжилт гаргаж чадна.

-Манай улсын усан спортын хөгжил ямар түвшинд байна гэж хардаг вэ?

-Үнэнийг хэлэхэд, Монголд зөвхөн топ гэсэн спортын төрлүүдэд анхаарлаа төвлөрүүлж, дэмжээд байдаг. Мэдээж тэд маш сайн амжилтуудыг үзүүлж байгаа нь үнэн ч тэдний ард дэмжлэг үзүүлж буй учраас тэрхүү амжилтыг гаргаж чадаж байгаа байх гэж боддог. Усан спортын хувьд Монгол Улсын хэмжээнд дэлхийн стандартад нийцсэн нэг ширхэг ч бассейн байхгүй. Улаанбаатар хотын хувьд гэвэл бид Улсын аварга шалгаруулах тэмцээнээ хийе гэхэд хотод бассейн байдаггүй учраас үргэлж хөдөө орон нутагт тэмцээнээ зохион байгуулдаг. Ингээд харахад хөгжил ямар доогуур байгаа нь мэдрэгддэг. Ер нь бэлтгэл хийхэд бэлтгэлийн бааз маш чухал байдаг. Тухайлбал, би энд ирээд гурван сар болоход миний амжилт хамгийн дээд хэмжээндээ долоон секунд ахисан. Тэгэхээр бэлтгэлийн бааз, бүх зүйлээр нь хангаад өгвөл монгол хүнд чадвар нь байгаа юм байна гэдгийг мэдэрсэн. Тиймээс бэлтгэлийн баазтай болох нь чухал. Сүүлийн дөрвөн жилийн хувьд Монголын усан спорт өмнөхөөсөө хөгжиж байгаа. Саяхан олон улсын хэмжээний мастер цолыг 14-хөн настай хүүхэд хүртсэн. Монголд байдаг усанд сэлэлтийн клубүүд гадагшаа хувиараа багш нартай холбогдож, бэлтгэл сургуулилт хийх сургалтад хамрагдаж буй учраас тэр хэмжээгээрээ багш нарын ур чадвар ч нэмэгдэж байгаа болов уу.

-Тэгвэл бид цаашид усан спортыг илүү хөгжүүлэхийн тулд юуг хийвэл тохиромжтой вэ?

-Хамгийн эхэнд бэлтгэлийн бааз олонтой байх ёстой. Хоёрдугаарт, сайн сурган хүмүүжүүлэгч дасгалжуулагчийг бэлдэх хэрэгтэй. Хүүхдийг тамирчин болгох гэж буй бол багаас нь тамирчны суурийг нь зөв тавьж бэлтгэх ёстой. Сэлж сурч буй хүүхдүүд тусдаа, тамирчин болохоор зорьж буй хүүхдүүдийг мөн багаас нь тусад нь зөв системтэйгээр бэлтгэл хийлгэвэл амжилт гаргах нөөц нь илүү ихсэх байх гэж бодож байна.

-Та цаашид ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа вэ?

-Одоо Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авчихсан учраас арванхоёрдугаар сард болох Австралийн Мельбурн хотод зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Мөн миний Дэлхийн усны спортын холбоо (FINA)-ны тэтгэлэг ирэх жилийн долдугаар сард дуусна, дуусах үед нь дахин тэтгэлгээ сунгах зорилготой байна. “Парис-2024” зуны олимп хүртэл гадаадад бэлтгэлээ хийх нь хамгийн зөв шийдвэр гэж бодоод байгаа. Тэгэхээр ямар ч байсан “Парис-2024” Зуны олимп хүртэл гадны ямар нэгэн улсад бэлтгэлээ үргэлжлүүлэн хийх төлөвлөгөөтэй байна даа. Өөрийн амжилтаа ахиулаад байвал аль болох сунгагдах байх гэсэн найдлага тавьж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *