Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

П.Сайнзориг: Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад орж ирээд дампуурлын эрх зүйн орчныг хардаг dnn.MN

Хууль зүйн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригтой ярилцлаа.


-Бизнесийн эрх зүйн орчинг дэмжих хуулийн төслүүд эхнээсээ өргөн баригдаад явж байна. Бизнесийн орчинг эрүүл байлгахад өнөөдөр ямар ямар хууль үгүйлэгдэж байна вэ?

-Энэ бол чухал сэдэв. Монгол Улсад бизнесийн эрх зүйн орчныг сайжруулж байж хөрөнгө оруулалтыг татах, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн бизнес хоорон дахь итгэлцэл нэмэгдэх чухал ач холбогдолтой. Эдийн засгийн өсөлтийг дэмжихэд Засгийн газар болоод Хууль зүй дотоод хэргийн яамнаас онцгой анхаарч байна. Энэ чиглэлдээ олон хуулийн төслийг өргөн барьсан. Заримыг нь өргөн барихаар ажиллаж байна. Өргөн барьсан хуулиудаас хэрэгжиж байгаа нь Бүртгэлийн багц хууль, Цахимын багц хуулиуд байна. Тодорхой хэмжээнд бизнесийн эрх зүйн орчинг сайжруулахад нөлөөтэй. Цахимын багц хуулиас цахим гарын үсгийн хууль байна. Өнөөдөр цахим гарын үсгийн олголт 400 мянга руу дөхөж байна. Цахим гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд Цахим хөгжлийн яам, Хууль зүйн яам, УБЕГ хамтран ажиллаж байна. Банк, хувийн хэвшлээс цахим гарын үсгээрээ заавал банк дээр очихгүйгээр зээл болон бусад банкны үйлчилгээг авах боломж тун удахгүй нээгдэнэ. Хувийн хэвшлүүд цахимаар гэрээ хэлцлүүдээ хийгээд эхэлсэн байна. Цаашдаа улам нэмэгдэх байх. Өргөн барьчихаад байгаа бизнесийн эрх зүйн орчныг дэмжиж байгаа хууль гэвэл Дампуурлын хууль байна. Хуулийн этгээдийг дампууруулах гээд байна уу, татан буулгах гээд байна уу, татвар төлөгчдийн мөнгөөр хариуцлагыг нь үүрэх гээд байна уу гэх зүйл яригддаг. Энэ бол огт тийм биш. Татвар төлөгчдийн мөнгөөр харин хариуцлага хүлээлгэхгүй байхын тулд Дампуурлын хууль эрх зүйн орчин яригддаг. Дампуурал буюу төлбөрийн чадваргүйн ажиллагааг сайжруулснаараа тухайн бизнес амжилтгүй тодорхой санхүүгийн эрсдэлд ороод ирлээ гэхэд бүр юу ч үлдэхгүй болохоос нь өмнө арга хэмжээ авч тухайн бизнесийг аварч үлдэхэд чиглэгдэж байгаа гэсэн үг. Ашиггүй болж байгаа салбарыг нь зарах юм уу, зарим хэсгийг нь татан буулгах юм уу, эсхүл компанийн захирлыг нь сольж үзэх юм уу, хөрөнгө оруулагчдын өр төлбөрийг нь төлөх дэс дарааллын хуваарьт нь өөрчлөлт оруулах гэдэг ч юм уу. Ингээд бизнесийг ажлын байрыг нь авч үлдэх тэнд итгээд оруулсан хөрөнгөө зээл өгсөн ААН, байгууллагуудын эрх ашгийг яаж хамгаалах вэ гэдэг л асуудал байгаа юм. Энэ чиглэлд бид зайлшгүй анхаарах шаардлагатай. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад орж ирээд дампуурлын эрх зүйн орчныг хардаг. Хөрөнгөө оруулчихаад ямар шат дараагаар маргаан үүсгэсэн тохиолдолд эргүүлж авдаг юм бэ. Санхүүгийн нөхцөл байдал муудаад ирвэл нэхэмжлэх гаргахад татварын дараа авдаг юм уу, НДШ-ийн дараа авдаг юм уу гэх дэс дарааллуудыг харж байж оруулах хөрөнгийнхөө эрсдэлийг тодорхойлдог. Энэ бол маш чухал хуулийн төсөл. Бид Монгол Улсад бизнесийн хөрөнгө оруулалтыг татъя гэвэл хууль эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Дараагийн бизнесийн эрх зүйн орчиндоо өргөн барьсан хуулийн төсөл бол Төрийн болон орон нутгийн өмчит компанийн хууль. Төр бизнесийн байгууллагатай өрсөлдөхгүй байх, бүхий л салбар дээр бизнес хийдэг үйл ажиллагааг хязгаарлая гэж байгаа. Төрийн өмчит компаниудыг тойрсон авлига, ил тод бус байдлыг халъя гэж байгаа юм. Дээрээс нь Төрийн өмчит компаниудын улс төрийн намын томилгоот хүмүүс очдогийг болиулах буюу ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захирал дээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулах, нээлттэйгээр олон нийтийн хяналттайгаар сонгох чиглэлд түлхүү анхаарна.

-Зах зээлийн эдийн засгийн харилцааны нэг үзэгдэл болох дампууралтай холбоотой асуудлыг хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгосноор хуулийн этгээд болон иргэд, хөрөнгө оруулагчдад ямар давуу талууд үүсэх вэ?

-Бизнесийн орчин эрүүл байгаа газарт дампуурлын хууль зүйн орчин ажиллаж байдаг. Манайд хуулийн этгээдийг байгуулахад амархан. Гэтэл бизнесээс гарах буюу тэр эрсдэлийг хуваарилах асуудал маш тодорхойгүй явж ирсэн. Өнөөдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр өр төлбөрт орчихсон байгууллагуудын 40 орчим хувь нь аль хэдийнэ дампуурчихсан компаниуд дээр төлбөрийн шийдвэр гараад байгаа юм. Энэ нь хэзээ ч төлөгдөхгүй байх магадлалтай болчихоод байгаа юм. Ер нь аливаа этгээдэд бизнесийн эрсдэлийг хуваарилах, оруулсан хөрөнгө бүр заримдаа амжилтгүй байдаг. Тэгэхээр оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр эрсдэлээ үүрэх байгаа хөрөнгийг байхгүй болтол нь харах биш. Үүнийг аварч үлдэх талаас нь арга хэмжээ авах шаардлагатай. Өрийн сүлжээ гэх зүйлийг цаашдаа байхгүй болгох, бизнес эрхлээд амжилтгүй болсон ч хоёр дахь боломж гэж зүйл байгаа. Энэ боломжийг гаргаж өгөх ч гэдэг ч юмуу олон талын ач холбогдолтой. Энэ хууль эрх зүйн орчныг сайжруулж байж хөрөнгө оруулалтыг татах иргэд, ААН, байгууллагууд бизнесээ өргөжүүлэх, бизнесийн эрүүл зарчмаар бизнесийн эрсдэлийг ойлгож хуваалцах хамтарч ажиллах нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Бизнес гэдэг бол хариуцлагын асуудал. Өнөөдөр Монголд шүүхээр орсон ч өр төлбөр нь барагдахгүй. Мөнгө төгрөгөө алдчихаад байхад дампуурлын хэрэг үүсэхгүй яваад байхаар нээлттэй компани болж өгдөггүй. Компаниуд маань гэр бүлийн орчинд найз нөхдийн хэмжээнд компани яригддаг. Энэ бүх зүйл цэгцрээд ирвэл бизнес маань нэлээд өргөжинө. Эргээд бизнесийг ёс зүйтэй хийнэ. Миний хөрөнгө гэдэг байдлаараа компанийн захирлууд орж ирсэн орлогоо хувийн хэрэгцээнд зарцуулдаг байдал алга болно. Эсвэл тодорхой үнэтэй активуудаа санаатайгаар дампууруулах ажиллагаа хийж өөр компаниуд руу шилжүүлж байгаад тэр компанийг дампууруулаад орхидог энэ бүх зүйлийг байхгүй болгох юм.

-Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг эргэж харах шаардлага үүсэх үү?

-Зөвшөөрлийн хууль зүйн эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлдээ илүү анхаарах ёстой. Дээрээс нь тодорхой хэмжээнд орон нутаг яамдуудаас олгож байгаа уялдаа холбоог сайжруулах шаардлагатай. Бидний нэгээхэн бэрхшээлтэй асуудал юу гэхээр орон нутгийн эрх хэмжээний асуудал. Чиг үүрэг нь тодорхойгүй. Орон нутаг нь төв засгийн газраас олгосон лиценз зөвшөөрлийг эсэргүүцдэг. Тэнд нь үйл ажиллагаа явуулж байгаа этгээдүүдэд халддаг. Иргэд, олон нийтийн байгууллага тодорхой бизнесийн төслүүдийг шүүмжилж болно. Шүүмжиллээ гэхэд хуулийн хүрээнд л шүүмжилж эсэргүүцэх ёстой. Гэтэл зөрчилдөөнт байдал руу орж үүнийгээ тэмцэж байна, газар нутгаа хамгаалж байна гэдэг. Энэ нь эргээд хуулийн хариуцлага хүлээлгэх болчихдог. Аливаа төслүүд дээр хуулийн дагуу байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Тухайн бизнесийн үр өгөөж нь орон нутагтаа үлдэх, төслийн ач холбогдлыг орон нутагт ойлгуулах зэрэг асуудал бидэнд дутагдаж байна. Энэ чиглэлд Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар ажиллаж байна. Түүнчлэн ХДХЯ-наас өргөн барьсан Зөвшөөрлийн хууль 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. 1500 орчим зөвшөөрлийг 360 болгосон. Зөвшөөрөл олгох процессыг ил тод болгох, хөнгөн болгох хараат бусаар хэрэгжүүлэх бололцоог бүрдүүлж байна. Зөвшөөрлийг цахимаар олгоно, сунгана. Энэ хууль маань хэрэгжсэнээр авлига албан тушаалаас хол бизнесийн эрх зүйн орчинг бүрдүүлэхэд томоохон түлхэц өгөх болов уу гэсэн хүлээлттэй байгаа.

-Шүгэл үлээгчдийн хууль матаасчдыг дэмжсэн хууль болчихвий гэх зүйл яригдаж байна. Шүгэл үлээгч, матаасчид хоёрыг хэрхэн ялгах вэ?

-Аливаа этгээдийг сүрдүүлсэн болгон шүгэл үлээж байгаа этгээд биш. Өмнө нь хувийн өс хонзон, улс төрийн зорилгоор үзэл суртлын улмаас матаас бичдэг зүйл байсан. Шүгэл үлээж байгаа асуудал нь зөвхөн нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээж байгааг хэлж байгаа юм. Үүгээрээ ялгаатай. Түүнээс биш хэн нэгнийг матах зүйл огтоос биш.

-Манай сонин “Засаатай эмээ нар буюу Монголын хошин урлаг” гэсэн нийтлэл анх бичиж нийгэмд цочроо өгч байсан. Энэ бол урлаг биш, харин доромжлол юм гэсэн шүүмжийг нийгэмд эхлүүлсэн. Таны оруулсан пост соёлын гамшигийг шинэ залуу үе мэдэрч, эхнээсээ цочиж, төрийн зүгээс байр сууриа илэрхийллээ гэж хүлээн авсан.

-Манай соёл урлаг ёс зүйтэй, өөрийн гэсэн урлагийн философитой, урлагийн жанр төрлөөсөө хамаараад үндсэн чиг үүргээ илүү томруулж харагдуулах хэрэгтэй байгаа юм. Нийгмийн болох болохгүйг урлагаар дамжуулж шүүмжлэх чөлөөтэй. Гэтэл зарим уран бүтээлүүд нийгмийг жижиглэх, хагалах, бутаргах бусад онцлогтой байгаа хүмүүсээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь эргээд хүний эрхийг зөрчиж байгаа зүйлсдээ хэвийн мэт хандаж болохгүй ээ л гэсэн санаагаар өөрийн хувийн цахим хуудаснаа бичсэн. Түүнээс биш аливаа нэг этгээдийг нэр зааж шүүмжлэх, доромжлох зүйл огт байгаагүй гэдгийг энд хэлэх нь зүйтэй байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *